Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017.04.03

Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Дэлхийн банкны төлөөлөгчид болох Техникийн туслалцааны багийн удирдагч, Доктор Чен Ян, Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн тэргүүлэх зөвлөх, Доктор Ольга Каганова, Дэд бүтцийн бодлогын зөвлөх Б. Халиун, Судалгааны шинжээч Д.Баттуяа нарыг хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын Засгийн газартай хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны “Улаанбаатар хотын Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн үнэлгээ” төслийн техникийн туслалцааны хүрээнд хэрэгжих үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах боломжит чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Төр, хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөгөө сангаас (РРIAF) санхүүжиж буй Дэлхийн банкны дээр дурдсан техникийн туслалцааны төслийн үндсэн зорилго нь Улаанбаатар хотын санхүүгийн чадавхыг сайжруулахын тулд Хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх гарын авлага материалуудыг бэлтгэж хэрэгжүүлэх болон Нийтийн тээврийн салбарын санхүүг сайжруулахын тулд тогтвортой санхүүгийн стратеги боловсруулах зэргээс бүрдэж байгаа юм байна. Төслийн хүрээнд техникийн дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны томилолтын баг 2017 оны дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ирж ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.