Ц.Даваасүрэн: Монголын банкаар мөнгө дамжуулахгүй гээд С.Баярцогт гэрээн дээр нь бичээд өгчихсөн
УЛС ОРНЫХОО ЭРХ АШГИЙГ ХУДАЛДСАН, ТЭД НАРТАЙ ХОЛБОГДСОН НӨХДҮҮДЭЭР ДАМЖУУЛЖ АЙЛГАЖ ШАХААД БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ
Уул уурхайн томоохон төслүүд дээр ажилладаг гадны хөрөнгө оруулагчид олсон ашиг орлогоо манай улсын бус, гадны томоохон банкуудаар дамжуулдаг. Тэд манай улсын уул уурхайгаас ашиг олдог хэрнээ дотоодын нэг ч арилжааны банктай хамтарч ажилладаггүй. Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр дээрх байдлыг өөрчилж, гадны хөрөнгө оруулагчид Монголын хуульд захирагдаж, дотоодын банкаар гүйлгээ хийх нөхцлийг бий болгосон юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын гишүүд 2017 оны Төсвийн тодотголыг хэрэгжүүлэх, зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд дээрх заалтыг оруулжээ. Гэвч үүнийг томоохон хөрөнгө оруулагчид, тэр дундаа “Рио Тинто” эсэргүүцэж, Олон Улсын Валютын Санд шахалт үзүүлсэн билээ. Манай улс өнөө, маргаашгүй ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах нөхцөл бүрдээд байсан ч дээрх шахалтаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм.
Уг асуудалтай холбогдуулан эрх баригч намын бүлэг хоёр өдөр хуралдлаа. Бүлгийн хурлаар дээрх тогтоолын заалтыг өөрчлөх, дахин харах шаардлагатай гэж шийджээ. Харин үүнийг цөөхөн хэдэн гишүүн эсэргүүцэж, Монголын баялаг Монголын банкаараа гарах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Түүнчлэн “Рио Тинто” Оюутолгойгоос санхүүждэг, Оюутолгойн гэрээ зурагдах үед нөлөө бүхий үүрэгтэй оролцсон эрхмүүдийн нэрийг зарлана гэсэн шахалтыг эрх баригчдад үзүүлсэн бололтой. Тиймээс эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед дээрх тогтоолын заалтыг өөрчлөх шийдвэр гаргасан байх магадлалтай юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжихэд саад болоод байгаа “Хөрөнгө оруулагч нарын эрх ашиг хөндөгдсөн” гэх энэ заалтыг өөрчлөх шийдвэрт хүрлээ. Энэ заалтыг оруулсан таны байр суурийг сонирхъё?
-УИХ-ын эцсийн шийдвэр биш. Бүлгээр яригдаад дэмжигдсэн асуудал. Олон Улсын Валютын Сан нэг компанийн эрх ашиг гэхээсээ илүү Монгол Улсын эрх ашгийг бодож байгаа бол эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болох валютын нөөцийн хомсдолыг арилгахын тулд Монголын баялгийн орлогыг Монголоор дамжуулдаг байхыг зөвшөөрөх ёстой. Гаргаж байгаа мөнгөн дээр нь татвар авдаггүй орон Монголоос өөр байхгүй. Чили татвараа төлөөд гаргаж байгаа мөнгөн дээр нь 40 хувийн татвар авна. Перу гаргаж байгаа мөнгөн дээр нь татвар төлсөний дараа хоёр хувь авч байгаа. Гэтэл манай улс оруулж ирэх ч үгүй байна шүү дээ. Энэ чинь дэндүү доромжилсон хэрэг. Тиймээс энэ асуудлыг хөндсөн.
-Энэ заалт чинь уг нь “Рио Тинто”-д хамааралгүй юм биш үү. Анх Оюутолгойн Тогтвортой байдлын гэрээг зурахдаа “Рио Тинто” гадны банкаараа мөнгөн урсгалаа явуулна гээд заачихсан гэж байсан?
-Энд зөвхөн Оюутолгой гэж тусгаагүй. Цаашид Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа компаниуд Монголоор мөнгөө дамжуул гэсэн. Тэгж байж хөрөнгө оруулалт гэж ойлгоно шүү дээ. Хамаг мөнгөө оруулахгүй бол ямар ч хөрөнгө оруулалт биш болно. Үүнийг л гадны хөрөнгө оруулалт гэдэг утгаар оруулъя гэсэн. Оюутолгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ Монголын банкаар оруулахгүй гэсэн заалт байгаа. Тогтвортой байдлын гэрээн дээрээ тусгачихсан байхад манайхыг ингэж шахаж байгаа нь бүхэл бүтэн улс орныг доромжилсон хэрэг болчихоод байгаа юм. Манай С.Баярцогт чинь Олон Улсын гэрээ, Тогтвортой байдлын гэрээг нь Монголоор дамжуулахгүй гээд байгуулчихсан байхгүй юу. Оюутолгойн хувьд айгаад байх юм байхгүй. Энэ талаар Ерөнхий сайд албан бичиг явуулсан юм байна лээ. Үүнд Олон Улсын Валютын сан хүндэтгэлтэй хандах хэрэгтэй шүү дээ. Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайд энэ танайд хамаарахгүй гээд хэлээд байхад л ийм асуудал үүсч байна.
