Тост, Тосон бумба анхаарал татав
2016.04.06

Тост, Тосон бумба анхаарал татав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.04.06/ Төрийн ордонд боллоо.

Байнгын хороогоор Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад  авах тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Эхний асуудал болох Органик хүсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн хийж УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахаар болсон. Харин “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад  авах” асуудлыг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Энэхүү төсөлд  Тост тосон бумбын нурууг тусгай хамгаалалтанд авах асуудал багтаж байгаа. Тиймээс байнгын хорооны гишүүд ихэд нухацтай хандаж байлаа.  Хуралдааны үеэр УИХ-ын хэлэхдээ:

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: 

-Тост тосон бумбын нурууны эргэн тойронд уул уурхай эзэлчихсэн учраас бэлчээр байхгүй болчихоод байгаа юм. Энэ нурууны орчимд байдаг бэлчээрийн газраа авч үлдмээр байна гэж нутгийн иргэд хэлсэн. Хуулиараа бид дархан цаазтай болгочих юм бол малчид өвөлжөө, хаваржаагүй болчих гээд байна. Малчдыг уламжлалт мал аж ахуйг эрхлүүлэх, дээр нь байгалийн унаган төрхийг хадгалж үлдэх хувилбар бол байгалийн нөөц газар болгохоос өөр аргагүй. Та бүхэн үнэхээр байгаль орчны талаас нь дэмжиж байгаа бол энэ хувилбараар дэмжиж өгөөч гэж хүсмээр байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Энэ Засгийн газар тусгай хамгаалалтад авах ажилд хайхрамжгүй ханддаг. Харин тусгай хамгаалалтаас гаргах гээд байдаг тал бий гэж байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг гишүүн хэлсэн. Би түүний байр суурьтай санал нэг байна. Тиймээс дараагийн Засгийн газар бүрдсэн үед оруулж ирэх шаардлагатай юм биш үү. Лиценз тойруулаад тусгай хамгаалалтад авчихвал бүр хохиролтой юм болно. Уул уурхайн ажил эхлэхээс өмнө яаралтай шийдэх хэрэгтэй л гэж байна. Гэтэл лиценз тойруулаад шийдчихвэл яах юм бэ гэлээ.

Ийнхүү байнгын хорооны гишүүд санал зөрөлдсөн юм. Харин байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг хэлэлцэх эсэхийг шийдээд УИХ-ын нэгдсэн чуулганд оруулах зарчмын санал гаргаж гишүүд дэмжлээ.