Ирээдүйн тэтгэврийн нөөц сан: Нэг сумаар хоёр туулай буудна
Хуулийн нэр: Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай
Санаачлагч: Засгийн газар
Өргөн барьсан он.сар.өдөр:
Батлагдсан он.сар.өдөр: 2016.01.22
Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2014.03.01
Хуулийн бүтэц: 3 бүлэг 8 зүйлтэй
Ирээдүйн тэтгэврийн нөөц сантай болохын ач холбогдол
Уг хууль нь 1995 онд Монгол улсад бий болсон эв санааны зарчимд үндэслэсэн тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг түргэтгэх зорилгоор батлагдсан эрх зүйн баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авагчдын тоо өсөхийн хэрээр ирээдүйд тэтгэвэр бүрэн олгохгүйд хүрч мэдэхээр байгаа одоогийн тэтгэврийн даатгалын санг мөнгөжүүлэх замаар тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжих эхний алхам болж байна.
Ирээдүйн тэтгэврийн нөөц сан нь хэд хэдэн эх үүсвэрээс санхүүжнэ. Нэгдүгээрт Монголбанкнаас шилжүүлсэн орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг уг санд шилжүүлнэ. Энэ үнэт цаасны хэмжээ одоогоор 1,8 их наяд төгрөгт хүрээд байна. Хоёрдугаарт орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас банкуудад олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрхийг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд өгнө. Түүнээс гадна оны эцэст орж ирэх үлдэгдэл хөрөнгө нийлээд нийтдээ гурав орчим их наяд төгрөгийн хуримтлал үүсч байна.
Түүнээс гадна ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны хүүгийн үндсэн төлбөр, орлого, тус үнэт цаасыг худалдсаны орлого болон барьцаалсны зээлийн эх үүсвэр, мөн ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр банканд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр, улсын төсвөөс хуваариласан хөрөнгө, олон улсын зарим тусламжаас санхүүжих юм байна.
... Монгол Улс хөгжингүй орнуудын жишгээр Ирээдүйн тэтгэврийн нөөц сантай болсноор жил ирэх тутам ачаалал нь нэмэгдэхийн зэрэгцээ хуримтлуулсан мөнгийг нь төсвийн зардалд зориулчихдаг, бичилт ёсоор 10 гаруй их наяд төгрөгтэй ч бодит хөрөнгөгүй болсон тэтгэврийн санг мөнгөжүүлж эхэлнэ ...
Сангийн хөрөнгийг хэн, хэрхэн зарцуулах вэ?
Сангийн хөрөнгийг Монголбанк Засгийн газартай байгуулсан гэрээний үндсэн удирдана. Дэлхийн жишигт Засгийн газрын аливаа тусгай сангийн хөрөнгийг удирдаж буй байгууллага тэр хөрөнгийг зүгээр хадгалаад байлгүй ашигтай төсөлд хөрөнгө оруулж арвижуулж байдаг. Монголын хувьд Ирээдүйн тэтгэврийн нөөц санг байгуулахдаа хүн амд нэн хэрэгцээтэй хэвээр байгаа орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зорилго тавьсан юм.
.... Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг 2030 он хүртэл ямар нэгэн хөрөнгө оруулалтад зарцуулахгүй бөгөөд зөвхөн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас худалдан авах буюу энэ зорилгоор банкинд урьдчилгаа санхүүжилт олгоход ашиглана ....
Өөрөөр хэлбэл Ирээдүйн тэтгэврийн сан бүрдүүлэх хүрээнд ипотекийн зээлд эргүүлэн ашиглаж, сангаа арвижуулахын зэрэгцээ иргэдээ ч орон сууцтай болгох бололцоог энэ хууль олгож байгаа юм.
Засгийн газар тооцохдоо 2030 он гэхэд 8-10 их наяд төгрөгийн хуримтлал Ирээдүйн тэтгэврийн нөөц санд бий болгоно гэж үзэж байна.
2016.04.15
2016.04.15