Малчин, тариаланчдын эрсдлийг бууруулах цогц бодлого хэрэгжүүлж байна
Цаг үеийн асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.
- Өнгөрсөн баасан гаригт Хятад улс руу үхэр, хонины 16 тонн түүхий махыг экспортоллоо. Манай улс түүхий мах экспортлох боломж бүрдсэн нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
- БНХАУ руу үхэр, хонины түүхий махыг Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор экспортоллоо. Манай улсын хувьд малын гоц халдварт өвчин шүлхий гарч байсны улмаас салаа туурайтай малын махыг экспортлох боломжгүй байсан. Төрийн өндөр хэмжээний айлчлалын үеэр мах экспортлох асуудлыг БНХАУ-ын талд идэвхитэй тавьж байсан. Манай улсын төрийн өндөрлөгүүдийн хийсэн ажлын айлчлал, гэрээ хэлэлцээрийн үр дүнд урд хөрш рүү мах экспортлох боломж нээгдлээ.
Тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны арван нэгдүгээр сард хийсэн айлчлал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн есдүгээр сард хийсэн айлчлал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи-гийн айлчлалын үеэр БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлыг айлын талд тавиад байсан юм. 2012 онд манай улс 40 сая малтай байсан бол 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 56 саяд хүрээд байна.
Ийнхүү мал өссөнөөр дотоодын хүнсний хэрэгцээнд нөлөөлөхгүйгээр мах экспортлох бүрэн боломжтой болоод байна. Махны экспортын түнш шинээр бий болж улмаар экспорт нэмэгдэх нь малчин өрхийн орлого цаашлаад улсын эдийн засагт бодитой хувь нэмэр болох юм. Олон улсад мах махан бүтээгдэхүүнийг экспортлоход үйлдвэрийн аргаар бэлтгэсэн байх шаардлагыг тавьдаг. Энэ шаардлага бидний хувьд тавигдана. Тиймээс олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий үйлдвэртэй байх ёстой. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил БНХАУ-ын мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагаас манай улсын мах бэлтгэлийн гурван үйлдвэрт итгэмжлэл олгоод байна.
- Урд хөрш махны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч тусламж үзүүлэхээр болсон. Энэ ажил эхлэхээр болсон гэж сонслоо?
- 2014 онд хоёр үйлдвэр ОХУ руу мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан бол өнгөрсөн жил 26 үйлдвэр мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болоод байна. Мөн Хятад, Вьетнам улс руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болоод байна. БНХАУ-ын хөнгөлттэй зээлийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 12 үйлдвэрийн хөрөнгө оруулалт шийдвэрлэгдээд байна. Эдгээр үйлдвэрийг хил орчмын бүс нутгуудад үйлдвэрүүдийг байгуулна. Урд хөрш рүү мах экспортлох ажилд Элчин сайд Сүхбаатар болон БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин онцгой анхаарч ажилласныг онцлон хэлэх хэрэгтэй. Мэдээж бусад орнуудад махыг экспортлох талаар идэвхитэй ажиллаж байна.
- Ер нь өнгөрсөн жил нэлээдгүй ажил амжуулсны нэг нь махны экспорт юм байна. Гэхдээ манай улсын хувьд шүлхий болон малын гоц халдварт өвчин гардаг онцгой бүс нутаг. Тиймээс экспортод мах гаргана гэхэд тулгарах бэрхшээл бий?
- Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын бүсийн уулзалтыг зохион байгуулах үеэр малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, шүлхийгээс ангид байх талаар хамтран ажиллах саналыг бусад улс орнуудад тавьсан. Ялангуяа махны экспортод гол саад болж байгаа гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх хамтын ажиллагаа өрнүүлэхэд анхаарлаа хандуулж ирсэн. Тухайлбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2016 оны Ерөнхий ассамблейд шүлхийтэй тэмцэх үндэсний стратеги хөтөлбөрөө батлуулна.
