Батлан хамгаалахын сайдын мэндчилгээ
2017.07.07

Батлан хамгаалахын сайдын мэндчилгээ

Монгол төрийн ариун гал голомтыг үеийн үед манаж, тусгаар улсаа туургалан хамгаалж ирсэн тэнгэр заяат, босоо хийморьт офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч, ажилтан алба хаагчид, тэдний гэр бүл, цэрэг эрсээ хайрлан хүндлэн дээдэлдэг иргэн Та бүхэндээ Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ой Үндэсний их баяр наадмын гал халуун мэндийг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, өөдрөг гэгээн бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Дэлхийд ганцхан монгол түмний аугаа их баяр наадам ир нь ханасан алтан тууртын хийморийн тоосонд, бяр нь амтагдсан аварга хүчтэнүүдийн дэвээнд өндөлзөж, цэц нь жигдэрсэн эрхий мэргэдийн уухайнд омогшиж, дэлгэр сайхан эхэлж байна.

Хөдөлмөрч, бүтээлч цэргийн алба хаагчдын маань амжилт, зүтгэлийг төр, түмэн маань үнэлэн дэмжиж байна. Зэвсэгт хүчнээ бэхжүүлэх, өргөжүүлэхийн төлөө, хөгжил дэвшлээ урагшлуулан ахиулахын төлөө, Монголынхоо нэрийг дэлхийд сайнаар гаргахын төлөө манай алба хаагчид, энхийг сахиулагчид идэвхийлэн ажиллаж байна. Монголын нэр хүнд, сайн үйлс дэвжин дээшилж, дэлхийн сонорыг мялааж байна. Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн Та бүхний хүч, хөдөлмөрийн үр дүн гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Батлан хамгаалахынхан бид түүхт ой давхацсан энэ онд амжилт, бүтээлээр дүүрэн байна. “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-т нийцүүлэн “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулиуд шинэчлэгдэн батлагдлаа. Энэ бол Батлан хамгаалах тогтолцоог шинэчилсэн, Зэвсэгт хүчнийг хууль эрх зүйн шинэ орчныг бүрдүүлсэн томоохон ажил боллоо. Товчоор дүгнэж хэлэхэд, Зэвсэгт хүчнийг цаашид хөгжүүлэх төрийн бодлого ч шинэчлэгдлээ, хөгжлийн стратеги ч шинээр гарлаа, Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр ч Засгийн газраар батлагдан гарлаа. Нэг үгээр хэлбэл Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх бодлогыг Монгол Улсын төр, засаг хууль тогтоомжоороо зарлан тунхагласан. Батлан хамгаалахын хууль, эрх зүйн шинэчлэл эрчимтэй хийгдэж, алба хаагчдын нийгмийн хамгааллын нөхцлийг сайжруулж, зэвсэг, техникээ шинэчлэх, сэргээн сайжруулахаас эхэлсэн олон бүтээн байгуулалтын ажлыг дурдаж болно. 

Монголчууд бид наадмаараа бэлгэтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шасдираа хүндэтгэж, нийтийн ололт амжилтаараа бахархан баярладаг. Азай буурал ахмадууд, хойч үеийн хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид гээд үе үеийнхний хамтын их баяр цэнгэл бол өнөө эхэлж буй улс үндэсний маань их баяр юм. Энэ цаг мөчид тэнгэр газраа баясган, түм бумаараа баярлан наадмаа эхлүүлж байгаа офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчид болон нийт ард иргэддээ хотол олноороо, баярын магнай тэнүүн сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Монгол цэргийн яруу алдар үеийн үед бадарч байх болтугай. 

УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН 
САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