Шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өргөмжиллөө
2017.05.30

Шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өргөмжиллөө

“Нийслэлийн сайн гэр бүл шалгаруулах аян”-д идэвхтэй оролцож, хүүхэддээ олон эерэг хандлага, зөв дадал олгож, бусад эцэг эхчүүдийг манлайлж ажилласан шилдэг 18 гэр бүлийг “Нийслэлийн сайн гэр бүл”-ээр өнөөдөр өргөмжиллөө.

Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан, нийслэлийн иргэд оролцсон юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр нийслэлийн “Гэр бүлийн өдөр”. Өнгөрсөн онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор сар бүрийн сүүлийн 7 хоногийн амралтын өдрүүдийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд бид маш олон ажлыг зохион байгууллаа. Сайн гэр бүлийг шалгаруулах ажлыг нэг сарын хугацаанд өрнүүлсэн. Нийтдээ 5000 гаруй гэр бүл, 3000 орчим хүүхэд, 600-аад аж ахуйн нэгж, 152 хороонд зохион байгуулагдаж, өнөөдөр үр дүнгээ гаргалаа. Ингээд хамгийн шилдэг 18 гэр бүлийг “Сайн гэр бүлээр” шалгаруулж байгаа. Энэ хөтөлбөр нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн дагуу хүн лүүгээ чиглэсэн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Бид бүхэн хөрөнгө оруулалтыг гэр бүл, хүүхэд рүү тэр тусмаа хүүхдийн хүмүүжил, боловсрол руу түлхүү зарцуулах нь илүү чухал гэж үзэж байгаа. Энэ аян сар бүр үргэлжлээд явагдана. Удахгүй болох эх үрсийн баяраар аз жаргалтай хүүхдүүдийг шалгаруулна” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.