УИХ-ын гишүүдийн тоо дор хаяж 150 байж нийгмээ төлөөлөх чадвартай болно
Судлаач О.Машбаттай улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Сонгуулийн сурталчилгааны хугацаа маш богино байгаа учраас сонгогч болон сонгогчид бие биенээ таних боломжийг олгохгүй байна гэж үзэж байна. Энэ нь хоёр талын язгуур эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж болох уу?
Зөрчиж байна гэж хэлэхэд бэрхшээлтэй. Яагаад гэвэл хууль зүйн талаасаа эрх зөрчсөн зүйл байхгүй. Харин улс төрийн талаас нь зөрчиж байна, зөрчихгүй байна гэж маргаан гарах магадлалтай.
Ер нь энэ сонгуулиас ямар үр дүн гарах бол?
Хуучин мажоритар тойргоор сонгодог байхад ямар байсан, тийм л үр дүн гарах болов уу. Тодруулбал бага зэргийн савалгаатай байна.
Манай улсын хувьд мажоритар тойрог нь Үндсэн хуулиар тогтоож өгсөн төрийн байгуулалтын зарчимтай угаасаа нийцдэггүй. Энэ удаа ч уг гажуудлаас гарч чадахгүй юм шиг байна.
Аль ч улс орны хувьд сонгуулийн системийг сонгож авахдаа юуг харгалзах вэ гэдэг нь чухал байдаг. Хэрэв тухайн улс орон иргэний дайны байдалд байгаа бол сөргөлдөгч талууд тэнцүү байж, парламентад тэнцвэр хадгалагдаж байх сонгуулийн тогтолцоо буюу пропорционал системийг сонгодог. Харин орон нутаг, нийгмийн бүлэг, хэсгүүдийн төлөөллийг хангая гэвэл мажоритар системийг сонгодог гэх мэт.
.... Манай улсын хувьд нэг үндэстэн давамгайлсан, хүн ам нь хэтэрхий тархан байршсан нөхцөлд пропорционал систем нь эрх мэдлийг тэнцвэржүүлэх ач холбогдолтой ....
Харамсалтай нь мажоритар тогтолцоо руу эргээд ирсэн учраас нөгөө жалга довны үзлийг хөөрөгдөх муу талтай.
Голлох хоёр улс төрийн хүчний мөрийн хөтөлбөрийн талаар та ямар бодолтой байна вэ?
Бариад уншвал шүүмжлэх зүйл бий. Гэхдээ өмнөх мөрийн хөтөлбөрүүдийг бодвол дээрдсэн, илүү судалгаатай хийгдсэн нь харагдсан. Ингэж хийнэ гэж биччихээд, яг яаж хийх, ямар боломжуудыг ашиглах вэ гэдгээ тайлбарладаг болсон.
Ардчилсан намын хувьд хэрэгжүүлж байсан ажлаа үргэлжлүүлэн хийх, шинэ ажлуудыг эхлүүлэхээр тусгасан байна лээ. Гэхдээ хэтэрхий тоочсон шинжтэй. Харин Ардын намын хувьд мөрийн хөтөлбөр нь сонгогчдод илүү ойлгомжтой байдлаар, товчхон томъёологдсон гэж бодож байна.
Хоёр намын аль нь ялахаас хамаараад эдийн засгийн үр дагавар нь өөр өөр байна гэж үзэж болох уу?
Эдийн засгийн байдал сайжрах эсэх нь аль улс төрийн хүчин ялах вэ гэдгээс бараг хамаарахгүй. Харин гадаад эдийн засаг буюу гео эдийн засгийн нөхцөл ямар вэ гэдгээс шууд хамаарна. Гадаад эдийн засаг одоо сайнгүй байна. Зарим хүмүүс манай улсын гадаад эдийн засаг 2022 хүртэл сайжрахгүй гэж үзэж байна. Сайнаар бодоход 2018 он хүртэл. Тиймээс аль нэг Засгийн газар гарч ирээд гэнэт амьдрал сайжирна гэж байхгүй. Харин аль ажлыг түрүүлж хийх вэ гэдэг нь өөр байж болно.
Төрийн залгамж чанар алдагдаж байна гэж ярьдаг. Энэ удаа эрх барих улс төрийн хүчин солигдвол одоо хэрэгжүүлж байгаа ерөнхий чиг шугам хадгалагдах уу?
Хадгалагдана гэж бодож байна. Төрийн бодлого замбараагүй гэж ярьдаг. Мэдээж замбараагүй зүйл их бий. Гэхдээ 1990 оноос хойших улс төрийн динамик хөдөлгөөнийг харахад Ардчилсан нам голдуу шинэ шинэ зорилтуудыг тодорхойлдог, гэхдээ гүйцэд ажил хэрэг болгож чаддаггүй. Харин МАН араас нь гарч ирээд эхлүүлснийг нь дуусгадаг. Өөрөөр хэлбэл бид санаачлага, түүний гүйцэтгэл хоёрын завсар сонголт хийсээр ирсэн.
Монгол төрийн залгамж чанар алдагдаагүй
1990-1992 онд маш хүчтэй шинэчлэлүүд хийгдсэн. Гэхдээ гүйцэд биш. Мажоритар тойрог эрх баригч намд их халгаатай байдаг учраас 1992 онд ялагдсан. Харин 1992-1996 онд П.Жасрайн Засгийн газар дутуу хийснийг нь гүйцээсэн. Ардчилсан хүчин 1996 онд ялж 2000 он хүртэл багагүй шинэчлэл хийсэн. Ер нь 1996 оноос бүтээн байгуулалт гэдгийг хийж эхэлсэн. Харамсалтай нь томоохон ААН-үүд, банкны хувьчлалыг дуусгаж чадаагүй. Дараа нь Н.Энхбаярын Засгийн том ААН, газар, банкыг хувьчилж эхэлсэн.
Ийм байдлаар өнөөдрийг хүртэл явсан. Өнөөдөр ч бас Ардчилсан намд дуусгаж чадаагүй ажил их байгаа учраас МАН ялвал эхлүүлснийг нь дуусгах байх. Монгол төрийн бодлого тасарчихсан зүйл байхгүй гэж бодож байна. Үүний жишээ бол Мянганы зам байна. Анх биелэгдэхгүй юм шиг санагдаж байсан зүйл одоо бараг хэрэгжээд дуусч байна.
Исланд улсад оффшорын асуудлаас болоод Засгийн газар нь огцорч байхад манайд ийм хүмүүс нь дахин нэр дэвшиж байгаа нь хэр зүйд нийцэх вэ?
.... Нийгэмд яригдаад байгаа оффшорын асуудал бол улс төрийн зорилгоор үлээсэн хөөс ....
Оффшор бол түгээмэл байдаг асуудал. Харин тухайн хүн оффшорт байрлуулсан мөнгөө шударга замаар олж авсан гэдгээ батлах ёстой. Харин хууль бус орлого байвал өөр хэрэг. Исландын Ерөнхий сайдын хувьд мань хүн хаанаас олж авснаа тайлбарлахаас татгалзсан учраас огцорсон.
Энэ удаагийн сонгуульд дуучин, жүжигчин, бөх гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс нэр дэвшиж байна. Энэ бас л нийгэмд байдаг үзэгдэл үү, эсвэл зөвхөн манайд ийм байгаад байна уу?
Байдаг л үзэгдэл. Төрийн тогтолцоо талаас нь аваад үзвэл манай парламентын гишүүдийн тоо хэтэрхий цөөхөн, нийгмээ төлөөлөх чадваргүй. 1992 онд Үндсэн хууль батлагдахад 76 тохиромжтой тоо байсан. Харин одоо хүн ам өсч, нийгэмд олон төрлийн бүлэг, давхаргууд үүсч, тэр бүхэнд төлөөлөл хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл нийгмтийн амьдрал маш олон талтай болсон.
Миний бодлоор УИХ-ын гишүүдийн тоо дорж хаяж 150, болж өгвөл 300 байх хэрэгтэй. Тэгвэл нийгмийг бүхэлд нь төлөөлж чадах парламент бий болж, олон талыг хамарсан шийдвэр гардаг болно. Ингэж чадахгүй байгаа учраас тэс өөр салбарын хүн нэр дэвшихээр их содон харагддаг, тэр хүн нь өөрийн гэсэн дэмжигчидтэй. Тэр дэмжигчдэд төлөөлөл хэрэгтэй байна. Хэрэв 300 гишүүнтэй байвал дуучин Нараа, Жавхлан, Онги хөдөлгөөний Мөнхбаяр нар сууж байг л дээ. Дэмжигчдээ төлөөлөөд явж байг л дээ. Парламентад хангалттай төлөөлөл байхгүй учраас тэмцэл ордон дотор биш, гудамжинд өрнөөд байна.
Монголын ардчилал хуурамж болж, нэг талаас анархи маягийн нийгэм бүрдлээ гэж ярьдаг. Үнэхээр тийм болчихсон юм уу?
Би судлаач хүний хувьд наадахыг чинь үзэгдэл, зүй тогтол талаас харж байна. Ардчилал гэдэг бидний хувьд шинэ зүйл байсан учраас шинэчлэлийг хийхдээ дутуу орхисон, тасарсан, бүр огт мартаж орхисон зүйл ч байгаа. Жишээ нь нийгмийн хамгааллын тогтолцоог шинэчилсэн ч төсвийн алдагдлыг нөхөхийн тулд тэтгэврийн дансыг төсөвтэй нэгтгэсэнээр өнөөдөр тэтгэврийн данс мөнгөгүй болчихоод ирээдүйд тэтгэврээ яаж тавих тухай ярьж байна. Иргэний нийгмийн байгууллагуудын санхүүжилтын тогтолцоо гэдэг зүйлийг ор тас мартсан болохоор өнөөдөр ТББ-ууд гадаадын аль нэг байгууллагаас хараат, эсвэл аль улс төрийн хүчний халаасанд орчихсон.