Шохойн чулуу, гөлтгөнө зэргийг түгээмэл ашигт малтмалд тооцсонгүй
2016.02.29

Шохойн чулуу, гөлтгөнө зэргийг түгээмэл ашигт малтмалд тооцсонгүй

Бид өмнө нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн сурталчлан таниулах нийтлэлийг хүргэж байсан. 2014 оны 1-дүгээр сард батлагдсан уг  хуулийн давуу болон сул талын талаар  Техникийн ухааны Магистр, МУ-ын Зөвлөх инженер Ч.Баатарсүрэнгээс дараах  тодруулгыг авлаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн ач холбогдол нь юу вэ?

 Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь нийслэл болон аймаг, орон нутгийн Засаг даргад эрх олгосноороо давуу талтай хууль болсон.

Уул уурхайн ашиглалттай холбогдсон ерөнхий хуульд живүүлж уусгахгүйгээр түгээмэл тархацтай, ашигт малтмалын тухай бие даасан хууль гарсан нь том дэвшил. Ашигт малтмалын тухай Ерөнхий хуульд тусгагдсан хар ба өнгөт металлын хүдэр олборлолт, ашиглалт болон шатдаг материалын ашиглалтад тавигддаг шаардлага, ялангуяа холбогдох татварын хэмжээ зэрэгтэй түгээмэл тархацтай ашигт малтмалын татварыг адил түвшинд бус нилээд бага  байхаар зохицуулж тусгаснаараа давуу талтай.

Тэгвэл энэ хуулийн сул талыг нь юу гэж харж байна вэ?

Зам, барилга байгууламжийн зориулалттай хэрэглэгддэг элс, хайрга, тоосгоны шавар, галт уулын хүрмэн чулуу, барилгын чулууны дайргыг “Түгээмэл тархацтай ашигт малтмал”-д хамруулсан боловч шохойн чулуу (шохойн болон цементийн үйлдвэрийн үндсэн түүхий эд), гөлтгөнө зэрэг өргөн хэрэглэгддэг эрдэс түүхий эдийг түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн хүрээнээс орхисон нь томоохон сул тал болсон.

Барилгын салбарт мэргэжлийн хүн ховор байна.

Мөн уг салбарт мэргэжлийн хүн ховор байна. Салбар эрхэлсэн яамны удирдлагын түвшинд ч адил. Хайгуул хийх шаардлага, хэрэгцээ, тэдгээр түүхий эдийг боловсруулдаг, үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүн болгох зэрэг асуудал Барилгын яаманд харьяалагддаг. Гэтэл  хайгуулын тайлан хамгаалах, бүртгүүлэх асуудал өөр яаманд харъяалагдаж байна. Ер нь дэмжих, боловсронгуй болгон хөгжүүлэх асуудал нь өөр хоёр яаманд хуваагдсан.

Мөн урт нэртэй хуультай сайтар уялдуулаагүй. Ялангуяа Улаанбаатар хотын газар нутаг, Туул голын ай сав газарт элс, хайргын олборлолтыг шийдэх гарц боломжийг олоход хууль эрх зүйн оновчтой орчин бүрдүүлээгүй. Энд байгаль сүйдсэн хэвээр, тэнд олборлолт явуулагчдын чирэгдэл, алдагдал, маргаан үргэлжилсээр байна.