О.Баасанхүү: Өрөө графикийн дагуу төлж байгаа юу?
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа.
Эрчим хүчний сайдаас асуухад, Солонгостой хог хаягдал боловсруулах, эрчим хүчний төслийн гэрээ хийсэн үү?
Эдийн засаг сайжирч байгаа юм бол хэлмэгдэгсдэд улсын их баяр наадмаас өмнө нөхөн олговор өгөх боломж байна уу? Маш олон хүн хэлмэгдсэн байдаг юм байна. Тиймээс хэлмэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, үр хүүхдүүдийг төрөөс дэмжих боломж бий юу?
Гурван тэрбум ам.доллар авах гээд байна уу? Аваагүй байгаа бол авсныхаа дараа юу хийхээ төлөвлөж болдоггүй юм уу? Өрөө төлж байгаа юу? Өр төлөх процесс ямар шатандаа явж байна?
580 сая ам.долларын өрийг төлөх гэж нэлээдгүй сандарсан. Одоо хэзээ, ямар өр төлөх вэ? ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар өр нэмэгдсэн гэж олон нийт үзэж байгаа. Тийм учраас зээлийн эргэн төлөлт ном дүрмийнхээ дагуу явж байна уу?
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
Гурван тэрбум ам.долларыг аваагүй байгаа. Гурван жилийн хугацаанд үе шаттайгаар авах юм. Энэ бол арилжааны биш хөгжлийн зээл. Хөгжлийн зээлийг хэрхэн зарцуулж байгааг санхүүжүүлэгч байгууллага хяналт тавина. Зээл зээлийн зориулалтын дагуу ашигла гэж шаардах юм. Хөгжлийн банкны бонд, Чингис бондыг зарцуулсан шиг зарцуулах эрх Засгийн газарт байхгүй.
Өрөө төлж байгаа юу гэж асуулаа. Өр төлөх хугацаагаа хугацаанаас нь өмнө хойшлуулж байгаа. Тэрнээс биш өрөндөө төлөх 500, 580 сая ам.доллар үнэндээ бидэнд алга. Цаашид орлогоосоо өрөө төлөх боломж бололцоо бүрдэнэ гэж харж байна. Ойрын хугацаанд тулгамдаж буй өр бол Чингис бондын 500 сая ам.долларын өрийг ирэх онд төлнө. Энэ өрөө төлөхдөө ямар арга, хэлбэр ашиглах вэ гэдгээ судалж төлөвлөж байна.
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:
Баян айлын хүүхэд эрх дураараа аашилсан мэт дөрвөн жилийн горийг Монголын ард түмэн нуруун дээрээ үүрч байна. Тухайн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Бидний тавьсан өрийг үр хүүхэд минь төлчих байлгүй” гэж чуулганы индэр дээрээс хэлж л байсан. УИХ-ын дарга асан З.Энхболд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Хятадын Ардын банк нь манай өрөнд санаа зовоогүй байхад чи юунд нь санаа зовов гээд загнаж л байсан. Энэ бүхний горыг ард түмэн амсаж, зарим хүн хариуцлагаас мултрахын тулд зугтаана шүү гэж хэлж байсан.
Тухайн үед Монголбанкны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргал гадаад руу зугтаасан. Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяа, н.Ганбатыг ч бас дурдаж болно. Хариуцлага алдсан салбарын сайд нарт хариуцлага тооцох гэхээр шүүхийн шийдвэр гарч, баривчилснаас хойш гурав хоногийн дотор суллачихдаг. Ийм нөхцөл байдалд бид ажиллаж, амьдарч байна.
Өнөөдөр Монголын шүүх, прокурорыг хэн томилдогийг та бүхэн мэднэ. Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Төмөр зам барина гэж хөлс хөдөлмөрөө дуслуулан байж цуглуулсан хэдэн төгрөгийг идэж уугаад алга болгосон. Зам тээврийн сайд асан А.Гансүхийг шүүх гэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг. Энэ хүн Х.Баттулгын зөвлөх байсан, Х.Баттулгын дараа сайд болсон.
Мөн З.Энхболдын зөвлөх байсан. Тэр бүү хэл эрүүгийн хэрэг үүссэн этгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд л явж байна. Ерөнхийлөгч болбол өөрийгөө цагаатгах уу? Ийм л байдалтай байна. Энэ бүхнийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас асууя гэтэл гараад явчихлаа.