Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Өнөөдөр үдээс хойш УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд “Монгол Улсын Засгийн газрын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар өргөн барилаа.
УИХ-аас 2000 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь өнөөг хүртэл шүүмжлэл дагуулж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаар байгуулагдсан тухайн үеийн Засгийн газрын бүрэлдэхүүний талаар үзэхэд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг ямар нэг хязгаарлалтгүйгээр нээж өгснийг засч залруулах шаардлагатай гэж үзсэн байна. Ингэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар бус төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг алдагдуулахгүйгээр үндсэн хуульчилсан хууль болох Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулахаар шийдвэрлэх боломжтой гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн төсөл нь хоёр зүйлтэй. Нэгдүгээр зүйлд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн арван долдугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс дээшгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно” гэсэн өгүүлбэр нэмэх, Хоёрдугаар зүйлд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах энэхүү хуулийг дагаж мөрдөх хугацааг тодорхойлж өгнө.
Уг хуулийн төслийг баталснаар засаглалын байгууллагуудын хоорондын хяналт, хариуцлага бүхий зохистой харилцааг төлөвшүүлэх чиглэлээр Үндсэн хуулийн үзэл санааг улам боловсронгуй болох ач холбогдолтой хэмээн хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаагаа илэрхийлсэн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.