Онцгой байдлын алба музейтэй боллоо
Одоогоос 13 жилийн өмнө буюу 2003 оны 06 дугаар сарын 20-ны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж байсан.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсэн байгуулагдсаны 13 жилийн ойн түүхэн энэ өдөр Онцгой байдлын албаны бүтээн байгуулалтын нэгэн томоохон ажил болох Онцгой байдлын албаны түүхэн музей нээлтээ хийлээ.
Музейн нээлтийн ёслолд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Шадар сайдын зөвлөх П.Даш, Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Г.Махбариад, хошууч генерал П.Сүндэв, Улсын нөөцийн газрын даргаар ажиллаж байсан Ж.Бямбаноров, ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан тэргүүн комиссар Ц.Амгаланбаяр, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал нар болон үе, үеийн удирдлагууд, ахмад настнууд хүрэлцэн ирж оролцлоо.
Онцгой байдлын албаны үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, судлан шинжлэх, хадгалан хамгаалж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан энэхүү музейд Онцгой байдлын албаны түүхэн замнал, анхдагч, гавьяат үйлстнүүдтэй холбоотой баримт сэлтүүд, цөмийн зэвсгээс хамгаалах хэрэгсэл, багажууд, сургалтын материал, ном, сурах бичиг, гал сөнөөгчдийн хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, улсын нөөцөд хадгалагддаг бараа материалын дээж зэрэг 500 гаруй эд, өлгийн үнэт зүйлс дэлгэгдээд байна.
Музей нь Онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд эх орноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.