Хаврын чуулганаас их зүйл хүлээх хэрэггүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
Сонгууль болохоос гуравхан сарын өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчлөх нь хэр зохимжтой юм бэ. Ш.Түвдэндорж гишүүний өргөн барих хуулийн төслийг та хэрхэн харж байна вэ?
-Хэвлэлийн мэдээлэлтэй л байна. Хууль санаачлагч гишүүдийнх нь зүгээс хуульд иймэрхүү байдлаар өөрчлөлт оруулбал ямар вэ гэдэг санал солилцож байсан. Сонгуулийн жил гарснаас хойш хуулийг өөрчлөх нь буруу гэж үзэж байгаа. Өнөөдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд хуулийг өөрчлөхийг хориглосон заалтууд бий. Тухайлбал, УИХ-аас батлан гаргасан Хүний эрхийн хөтөлбөрт иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах үүднээс сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд ямар нэгэн өөрчлөлт хийхгүй гэдэг үг, өгүүлбэр байгаа юм. Энэ утгаараа Сонгуулийн хуульд гар хүрээд байх шаардлага байхгүй гэж харж байна.
Жагсаалтын 28-аас зургааг хасаад нийслэл рүү нэмэх санаачлага гаргаад байгаа. УИХ-д жагсаалтаар сонгогдох нь буруу гэж олонх гишүүн үздэг учраас чуулган руу оруулаад ирэхэд дэмжлэг авах магадлал өндөр гэж үзсэн юм билээ. Нийслэлийн мандатыг ингээд ч болов нэмэх гэх нь ямар учиртай юм бол?
АН-ын зүгээс мандатын тоог нийслэлд нэмье гэдэг зүйлийг ярьдаг л даа. Гэхдээ хүн амын тооноос гадна нутаг дэвсгэрийн төлөөллийг хангах асуудлыг авч үзэх ёстой. Монгол Улс тархай бутархай суурьшилтай. Цөөн хүн амтай. Нийслэл дэх мандатын тоог нэмээд хөдөөг багасгавал хот руу чиглэх төвлөрлийг улам л нэмэгдүүлнэ. Парламент дахь хөдөө орон нутгийн иргэдийн төлөөллийн дуу хоолой улам л багасна. Үүнийг дагаад бид Улаанбаатар улс руу явах байдалд орчихвий гэх болгоомжлол анзаарагдаж байгаа. вахуулаад Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулиа цогцоор нь авч үзэж, хоорондынх нь уялдаа холбоог хангаж, шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ одоо цаг хугацааны хувьд боломжгүй болсон байна.
Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг АН-ынхан ахалсан. Тэд зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэх заалтыг санамсаргүй орхисон гэж тайлбарласан. Гэтэл сонгууль болохоос хэдхэн сарын өмнө хуулиа өөрчилье гэж байгаа нь эрх баригчид энэ заалтыг албаар орхигдуулсан юм биш биз гэх хардлагыг төрүүлээд байна л даа?
Ажлын хэсэгт ажилласан гишүүд хэрхэн хариулахыг мэдэхгүй байна. Бидний хувьд зөвхөн Сонгуулийн хуульд ч биш өөр бусад хууль, хөтөлбөрт хязгаарлалт байгаа учраас энэ хүрээнд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн байр суурьтай байгаа.
Таван хувийн зээлийн хүүтэй холбоотой журмыг Засгийн газраас баталчихлаа. Эрх баригчид иргэдийн дунд маш их хүлээлт үүсгэчихээд захын гурван дүүрэг болон орон нутагт гээд хязгаарлачихлаа. Үүнийг АН-ынхны сонгууль угтсан ажиллагаа. Урт хугацаандаа хэрэгжүүлээд явах эс үүсвэргүй ажлыг хүчээр хийчихлээ гэх шүүмжлэл их байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
Ер нь сонгуулийн жил гарснаас хойш АН-ын дарга тэргүүтэй хүмүүс Сонгуулийн хуулийг зөрчсөн сонгогчдын саналыг татах, сонголтод нь нөлөөлөх зорилгоор янз бүрийн мөнгөн амлалтыг өгч эхлээд байна. Сонгогчид санаж байгаа бол өнгөрсөн оны зургадугаар сард УИХ дахь МАН-ын бүлгээс иргэдийн банкин дахь зээлийн хүүг бууруулах чиглэлээр Засгийн газар, УИХ-ыг дорвитой арга хэмжээ авах ёстой гэдэг байр суурийг хүчтэй илэрхийлж байсан.