ЕРӨНХИЙ САЙД НЬ БАТАЛГАА ГАРГАЖ ӨГӨӨД БАЙХАД
ОУВС МАНАЙД ИТГЭЛГҮЙ ХАНДАЖ БАЙНА
-“Рио Тинто”-д хамааралгүй байхад яагаад шахалт үзүүлээд байгаа юм бэ?
-Тэд Тогтвортой байдлын гэрээндээ яагаад итгэхгүй байгаа юм бол. С.Баярцогт Монголын банкаар энэ мөнгийг дамжуулахгүй гээд гэрээн дээр нь бичээд өгчихсөн байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд нь баталгаа гаргаж бичиг хийж өгөөд байхад Валютын сан манайд итгэлгүй хандаж байна.
-Олон Улсын Валютын Сангийн суурин төлөөлөгч “Хэрвээ энэ заалт хэрэгжих юм бол танай улсад орж ирэх хөрөнгө оруулагчид буурна” гэж байсан?
-Хөрөнгө оруулалт орж ирээд байгаа нь хаана байгаа юм бэ. Ер нь бол “Рио Тинто” улс орныхоо эрх ашгийг худалдсан, тэд нартай холбогдсон нөхдүүдээр дамжуулж айлгаж шахаад байгаа байхгүй юу, манайхныг. Гоё болно гэсэн хаана байна. Төсөл хэрэгжиж гарын үсэг зурагдсанаас хойш найман жил боллоо. Амьдрал дээшилсэн юм алга байна.
-Шахаад гэж хэллээ. Магадгүй Оюутолгойгоос санхүүжилт авсан хүмүүс тэдний шахаанд орж, энэ шийдвэрийг гаргахад нөлөөлж байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Гадны хөрөнгө оруулалт байхгүй боллоо гээд л ярьдаг юм аа яриад гүйцгээж байна.
-“Рио Тинто” ч юм уу, гадны хөрөнгө оруулагчид дотоодын банкаар мөнгөн урсгалаа явуулъя гэхээр манай банкны салбар чадамжгүй байна гэх яриа гарах боллоо?
-Тэгж бодож болохгүй. Африкийн орнууд болон бусад улс орнуудын банкнаас муу гэж хэлэхэд хэцүү. Манай улс чинь олон банктай, зах зээл хөгжөөд явж байна. Хэрвээ тэр улс орны банкны салбарт итгэлгүй хандаж байгаа бол өөрийнхөө банкийг оруулаад ирж болно шүү дээ. Хэн хаасан юм бэ. Гадны банк хэрэгтэй байна гэж яриад байгаа чинь тэр шүү дээ. Хаа байна, тэр гадны хөрөнгө оруулалт, тэр гадны тэр том банкууд чинь. Мөнгө нь байхгүй юм чинь Монголд орж ирэхгүй шүү дээ. Монголд эдийн засгийн хувьд үр ашигтай байж л тэд орж ирнэ.
-Манай арилжааны банкууд Оюутолгойн мөнгөн урсгалыг дамжуулах чадамжгүй гээд байгаа нь нэг шалтаг гэж харж байна уу?
-Чадамжтай байлгүй яах вэ. Чадамжгүй гэж байгаа бол өөрийнхөө банкийг аваад ороод ирээч дээ. Тэр Сити банк нь байна уу, Хонконк, Шанхай банкаа оруулж ирээд үйлчилгээ хийлгээч.
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдлаа гэхэд “Рио Тинто”-гийн гүйлгээ хийдэг банкууд ойрын хоёр жилдээ манай улсад орж ирэх боломжгүй болж байгаа юм биш үү?
-Нэг талаараа чиний асууж байгаа зөв. Гадны хөрөнгө оруулалт ямар үед орж ирдэг вэ гэхээр Монголд эдийн засаг, бизнесийн хувьд ашигтай байж орж ирдэг. Тэрнээс биш татвараа хөнгөлөөд, бүх зүйлээ нээж гүйгээд орж ирдэггүй. Худлаа тархи угааж байгаа байхгүй юу. Үүнийг явуулахын тулд гадны хөрөнгө оруулалт орж ирэх гэж байсан чинь ингэлээ гээд л ярьж байна. Орж ирэхгүй болохоор нь хэн хариуцлага хүлээх вэ. Тэр яриад байгаа нөхдүүд хариуцлага хүлээх үү. Үгүй шүү дээ. Оюутолгойн гэрээ батлагдаж байх үеийг сана даа, Монгол Улс Кувейт боллоо гэж байсан. Хаана байна тэр Кувейт чинь. Тэр мөнгө хаачсан. Өдөр тутам нэг сая доллар алдлаа гээд байсан нөхдүүд хаачсан бэ.
-Уг нь өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурлаар энэ тогтоолын заалтыг хэвээр нь үлдээнэ гэж тогтсон хэрнээ өнөөдөр яагаад ингэж өөрчлөх шийдвэр гаргасан юм бол? Магадгүй “Рио Тинто”-гоос санхүүжилт авсан гишүүдийн нэрийг зарлана гэж шахалт үзүүлсэнтэй холбоотой юм болов уу?
-Өөрчилсөн хүмүүсээс нь асуу. Айдаг хүмүүс байгаа байх аа.