Л.Болд: Экспогийн үр дүнд ААН-үүд хоорондын холбоо бэхжиж, бизнесийн чухал хэлцлүүд хийгдэнэ
“Монгол Улс – БНХАУ-ын ӨМӨЗО, Хонконгийн Худалдаа, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хэлэлцүүлэг” 2017.09.26 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот
2017.10.02

Л.Болд: Экспогийн үр дүнд ААН-үүд хоорондын холбоо бэхжиж, бизнесийн чухал хэлцлүүд хийгдэнэ

Есдүгээр сарын 26-30 ны өдрүүдэд “Монгол-Хятадын Хоёр Дахь Удаагийн Экспо”-г ӨМӨЗО-ын Хөх Хотод боллоо. Экспод Монголын талаас 383 аж ахуйн нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаагийн дээр 40 гаруй орны төлөөлөл, ОХУ улс зочин орноор оролцлоо.

Түүнчлэн манай улсын төлөөлөгчид есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болсон салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдэд оролцсон. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол-Хятад-Оросын худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн өндөр түвшний уулзалт”, “Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Хонг Конгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг”-ийг нээж үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгээс онцлон хүргэж байна.

“Монгол-Хятад-Оросын худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн өндөр түвшний уулзалт”

Худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны өнө удаан жилийн түүхэн уламжлалтай, найрсаг харилцаатай мөнхийн сайн хөршүүд болох манай гурван улсын хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн үе шат, дэвшлийг даган өөрчлөгдөж, өргөжин хөгжсөөр байна.

ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Энэ бодлогыг манай улсын үе үеийн парламент, засгийн газар тууштай баримталж ирсэн.

Стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хөгжиж буй гурван улсын харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлдэг. Хоёр тал болон гурван талын шугамаар хэрэгжүүлэхээр ажиллаж буй томоохон төсөл, арга хэмжээ олон байгаа нь цаашдын хамтын ажиллагааны төлөвийг тодорхойлж байна.

Эдүгээ манай гурван улс эдийн засгийн хөгжлийн гол стратеги болох Монгол Улсын “Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулан хэрэгжүүлэхийг зорьж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа.

Эдийн засгийн коридорын зорилго нь гурван улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцлийг бий болгох явдал юм.

“Эдийн засгийн коридор”-т хамтын ажиллагааны 7 үндсэн салбарт олон чиглэлийн хамтын ажиллагаа хөгжүүлэхээр тусгасны зэрэгцээ хэрэгжүүлэх боломжтой 32 томоохон төслийг тодорхойлсон. Эдгээр төслийг бодитойгор урагшлуулах  гол хөдөлгөгч хүч нь гурван улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч та бүхэн билээ. Эдгээр төслийг бодитойгор урагшлуулах  гол хөдөлгөгч хүч нь гурван улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч та бүхэн билээ.

Та бүхнийг гурван улсын төдийгүй бүс нутгийн хөгжил дэвшид тустай эдгээр төслүүдэд ач холбогдол өгч хамтран ажиллахыг уриалж байна.

Гурван улсын худалдаа аж үйлдвэрийн танхимууд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд оролцох хамтарсан төлөвлөгөө гарган ажиллахыг санал болгож байна.

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр цаашид ч анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ авна.

Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Та бүхний санал санаачлагыг дэмжин, гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад онцгой анхаарах болно.  

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт”-ыг гол сэдвээ болгон хэлэлцэх “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн Экспо”-гийн арга хэмжээ хоёр болон гурван талын хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө,  гурван улсын ард түмэн, бизнес эрхлэгчдийн хоорондын найрсаг, түншийн харилцааг улам бэхжүүлж, сайн хөрш, сайн түншлэл батжихад ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. 

“Монгол-Хятад-Оросын Худалдаа, Аж Үйлдвэр Эрхлэгчдийн Дээд Түвшний Уулзалт” 2017.09.26 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот

Дээд түвшний уулзалтад ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Чан Жюньжөн, ОХУ-ын Буриадын БНУ-ын Эдийн засгийн яамны Аялал жуулчлалын хорооны дэд дарга С.Е.Мухина, Хятад-Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүлэгч, “Или Ресурс” группийн ТУЗ-ын дарга Ван Вэнвбяо, ОХУ-ын Буриадын БНУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгч П.Эртанов, Хятад-Монголын Бизнесийн зөвлөлийн дэд тэргүүлэгч, “Бугатын ган төмөрлөг Групп” ХХК-ын ТУЗ-ын дарга Чан Вэйшюань нар оролцсон юм.

“Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, Хонг Конгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцүүлэг”-ийг нээж хэлсэн үг

БНХАУ нь сүүлийн 10 гаруй жилийн туршид манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулалтын томоохон түншүүдийн нэг байж ирсэн.

2017 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар Монгол-Хятадын худалдааны эргэлт 4.4 тэрбум ам.долларт хүрч, манай улсын гадаад худалдааны 64.4 хувийг бүрдүүлсэн.

1990-2017 оны хооронд БНХАУ-аас нийт 5.1 тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалт орсон нь  манай улсад орсон нийт хөрөнгө оруулалтын 27.2 хувийг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 112 улсаас 2 дугаарт орсон,  БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд нийт бүртгэгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 50 орчим хувийг бүрдүүлсэн байна.

Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүсийн аж ахуйн нэгжүүд 1990-2016 оны хооронд Монгол Улсад 190 компани байгуулж, 313 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд компаний тоогоороо 9 дүгээрт, хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ 11 дүгээрт орж байна. 

Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд ӨМӨЗО онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн. Хоёр улсын худалдааны 70 орчим хувь нь тус ӨЗО-аар дамжин хийгддэг, Монгол-Хятадын хилийн 13 боомтын 9 нь тус ӨЗО-ны нутаг дэвсгэр дээр байдаг нь ч үүний тод жишээ юм.

Манай улсын зүгээс ӨМӨЗО болон Хонг Конгийн Засаг захиргааны онцгой бүстэй худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд энэ ч үүднээс өөрийн ЕКГ-уудыг байгуулан ажиллаж байна. 

Монголын төр, засгаас эрдэс баялгийн нөөц, уул уурхайн түүхий эд дээр тулгуурласан аж үйлдвэрийн цогцолбор, тухайлбал, хар металлургийн үйлдвэр, газрын тос боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, барилга, эрчим хүч зэрэг салбарт томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагыг тавьж байна. 

Уул уурхайн салбараас хараат байгаа нь Монгол Улсын эдийн засгийн  сул тал гэдгийг бид ойлгож эдийн засгийн хөгжилд хөшүүрэг болохуйц нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, УИХ-аас батласан Аж үйлдвэрийн бодлогын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Манай улсад 70 орчим сая мал бүхий хөдөө аж ахуй, байгалийн гаралтай жинхэнэ органик бүтээгдэхүүн бүхий хүнсний үйлдвэрлэл, асар их нөөц бүхий сэргээгдэх эрчим хүч, өсөн дэвшиж буй банк санхүүгийн салбар, хэрэгцээ шаардлага нь ихэссэн эрүүл мэндийн салбар, үзэсгэлэнт, түүхт байгаль орчинд суурилсан адал явдалт аялал жуулчлалын салбар, асар хурдтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбар, өндөр ашиг бүхий дэд бүтцийн салбар зэрэг маш олон салбаруудад бизнесийн боломжууд бий. 

Монгол Улсын Их хурал, Засгийн газрын зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгох, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр цаашид ч анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээ авна.

Уул уурхайгаас бусад салбарт оруулах, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих болно.

Мөн манай улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих хүрээнд нийслэл Улаанбаатараас алслагдсан аймаг, хотуудад оруулах хөрөнгө оруулалтыг дэмжиж, тодорхой хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж буйг та бүхэн анхааралдаа авахыг хүсье.  

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд төр, засгийн байгууллагуудын уялдаа, хамтын ажиллагаа чухлын зэрэгцээ хамгийн гол нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцаа шийдвэрлэх үүрэгтэй.

Тус Экспо-гийн хүрээнд зохиогдох хурал форум, үзэсгэлэн яармагийн үр дүнд аж ахуйн нэгжүүд хоорондын хэлхээ холбоо бэхжиж, бизнесийн чухал хэлцлүүд хийгдэнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.