Тухайлбал, тэтгэврийн болон малчны зээлийг хүүг бууруулах ёстой гэдгийг гаргаж тавьсан. Яг энэ үед тухайн үеийн БХБ-ын сайд Д.Цогтбаатар иргэдийн төлж буй моргейжийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудлыг хөндөж тавьсан. 2016 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байхад Ц.Нямдорж нарын гишүүдийн санаачлагаар мөнгөний бодлогод банкны зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанкинд тодорхой үүрэг, чиглэл өгсөн. Гэтэл энэ үед эсэргүүцэж асуудлыг хөдөлгөхгүй байсан АН он гарангуут банкны болон ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлыг УИХ-ын даргынхаа өрөөнөөс эхлүүлээд нийтэд мэдээлж эхэлсэн.
Энэ бол Сонгуулийн хуулийг зөрчиж байгаа хэрэг.
Өөрөөр хэлбэл, энэ хуульд аливаа этгээд сонгогчдын саналыг авах зорилгоор мөнгөн амлалт өгч болохгүй гэснийг зөрчиж байна. Харин ипотекийн зээлийг хүүг бууруулах ёстой юу гэвэл тийм. Монголын эдийн засаг, санхүүгийн чадавх, боломж нь байдаг бол ипотекийн зээлийн хүүг олон улсын жишигт нийцүүлэх ёстой.
Олон улсад бол жилийн нэг хувь л байдаг. Үүнд ойртуулж өгөх нь иргэдэд маш тустай. Ялангуяа орон сууцны зээлээр дамжуулж иргэдэд хуримтлал бий болж байгаа, зөв хэрэглээнд сурч байгаа, залуу гэр бүлд хэрэгтэй гэх олон асуудлыг цаана нь шийддэг учраас орон сууцжуулах энэ бодлогыг цаашид зөв явуулах ёстой. АН-ынхан тооцоо судалгаа, үндэслэл муутайгаар ипотекийн зээлийг хүүг таван хувь болгоно гэсэн. Гэтэл эдийн засгийн тооцоолол хийхээр хүндрэлтэй байсан учраас сонгуулийн өмнө хэлсэн амандаа хүрэх гэж иргэдийн багахан хэсгийг хамруулж шийдлээ.
Ингэхдээ хоёрдмол утгатай Засгийн газрын тогтоолыг гаргасан. Энэ тогтоолын хэрэгжилт цаашид ямар байх нь нэн тодорхойгүй. Өнөөдөр Монголын банкуудад моргейжийн зээл үндсэндээ зогсонги байдалд орчихлоо. Хөрөнгө санхүүгийн хувьд энэ асуудлыг санхүүжүүлэх боломж Монгол Улсын банкны системд өнөөдөртөө алга гэдгийг Банкуудын холбооноос эхлээд мэдэгдэж байна. Ер нь моргейжийн зээлд хамрагдах боломжтой эсэхээ асууж байгаа иргэн олон байгаа ч яг зээлээ аваад орон сууцандаа орж байгаа нь маш цөөн байна. Тэгэхээр АН-ынхан сонгуульд зориулж шийдвэр гаргалаа гэж харж байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН засаг барихдаа ард түмэнд арай наалдацтай хүрсэн бодлого гэж үүнийгээ үзээд сануулах пиарыг Үндсэн хуулийн Цэцээр дамжуулж хэрэгжүүлсэн. Энэ ч үүднээс тооцоо судалгаа муутайгаар мөнгөн амлалт өгч байгаа үйл явц гэхээс өөрөөр харах боломжгүй.
Эдийн засаг хүндэрсэн, урт хугацаандаа хэрэгжүүлэх боломж хомс байхад ХАХНХ-ын сайд “Энэ ондоо багтаагаад орон сууцны бүх зээлийг таван хувь болгоно” гээд амлачихсан?
-Энэ хүмүүсийн яриад байгаа шиг хэрэгжчихдэг бол иргэдэд сайн шүү дээ. Санхүү хөрөнгө нь дааж байна уу, эдийн засагт нь ийм чадавх байна уу. Ингэж яриад байгаа нь сонгуулийн амлалт биш байгаасай. Хамгийн гол нь өнөөдрийн нөхцөлд энэ мэтчилэн хэлээд, амлаад байгааг нь эдийн засаг даахгүйд л асуудлын гол байна. Болдог бол иргэдэд дарамт болж байгаа аливаа зээлийн хүүг бууруулмаар л байна шүү дээ.
Сонгууль дөхөх тусам эрх баригчид дахиад ч мөнгөн амлалт өгөхгүй гэх баталгаагүй. Үүнийг ямар байдлаар зохицуулах ёстой юм бэ?
-Сонгуулийн хуульд зааснаар аливаа хэлбэрээр сонгогчдын саналд нөлөөлөх оролдлого гаргавал нэр дэвшигч болон улс төрийн намыг сонгуульд оролцуулахгүй байх заалт бий. Ер нь он гарснаас хойш сонгогчдод чиглэсэн мөнгөн амлалтыг улс төрийн намууд нэлээд ярьж байна. Тухайлбал, МАХН Оюутолгой, Тавантолгойг бэлэн мөнгөөр зарах байдлаар 60 тэрбум ам.доллар босгож, Монгол Улсыг арван жилийн дотор хөгжлийн манлайд хүргэнэ гэсэн хөтөлбөр дэвшүүлж байна. Энэ бол сая баталсан Хөгжил төлөвлөлтийн тухай хууль болох “Тогтвортой хөгжил 2030” гэсэн бодлогын баримт бичгүүдтэй зөрчилдөж байгаа юм.
МАХН Оюутолгой, Тавантолгойг бэлэн мөнгөөр зарах байдлаар 60 тэрбум ам.доллар босгож, Монгол Улсыг арван жилийн дотор хөгжлийн манлайд хүргэнэ гэсэн хөтөлбөр дэвшүүлж байна
Ийм хуулиудыг зөрчиж байгаа нь цаашлаад Сонгуулийн хуультай бас зөрчилдөж байгаагийн нэг хэлбэр. АН-ын зүгээс иргэдийн саналыг авах зорилгоор зээлийн хүүг бууруулна гэж мөнгөн амлалт өгч байгаа нь Сонгуулийн хуулийн есдүгээр бүлэг, энэ талаарх олон зохицуулалтыг зөрчиж байгаа. Түүнчлэн энэ хуулийн 70 дугаар зүйлд хууль бус зүйлийг хориглох гэсэн хэсэгт тодорхой заасан. Тодруулбал, ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр үзүүлэх, хишиг хувь өгөх, ирээдүйд болон өөрийн бусад хөрөнгөөр бараа өгөхөөр гэрээ байгуулахыг хориглочихсон.
УИХ-ын дарга өрөөндөө шийдэж, нийтэд зарласнаа ажил хэрэг болгохын тулд хэсэгчилж баталсан нь Сонгуулийн хуулийг зөрчсөн үйлдэл болж таарах нь ээ?
Тийм л болж таарна.
Элдэв амлалт өгөх нь хуулиар хориотой юм байна. Гэтэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “2020 он гэхэд утааг бууруулна” гэж амласан нь бас л хуулийн зөрчил болох уу?
Хуульд заагаагүй л бол бусад үйлдэл нь Сонгуулийн хуультай зөрчилдөнө. Сая МАН, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ярилцлагыг харсан. АН-ын зүгээс иргэдийн ажил, амьдрал сайхан байна, өмнөх дөрвөн жилээсээ дордоогүй гэж дүгнэсэн байна лээ. Гэтэл яг бодит байдалд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал төдийгүй ард иргэдийн амьдрал ихээхэн доройтсон. Тиймээс ард иргэдээ нэг удаагийн сонгуулийн амлалтаар хуурахаас илүү бодит байдалтай нь танилцаж хөрсөн дээрээ буугаач гэж эрх баригчдад сануулах байна.
