Япон Улсын Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзлаа
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван саналыг онцлон хөндөж ярьсан юм.
Нэгд, Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудлын ажлыг түргэвчлэх нь зөвхөн хоёр орны харилцааны асуудал төдийгүй хоёр талын хооронд аялал жуулчлал, эдийн засгийн салбарыг өргөжүүлэн тэлэх нэг боломж юм гэдгийг онцлов. Мөн Говь үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нэгэн адил бас нэг томоохон үйлдвэртэй болохыг хүсдэг гэлээ.
Хоёрт, 458 км урт шинэ төмөр замын асуудал нь Монголын эдийн засгийг хөгжүүлэх стратегийн төмөр зам юм. Монголчууд арьс шир, ноос, ноолуур, алт, зэс, жонш, нүүрс, бусад түүхий эдээ түүхийгээр нь ганц зах зээлд гаргадаг. Тиймээс боловсруулах салбарт илүү анхаарах хэрэгтэй байна. Говь үйлдвэр шиг хоёр үйлдвэртэй бол ноолуураа 100 хувь дотооддоо боловсруулах боломжтой.
Гуравт, уул уурхайн салбарт Японы томоохон компани оруулж ажиллуулах боломжтой гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ба Япон Улсын Элчин сайд М.Такаока
Хоёр орны хооронд дипломат харилцаанаас гадна ард түмний харилцаа чухал. Монголчууд сумо, жудо бөхөөр амжилт гаргаж, хөгжүүлж байгаа нь ард түмний харилцааны нэг гол тулгуур багана юм гэдгийг Элчин сайд М.Такаока тэмдэглэв.
Тэрээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналуудыг Японы холбогдох хүмүүст уламжлахаа илэрхийлж, өнөөгийн хүрсэн түвшнээс харилцаагаа улам өргөжүүлэх тал дээр санал нэг байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн үр дүнг олон нийтэд харуулж ажиллах нь чухал гэлээ.