Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2016.12.02

Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулахыг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооноос боловсруулсан уг хуулийн төслийн танилцуулгыг тус байнгын хорооны гишүүн Л.Болд хийв.

Танилцуулгатай холбогдуулж Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар  асуулт асуулаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүний “Аялал жуулчлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтын “улс” гэснийг “төр” гэж өөрчлөх гээд байгаа гол ач холбогдол нь юу вэ” гэсэн асуултад ажлын хэсэг болох Тагнуулын ерөнхий газрын ажлын хэсэг “хуулийн нэр томьёог цэгцлэх ач холбогдолтой” гэсэн хариулт өгөв.

Харин Д.Тэрбишдагва гишүүний “Үүнийг яагаад Байнгын хороо санаачлаад байгаа юм бэ. Санаачлагч нь яагаад оруулж ирж болохгүй байна вэ” гэсэн асуултад Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Л.Болд хариулт өглөө. Тэрбээр “Хуулийн агуулга бус нэр томьёо өөрчлөгдөж байгаа. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хэлэлцүүлж байгаа” хэмээн хэллээ.

Үг хэлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр богтсон юм.