Хүүхдийн мөнгө олгох эсэхийг 10 сард шийдвэрлэнэ
2017.09.22

Хүүхдийн мөнгө олгох эсэхийг 10 сард шийдвэрлэнэ

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаас үүдэн хүүхдийн мөнгийг 60 хувьд олгох шийдвэр гарсан. Энэ дагуу зорилтот бүлгийн хүүхүүдийн мөнгө л төсөвт суулгаад байсан юм.

Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх хүүхдэд олгохоор болж, төсөвт суулгасан байсан 48,6 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөний нөхөн олголтод зарцуулж дуусгажээ. Үүнээс үүдэж есдүгээр сард хүүхдийн мөнгө олгох санхүүжилтгүй болсон байна.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: “Төсөвт батлагдаагүй эх үүсвэрээс улс төрийн зорилгоор хүүхдийн мөнгийг олгосон. Одоо санхүүжилтгүй болсон. Тиймээс УИХ яаралтай ээлжит бус чуулган зарлаж хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэх ёстой” гэжээ.

Харин Сангийн яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа: “Одоогоор хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор тусгасан. Цаашдаа мэдээж Засгийн газар, УИХ-аар олгох эсэхийг шийдээд явна” гэжээ.

Өөрөөр хэлбэл аравдугаар сард хуралдах УИХ-ын ээлжит чуулганаар ирэх оны төсөвт тодотгол хийж байж хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох юм. Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнгийн хэлснээр есдүгээр сарын хүүхдийн мөнгийг олгохын тулд 110 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж.