Төрийн албыг мэргэшүүлнэ
2016.06.02

Төрийн албыг мэргэшүүлнэ

Хуулийн нэр: Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Өргөн барьсан: 2012 - 10 - 19 

Төлөв: Хэлэлцүүлгийн шатанд

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зорилго нь төрийн албыг мэргэшүүлэх, данхайсан бүтцийг багасгах, улс төрөөс хараат бус байлгах, төрийн албан хаагчдыг томилоход улс төрийн намын нөлөөллийг арилгах зорилготой. Нэг үгээр хэлбэл төрийн албыг мэрит тогтолцоонд шилжүүлнэ гэсэн үг. Мэрит тогтолцоо гэдэг нь төрийн жинхэнэ албан хаагчдыг томилохдоо нээлттэй, өрсөлдөөнт сонгон шалгаруулалт явуулж, тухайн хүний боловсрол, мэргэшил, туршлага, ур чадварыг үндсэн шалгуур болгох зарчим юм.

Хуулийн төсөлд тусгаснаар «Төрийн албаны зөвлөл»-ийн томилгоо хийх эрхийг багасгаж, хяналтын чиг үүрэг ногдуулна.

... Тухайлбал яамдын төрийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчдыг «Төрийн албаны зөвлөл» дангаараа томилдог байсныг өөрчилнө ...

Түүнчлэн УИХ- ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга, агентлагийн дарга нар, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын менежер, Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны дарга, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын дарга нарыг томилохдоо сонгон шалгаруулалт явуулж, дүгнэлт гаргах ажлыг «Төрийн албаны зөвлөл» хариуцна. Гэхдээ цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон зэвсэгт хүчний байгууллагын дарга нарын томилгоо үүнд хамаарахгүй. Харин эдгээрээс бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан хаагчдыг сонгон шалгаруулалтын журмаар томилох ажлыг төрийн албаны салбар зөвлөл хариуцна. Хэрэв тухайн төрийн байгууллага салбар зөвлөлгүй бол томилох эрх бүхий этгээд төлөөлөн гүйцэтгэнэ. Төрийн албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд хүн томилоход улс төрийн байгууллага, албан тушаалтан, томилох эрхтэй этгээд хөндлөнгөөс нөлөөлөх хориотой.

... Төрийн албаны эрх мэдлийн төвлөрлийг задалж, аймаг, нийслэл дэх салбар зөвлөлд харъяаллын дагуу эрх мэдлийг шилжүүлнэ ...

Төрийн албан хаагчдын нийгмийн хамгаалалтай холбоотой өөрчлөлтүүдийг ч бас энэ хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа харилцан адилгүй хэмжээтэй тэтгэмж авдаг байсан бол энэ хуулийн төсөл батлагдвал бүгд 12 сарын тэтгэмж авдаг болно.