"Улаанбаатар марафон" ирэх 5 дугаар сарын 20-нд болно
2017.03.29

"Улаанбаатар марафон" ирэх 5 дугаар сарын 20-нд болно

Нийслэлийн Засаг даргын 2017.03.17-ны өдрийн А/147-р захирамжаар жил бүрийн 05-р сарын 3 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих автомашингүй өдөр болгож, "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг Анхдугаар хурлаа хийсэн.

Энэхүү гүйлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм. Ажлын хэсгийн хуралдаанд нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, дүүргүүдийн төлөөллүүд болон холбогдох албаны хүмүүс оролцсон. 

     “Улаанбаатар марафон-2017” олон улсын гүйлтийн гол зорилго нь Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчилах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужилтай болгон бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

      Тус гүйлтэд гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын иргэд, их дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, нийслэл, дүүргийн төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд, иргэд гээд нийт 25-30 мянган хамруулан оролцуулахаар төлөвлөөд байгаа аж.

    Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

       “Улаанбаатар марафон-2017”-г марафон гүйлтээр хичээллэгч болон сонирхогчдын дунд гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм. 18-аас дээш настай марафон гүйлтээр хичээллэгчдийн дунд дунд болон бүтэн марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна. Мөн сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангиллаар гурван зайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд 5000 метрт 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш настай гэж заажээ. Түүнчлэн гэр бүлийн болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 1.5 км-ийн зайд гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.    

та бүхэн гүйлтэнд оролцох бол ЭНД дарж бүртгүүлнэ үү.