Ингэснээр дэлхийн хэмжээнд энэ чиглэлээр хөтөлбөр боловсруулж, үндэсний стратеги батлуулж байгаа гурав дахь орон болно. Дэлхийн жишиг, стандартад нийцсэн хөтөлбөртэй болсноор зөвхөн хоёр хөршдөө мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоод зогсохгүй, дэлхийн бусад улсад гаргах боломж бүрдэнэ. Мөн малын эмчийн чадавхи болон хил орчмын хяналтын цэг дэх лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үүнд Азийн хөгжлийн банкнаас авах зээл УИХ-аас батлагдлаа. Мал амьтны эрүүл мэндийн тухай болон малын генетик нөөцийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Эдгээр хуулиуд батлагдсанаар малын өвчинтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой. Тухайлбал, талуудын оролцоо, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож өгнө.
Түүнчлэн хүнс хөдөө аж ахуйн салбарт дараагийн 10 жилд төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг батлууллаа. Мөн хэд хэдэн хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Жишээлбэл, органик хүнсний тухай хууль батлагдах шатандаа явж байна. Энэ хаврын чуулганаар батлагдана гэсэн хүлээлттэй байна. Ингэснээр дэлхийн зах зээлд экспортод гарах бүтээгдэхүүний үнэлэмж, өрсөлдөх чадвар сайжрах болно. Мэдээж аж ахуйн нэгжийн органик байдлаар боловсруулсан бараа бүтээгдэхүүнийг өөрсдөө тодорхойлохоос гадна хөндлөнгийн байгууллага, олон улсын төвшинд нийцэх дүгнэлт, тодорхойлолтыг гаргах боломжтой боллоо.
Мөн Тариалангийн тухай хуулийг намрын чуулганаар баталсан. Энэ хууль нь салбарын хувьд олон жил хүсэн хүлээсэн хуулиудын нэг байсан юм. Ингэснээр газар тариалангийн салбарт зах зээлийн зарчмаар хөгжих боломжийг бүрдүүлэхэд анхаарсан. Тухайлбал, тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжийг хуулиар нээж өгсөн. Бэлчээрийн мал аж ахуй болон тариалан эрхлэгчдийн хооронд үүсдэг маргааныг мөн энэ хуулиар зохицуулах боломжтой болсон. Мөн тариалангийн газрыг 40 жилээр ашиглуулахаар болсон. Урт хугацаагаар ашиглахын тулд арчилгаанд нь тариаланчид түлхүү анхаарах учиртай. Ер нь төрийн өмчийн газрыг эзэмшихдээ нэгдүгээрт, тариалангийн зориулалтаа ашиглах ёстой. Хоёрдугаарт, хөрснийхөө чанарт анхаарахыг шаардаж байгаа.
- Хөрсний хамгаалалтад хөрөнгө их шаардаж байгаа нь тариаланчдад санхүү бэрхшээлтэй үед хүнд байдалд оруулдаг тухай ярьж байсан шүү дээ?
- Тариаланчдын импортоор авч байгаа хөрс хамгаалах зориулалттай техник, тоног төхөөрөмжийг татвараас хөнгөлж байна. Мөн хөнгөлөлттэй зээл олгоход анхаарч байна. Түүнчлэн баталгаат агуулахад байгаа буудай болон өөрийн эзэмшлийн тариалангийн газрын гэрчилгээг барьцаалан зээл авах боломжтой болсон. Газар тариаланг цаашид тогтвортой хөгжүүлэхийн тулд байгалийн хүчин зүйлээс хамгаалах чиглэлийн заалтыг оруулж өгсөн. Мөн усалгаатай тариалан эрхэлж байгаа бол гадаргын усны төлбөрөөс чөлөөлөхөөр хуульд тусгасан.
