УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ
2017.07.06

Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн эрүүл байх эрх тэгш, хүртээмжтэй хангагдаасай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.06/ Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санал хэллээ. 

20, 25 жилээр хөгжүүлэх бодлогогүйгээс салбарын хуулиудын үндсэн концепци хоорондоо “мөргөлдөөд” байна. Угтаа бол энэ бүхнийг Үндэсний аудитын газар нягталж, ул суурьтай тооцоолох ёстой.

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол философи нь юу болчихов? Бид 20 жилийн дараа хөлбөмбөгчдийг гаргаж ирэх гээд байгаа юм уу? Эсвэл хүн амын 70 хувийг эрүүл чийрэг болгох юм уу? Сум, дүүрэг болгон сагсан бөмбөгийн талбайтай байх уу? Эсвэл фитнесээр хичээллэдэг бие бялдрын өв тэгш хөгжилтэй залуучуудтай болох уу? гээд яг нэг номерын гол концепци нь юу вэ?

Ингэж алсын хараа, бодлогоо тодорхой болгохгүй юм бол батлагдсан хуулиуд хэрэгжихгүй байх эрсдэл үүсч байна. Хуулийн салбар дундын зохицуулалтыг хэрхэн төсөөлж байна? Биеийн тамир, спортын тухай хууль гэхээр Эрүүл мэндийн яамны эрхлэх асуудал хамаарна. Эрүүл мэндийн яамны төлөөлөл хаана байна?

Спорт заал барих тухай асуудал ярьж байна. Нийтийн биеийн тамир гэхээр гүйлтийн замтай байх ёстой. Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан байна уу? Дугуйн замыг яаж шийдэх вэ? Хороолол, хотхон дунд байдаг усан бассейн стандартыг хэзээ ярих вэ? Бүхэл бүтэн шинжлэх ухаан, урлаг, соёлын түвшинд хүрсэн энэ зүйлийг ганц яамны эрхлэх асуудал болгож, дааж давахгүй том ачаа үүрүүлж байна.

Орон нутгийн хүүхэд, залуучуудын биеийн тамир, спортоор хичээллэх асуудлыг яаж шийдэх вэ? Би өөрөө орон нутагт төрж өссөн залуу. Сумын хүүхэд ч гэсэн фитнессээр хичээллэхийг хүсдэг. Орон нутгийнхан ийм нөхцөл байдлаар хэзээ хангагдах вэ? Энэ гурван жилийн хугацаанд ямар ямар ажил хийхээр төлөвлөж байна? 8, 12 жилийн дараа биеийн тамир, спортын салбар хэрхэн хөгжсөн байна гэж төсөөлж байна? Хотын дунд сургуулийн хүүхдүүд, хөдөө орон нутгийн хүүхдүүд хөлбөмбөг тоглох эрхээ яаж тэнцүү эдлэх вэ?

Ажлын хэсэг: Хуулийн төслийн онцлог нь өмнөх хуультай харьцуулахад нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл амьдрах нөхцөлийг хангахад түлхүү чиглэж, тодорхой зохицуулалт оруулж өгсөн.

Өмнөх хуульд биеийн тамир, спортын салбарын байгууллагуудын харилцааг зохицуулсан байдаг бол энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд спортын холбоодын бие даасан байдал, холбоодын хөгжлийг дэмжиж, эрх, үүргийг нэмэгдүүлж, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхой тусгасан юм.

Эрүүл мэндийн яам болоод бусад байгууллагын хувьд хуулийн төслийн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг заасан хэсэгт тодорхой дурдсан байгаа. Мөн эрүүл мэндийн даатгалтай холбоотой хэсэгт Эрүүл мэндийн яамны эрх, үүргийг тодорхой зааж өгсөн.

Тодруулга: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Хуулийн төсөл батлагдахын хувьд батлагдана. Цаашид батлагдах хуулиуд 20-25 жилийн дараа ямар үзэл санаанд хүрч, уялдах юм бэ гэдгийг байн байн яриад байгаа юм. Ингэхгүйгээр огт хэрэгжихгүй хууль баталж, их хэмжээний мөнгө үргүй зарцуулсан улс орнууд бий. Монгол Улсын хүн амын орлого нь тэгш бус байна. Боловсрол олж авах эрх хэмжээ нь эрх тэгш биш байна. Энэ бүхэн дээр нэмээд иргэдийн эрүүл байх боломж нь тэгш биш байгаасай гэж хүсч байна.

Хотод ямар хөлбөмбөгийн талбай баригдаж байна, хөдөө орон нутагт ч ялгаагүй баригдах ёстой. Үүнийг суманд зөвхөн нэг арга зүйчийн орон тоо гаргалаа гээд шийдэж чадах уу, үгүй юу гэдэг асуудалтай. Тиймээс уг хуулийн төсөлд дорвитой арга хэмжээнүүдийг тусгаж өгөөч.