Тийзний үнийг бууруулах санал боловсруулах үүрэг өгөв
2017.10.24

Тийзний үнийг бууруулах санал боловсруулах үүрэг өгөв

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарын удирдлагуудтай уулзаж, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа ярилцаж, үүрэг чиглэл өгч байна.

Тэрээр өнөөдөр Төмөр зам, далайн тээврийн бодлогын асуудал хариуцсан удирдлагуудтай уулзсаныхаа дараа Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Иргэний нисэхийн салбар дахь өнөөгийн байдлын талаар тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, МИАТ ТӨХК-ийн захирал Т.Тамир, НТОЗШША-ны дарга Д.Оюунболд болон албаны бусад хүмүүс сайдад танилцуулга хийв.

МИАТ компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, зарим улс орнуудтай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэ түвшинд гаргаж, сайжруулах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо. Мөн Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх асуудал тулгамдаад байгаа талаараа танилцуулав.

Салбарын сайд дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгч, санал боловсруулж танилцуулахыг үүрэгдлээ.

Мөн МИАТ ТӨХК-ийн зорчигчийн билетний үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлж, санал боловсруулж танилцуулах чиглэл өгөв.

Сайд Ж.Бат-Эрдэнэ

“Орон нутгийн нисэх буудлуудыг үр ашигтай ажиллуулж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Агаарын тээврийн салбарыг аялал жуулчлалыг дэмжих чиглэлд идэвхитэй ажиллах нь зүйтэй” гэлээ.