С.Эрдэнэ: Ардчилсан намд МАН-аас ямар нэгэн санал ирээгүй
АН-ын дарга С.Эрдэнэ
2017.08.28

С.Эрдэнэ: Ардчилсан намд МАН-аас ямар нэгэн санал ирээгүй

АН-ын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Монгол улсын нийгэм эдийн засагт бодит дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хямралын уг үндэсийг зөв тодорхойлох  нь чухал байна. Үүнийг яаж шийдэх вэ гэдэг чухал болохоос аль нэг Засгийн газар огцрох эсэх нь чухал биш. Манай УИХ дахь АН-ын бүлгийн байр суурь ийм л байна.

Эрх баригчид Засгийн газраа өөрчилж солих нь тэдний дотоод асуудал. Бид өнөөдөр Засгийн газарт бус ард түмний эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг дээр санаа зовж байна. Хэд хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хүргүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.

Өнгөрсөн зун ямар болов. Өвөлжилтөндөө эртхэн бэлдэхгүй бол зуд болох магадлал өндөр байна. Мөн өр ширийн асуудал байна. Уг нь өнөөдрийн төлөх гээд байгаа өрийн хэмжээ тийм том асуудал биш юм. Манайх шиг байгалийн баялагтай улсад байдаг л өрийн хэмжээ. Харамсалтай нь байгалийн баялагийн хуваарьлилт байгаа шударга биш байна. Оюутолгой дээр жишээ авахад өдөрт, жилд олборлож байгаа баялаг нь тодорхой бус байна.

Үүнийг тодорхойлж байгаа нэг ч байгууллага алга. Бидний авсан мэлдээллээр гурван төрлийн тайлан гаргаж байна гэж байна. Гэтэл өнөөдөр бидэнд тэдний гаргаж өгсөн тайлангаас өөр мэдээлэл алга. Ийм байдалтай цаашид яваад байх юм уу.  Тэр уурхай хэнийх вэ, баялаг нь хэнийх вэ. Уг нь Монгол улс тэр уурхайгаас гарч байгаа баялаг болгоныг нэг тооны зөрүүгүйгээр мэдэж байх ёстой. Тэгж байж бодит тайлан тооцоо гарна. Зөв хуваарилалт хийнэ.

Хэрэв ийм байдлаараа удвал байгалийн баялагаа хүнд ашиглуулаад байвал улс эх орон жинхэнээсээ дампуурал руу явна. Үүний тулд уул уурхайн засаглалаа сайжруулах хэрэгтэй байна. 30 гэр бүл хагартлаа баяждаг, 3 сая монголчууд ядуу амьдардаг цагаасаа бид гарах цаг болсон. Одоо цаашид олон ордуудыг ашиглах талаар яриад хэлэлцээд явж байна. Үнэхээр энэ байдлаараа байвал бид уул уурхай дэмжих шаардлагатай ч юм уу үгүй юм уу.

- Таны хэлдэгээр эдийн засаг хүнд байна. Ийм хүнд үед Засгийн газрын тогтвортой байдал чухал уу?

Аливаа ЗГ-ын талаар яриад эхлэхээр тогтвортой байдлын тухай асуудал хөндөгддөг. Сүүлийн 7 хоног хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ талаар их ярьлаа. Гэвч өмнө нь үүнийгээ ярихгүй яасан юм бэ. Өмнө нь үр ашигтай бодлогуудаа хэрэгжүүлж байхгүй яасан юм бэ. Жил гаруйн хугацаа өнгөрч байхад Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар юу хийв. Хүүхдийн мөнгө хасагдлаа, тэтгэврийн насыг нэмлээ, долоон төрлийн татвар нэмлээ.  Дандаа ард түмэн, соногогчдын эсрэг үйл ажиллагаа явууллаа. Иргэдийнхээ эрх зүйн боломжийг дээрдүүлсэн нэг ч алхам хийж чадаагүй. Энэ зөв юм уу. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэд үүнд нь дүгнэлт хийлээ. Хэрэв ухаантай бол зөв үйлдэл хийгээд явах нь тэдэнд ашигтай болов уу.

АН-ын хувьд аль нэг Засгийн газрыг огцруулах нь бидний гол зорилго биш.  Үнэмлэхгүй олонх байгаа намын хувьд Засгийн газраа хэд огцруулж, солих нь тэдний өөрсдийнх нь асуудал. Манай намын оролцоогүйгээр асуудлаа шийдэх эрх мэдлийг сонгогчид өгчихсөн. Энэ том эрх мэдлийг яаж удирдаж авч явах нь тэдний л асуудал. Харин манай намын хувьд нийгэм эдийн засгийн зөв бодлого явуулаасай, зөв алхам хийгээсэй л гэж хүснэ.

Аль нэг Засгийн газрыг огцруулах тал дээр ура хашгираад алга ташаад явах шаардлага бидэнд алга.  Ганц нэг сайдын суудал авах ч юм уу бидэнд ашигтай нөхцөл бололцоог байх эсэхийг бид хараагүй. Хүчтэй сөрөг хүчин байх, шүүмжлэлийг зөв явуулах тал дээр л бид анхаарлаа хандуулна.   УИХ дахь АН-ын бүлэг энэ талаар хуралдана. Нэгдсэн байр суурь илэрхийлнэ. Одоогоор АН-д ч тэр, бүлэгт ч тэр ямар нэгэн санал ирээгүй байна.