Удахгүй эхлэх хаврын чуулганаас их юм хүлээх хэрэггүй гэх юм. Гэтэл энэ чуулганаар Цэцийн даргыг томилох, магадгүй Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэх олон асуудлыг шийдэхээр байгаа. Хуралдах хугацаа нь бага учраас үр дүнтэй чуулган болохгүй ч байж болох юм?
Хаврын чуулган ирэх сарын эхээр эхэлж тавдугаар сарын дундуур завсарлаж таарна. Үндсэндээ сар гаруй хуралдаад л сонгуульдаа орно. Өнгөрсөн гурван жилд ээлжит бустайгаа нийлээд чуулганыг 10 гаруй удаа хуралдуулсан. Энэ хугацаанд хийж чадаагүйгээ сар гаруйханд амжуулна гэдэг боломжгүй. Тиймээс хуулиар заасан төсвийн хүрээний мэдэгдэл, эцсийн хэлэлцүүлэгтээ орсон хуулийн зарим төслийг батлаад л энэ удаагийн парламентын бүрэн эрх дуусгавар болох байх. Ер нь бол хаврын чуулганаас нэг их зүйл хүлээх хэрэггүй болсон.
Чуулган завсарласан энэ өдрүүдэд гишүүд тойрогтоо ажиллаж байна. Таны хувьд ямар ажил амжуулав?
-Чуулганы завсарлагаанаар хөдөө орон нутагт ажиллаж байна. Өвөрхангай аймгийн сумдаар явж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцсэн болон хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл хүргэж, санал бодлыг нь сонсч байна.
Орон нутагт иргэдийн амьдрал ямар байна вэ. Тэд ямар асуудлыг түлхүү ярьж байх юм?
Гурван асуудалд л тулгуурлан ярьж байна. Нэгдүгээрт, төсөвт байгууллагуудын олонх нь өртэй байна. Өргүй газар гэж алга. Халаалт дулаанаас эхлээд “Үдийн цай” хөтөлбөр болон багш нарын урамшууллаас авахуулаад маш олон байгууллага өрийн сүлжээнд орсон байна. Хоёрдугаарт, ард иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт суларч байгаа учраас малын гаралтай түүхий эдийн үнэ ханшийн талаар маш их ярьж байна.
Хөдөөгийн иргэдийн амьжиргаа түүхий эдийн үнэ ханшаас шууд хамаардаг. Харамсалтай нь, малын болон малын гаралтай түүхий эдийн ханш огцом унасан нь малчдад хүнд цохилт болж байгааг хэлж байна. Засгийн газар энэ талд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн цалин, тэтгэврийг нэмэх талаар их ярьж байна.
Харамсалтай нь, Засгийн газар энэ оны төсвийг оруулж ирэхдээ төрийн байгууллагуудын цалинг 10-30 хувиар бууруулах санал оруулж ирсэн.
Үүнийг МАН-ын бүлгийн зүгээс завсарлага авч, хүчтэй эсэргүүцсэний дүнд хэвээр үлдээсэн.
Бүтэн дөрвөн жилийн хугацаанд цалин, тэтгэврийг долоохон хувиар нэмсэн нь бараа бүтээгдэхүүний өсөлттэй харьцуулахад дэндүү харьцангуй байгаа юм. 2012 онд 10 мянган төгрөгөөр юу авч байв, өнөөдөр энэ мөнгөөр юу авч байгааг харахад л ойлгомжтой. Түүнчлэн иргэдийн зүгээс улс төрийн нам, улстөрчдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг ихээхэн хөндөж байна. Энэ жил сонгуулийн жил учраас иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн намууд боловсон хүчиндээ тавих шалгуураа өндөрсгөх хэрэгтэй нь харагдсан. Өөрөөр хэлбэл, ёс зүйтэй, төрийн ажлын дадлага туршлагатай, иргэдийн итгэлийг дааж ажиллаж чадахуйц хүнийг улс төрийн намууд нэр дэвшүүлэх хэрэгтэйг хэлж байна.