Мөн газар тариалангийн техникийн шинэчлэлийг өнгөрсөн жилд нэлээдгүй дэмжсэн. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд энэхүү ажилд 80 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
- Жил бүрийн хавар салбарын яам болон мэргэжилтнүүд, тариаланчдын хооронд үл ойлголцол үүсдэг. Энэ жил энэ байдал давтагдах уу?
- Салбарын яам тариа¬ланчидтай үл ойлголцох асуудал байхгүй. Маш сайн ойлголцдог. Харин тариаланчдын нэр барьж хувийн эрх ашгаа түрүүнд нь тавьдаг ганц, хоёр хүн бий. Эдгээр хүмүүсийн хууль бус хүсэлт, шаардлага, үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан. Энэ нь эргээд тариаланчидтай үл ойлголцсон мэтээр нийтэд ойлгогдсон байх. Тиймээс салбарын сайд хэн байхаас үл хамааран хууль эрх зүйн орчноор шийдэгддэг байх нь зүйтэй гэж үзсэн учраас Тариалангийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулсан. Газар тариалангийн салбарт өнгөрсөн жилүүдэд Атрын аяны хүрээнд ихээхэн дэмжлэг үзүүлсэн байдаг.
Эдийн засгийн хүчин чадал сүүлийн жил хүндэрч, улсын төсөв нэг их наяд төгрөгөөр тасарч байгаа энэ үед нэг салбараа их хэмжээний хөрөнгө зарцуулан дэмжих боломжгүй юм. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий салбараа унагахгүйн тулд дэмжлэгийг зохистой, зөв байдлаар хуульд тусгаж өсөн. Тэгэхээр хөрс хамгаалах, чанартай буудай хурааж авах талд нь анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл, татвар, мөнгөний бодлогоор дэмжиж байна. Мэдээж тариаланчдаас чанарыг эрхэмлэхээс гадна, мэргэжилтэй боловсон хүчнийг ажиллуулахыг шаардана. Мөн зах зээлийн зарчмаар буюу баталгаат агуулахад байгаа улаан буудай болон газраа барьцаалан зээл авах боломжийг нээж өгсөн. Ингэснээр хэн нэгнээс хамааралтайгаар улаан буудайн үнийг өндөр тогтоохыг зорьж, жагсаал цуглаан хийх хэрэггүй юм.
- Зах зээлийн зарчмаар ажиллахыг хүсч байгаагаа тариаланчид илэрхийлж байсан. Энэ нь урамшуулал олгох эсэхээс үүдсэн маргаан байсан санагдана. Тэр үед “Тоо хэмжээг биш чанарыг эрхэмлэнэ” гэж та хэлж байсан. Гэтэл тариаланчид “Төрөөс улаан буудайн үнийг тогтоохгүй байх хэрэгтэй” гэсэн шаардлага тавьсан шүү дээ?
- Төрөөс улаан буудайн үнийг тогтоодоггүй. Харин Тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдан авах будааны үнийг сайдын тушаалаар өмнө нь баталдаг байсан. Харин энэ жил гурилын үйлдвэрүүд болон тариаланчдын хийгдсэн хэлцлийн дундаж үнийг баримтлан санд буудай худалдан авахаар болсон. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн буудайн үнэ зах зээлийн зарчмаар тогтсон. Энэ тогтсон үнийн жишгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан өмнө нь өгсөн зээлэндээ улаан буудайг худалдан авсан гэж хэлж болно. Тариалангийн тухай шинэ хуулиар дотоодын хэрэгцээнээс илүү гарсан улаан буудайг экспортлох боломжийг нээж өгсөн.
-Танай салбарын хэмжээнд цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар уншигчдад хэлж өгөөч?
