2017.11.20

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хойд Солонгосыг зорилоо

УИХ-ын гишүүн О.Баасанхүү долоо хоногийн хугацаатайгаар албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Хойд солонгосыг зорьлоо. Тэрээр твиттер хуудаснаа "За 7 хоног Хойд Солонгост бүлгийн албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр явах гэж байна. Сайн сууж байгаарай" хэмээн жиргэсэн байна.

О.Баасанхүү гишүүн бол Хойд Солонгос - Монголын парламентын бүлгийн дарга. Өнгөрсөн долоо хоногт Б.Хурцыг элчин сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Хойд Солонгосын хойгийн асуудлаар албан ёсны айлчлал хийх гэж байгаагаа дурдсан. 

Тэрээр: "Би УИХ-ын гишүүний хувьд хэнтэй ч уулзана. Хойд Солонгос-Монголын парламентын бүлгийн гишүүний хувьд надад өнгөрсөн жил гомдол өгсөн. Энэ жилийн хувьд би албан ёсоор төрийн айлчлал хийх гэж байгаа юм. Солонгосын хойгийн нөхцөл байдал хүнд байгаа үед үүнийг тухтай ярья гэсэн юм. Солонгосын хойгт тусгай байгууллагынх нь тэргүүн очих гэж байхад бид энд хүн алсан алуурчин гээд яриад сууж байна. 

Хойд Солонгостой бид найрамдалт харилцаа тогтоогоод ирэх онд 70 жилийн ой тохиох гэж байна. Үүнд гадаад харилцааны ямар бодлогоор ажиллах вэ? Ирж болохгүй, явж болохгүй, олон улсын хориг гээд л.. Гэтэл хоёр орны 70 жилийн түүхийг яах юм бэ?" гэсэн юм.