УИХ-ын дарга М.Энхболд албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд
2016.12.14

УИХ-ын дарга М.Энхболд албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Оросын Холбооны Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Арабын Вант Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2016.12.14/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо. 

Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 14-16-ны өдрүүдэд ОХУ-д хийх айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин, Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Владимир Абдуалиевич Васильев нартай тус тус уулзана. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Хадгаламж банкны хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, Москвагийн эрчим хүчний их сургуульд зочлох юм. 
Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар багтсан байна. 
Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-д хийх айлчлалаа дуусгаад 12 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад, 18-20-ны өдрүүдэд Саудын Арабын Вант Улсад тус тус албан ёсны айлчлал хийх юм