- Засгийн газраар “Мах” хөтөлбөрийг батлуулж бэлтгэл ажилдаа орсон. Түүнчлэн “Шинэ малчин” хөтөлбөрийг батлуулан, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах салбарын бодлогод энэ хөтөлбөрийн талаар тодорхой дурдсан байгаа. Тодруулбал, өндөр ашигтай үхэр сүргийг өсгөх. Өөрөөр хэлбэл, одоогоор нийт малын зургаан хувийг эзэлж байгаа бол үүнийг 20 хувьд хүргэхээр шат дараалсан ажлыг хийж байна. Ингэснээр төрийн зүгээс анхаарч ажиллах эрх зүйн орчин бүрдэж байна гэж болно. Малчдын хувьд малын тоо өссөн ч орлого тэр хэрээр өсч чадахгүй байгаа. Тиймээс малчдын орлогыг нэмэгдүүлэхийн тулд махны экспортыг нэмэгдүүлэх тал дээр ажиллана. Үүнтэй хол¬боотойгоор хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд Хөгжлийн банкны эх үүс¬вэрээс 100 тэрбум төг¬рөгийн эх үүсвэр шийдвэрлэгдээд байна. Мэдээж аль банкаар дамжуулан олгох вэ гэдэг шийдвэрийг ойрын өдрүүдэд гаргах болно.
Түүнээс гадна малчид өндөр хувийн хүүтэй хэрэглээний зээлийн дарамтад байсныг хүн бүхэн мэднэ. Тиймээс бид зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авсан. Одоогоор 153 мянган малчин өрхийн 120 мянга нь жилийн 30 орчим хувийн өндөр хүүтэй хэрэглээний зээлтэй. Энэ нь нийт 222 тэрбум төгрөгийн малчдын зээл эзэлж байгаа юм. Малчдын хувьд тогтмол орлого байхгүй учраас дарамт учруулдаг байсан. Тэгэхээр тэднийг дэмжихийн тулд Цагаан сарын өмнө зээлийн хүүг бууруулж Төрийн банкаар дамжуулан 40.7 тэрбум төгрөгийн зээлийг жилийн 18 хувь, сарын 1.5 хувийн хүүтэйгээр малчдад олгосон байна. Цаашид малчдыг малаа эрүүл байлгахад анхаарч ажиллана. Мэдээж үйлдвэрлэгч гэдгээ батлахын тулд малчин дансаа ашиглах ёстой. Ирээдүйд тэтгэвэрт гара¬хад нь саадгүй байхын тулд нийгмийн даатгалд хамрагдах хэрэгтэй гэдгийг таниулж байгаа. Тухайн малчин өрхийн насанд хүрсэн, мал малладаг хүмүүс нийгмийн даатгал төлж байх ёстой. Ингэснээр зээлийн хүүг бууруулах, үйлдвэрлэлийг дэмжсэн хөнгөлөлттэй зээлд хамруулах боломж нээлттэй байх болно.
- Малчдад хөнгөлөлттэй зээл олгодог болсон нь сайн хэрэг. Гэвч эрсдэл өндөртэй учраас зээлийн хүүг өндөр тогтоохоос аргагүй гэдэг тайлбарыг арилжааны банкныхан хэлж байна?
- Эрсдэл өндөртэй учраас хүү нь өндөр байдаг. Харин малчдын зээл бол эрсдэл багатай зээлийн эргэн төлөлт өндөр хувьтай байдаг. Зээлийн эргэн төлөлт буюу малчны зээл эрсдэлгүй байх нэг нөхцөл нь тэднээс гарч байгаа бүтээгдэхүүнд чанарын шаардлагад нийцсэн байх шаардлагатай. Тухайлбал, малын эрүүл мэндийн асуудал. Мал эрүүл байх үндэс нь мал эмнэлэг, малын эмчийн ур чадвартай холбоотой. Үүнтэй холбоотойгоор малын эм бэлдмэл үйлдвэрлэдэг “Био комбинат”-ын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулахад анхаарч Унгараас 25 сая ам.долларын зээл авахаар болсон. Энэ мэтчилэн цогцоор нь асуудлыг шийдвэрлэж байгаа учраас малчдын эрсдэл буурна. Мэдээж малчдын өөрсдийнх нь хүчин чармайлт чухал.