Чанартай бөгөөд хямд барилга барьж чадсан нь л зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлддэг
“Молор констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганболортой барилгын салбарын талаар цөөн хором ярилцлаа.
Барилга бүтээн байгуулалтын салбарт яагаад үйл ажиллагаа явуулах болсон бэ?
Барилга байшин, бүтээн байгуулалт гэдэг миний дуртай, сонирхдог салбар. Хийсэн ажил, бүтээн байгуулалт нь олон жилийн туршид үлддэг учраас энэ ажлыг хийх сонирхолтой байдаг.
Барилга байшин, бүтээн байгуулалт гэдэг миний дуртай, сонирхдог салбар
Манай компани 2009 оноос барилга, угсралтын чиглэлд ажил гүйцэтгэж эхэлсэн. Байгуулагдсан цагаасаа орон сууц барьж, сүүлийн үед нийгэм рүү чиглэх үүднээс спорт цогцолбор, спортын танхим зэргийг барьж байна. Туслан гүйцэтгэгчид, инженер техникийн ажилчид гээд нийт 60-100 ажилчинтай.
Эдгээр бүтээн байгуулалтыг хийхэд ямар шинэ санаа, техник технологийг дэвшүүлж байна?
Одоогоор шинэ санаа гэлтгүй бусадтай адил жишгээр ажилладаг . Харин цаашид тунелин хэв, нийлэг шилэн арматур зэргийг барилгад ашиглах төлөвлөгөөтэйгээр судалгааны ажил хийж байна.
Энэ салбарт ажиллахаднэгд чанар, хоёрт аюулгүй ажиллагаа, гуравд ашиг байх ёстой. Бид чанараараа өрсөлдөж, амьжиргааны түвшинд тохирсон жишиг үнийг тогтоохыг зорьдог. Чанартай бөгөөд хямд үнээр өрсөлдөнө.
Манай компани орон сууцаа өндөр үнэтэй борлуулдаггүй. Бусад компанийн жишиг үнээс харьцангуй доогуур үнэтэй. Тиймээс одоогийн нөхцөл байдлыг эдийн засгийн хүндрэл гэхээс илүү боломж гэж харж байна. Эдийн засгийн хүндрэл нэг их удаан үргэлжлэхгүй байх. Банкуудтай нягт хамтран ажиллаж чадвал иргэд ч боломжийн үнэтэй орон сууц худалдан авах боломж байна.
Найман хувийн зээлийг зогсоосон нь танай салбарт хэрхэн нөлөөлж байна?
Хэрэв энэ чигээр нь зогсоовол барилгын салбар уналтад орно. Барилга бүтээн байгуулалт өрнөхгүй бол эдийн засагт ч хохиролтой.
Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байхад төрийн байгууллагатай холбоотой үйл ажиллагаа гацсан тохиолдол бий юу? Танай салбарт ямар асуудал тулгамдаж байна?
Жил ирэх тусам төрийн байгууллагын үйл ажиллагаа сайжирч, төр-хувийн хэвшлийн түншлэл боломжийн түвшинд өрнөж байна. Төрийн болон бизнесийн байгууллагын боловсон хүчин чадавхиж, хариуцсан ажилдаа мэргэшсэн. Тиймээс төрийн байгууллагатай холбоотой ажил гацсан тохиолдол гарахгүй байна гэж хэлж болно. Жижиг хүндрэлүүд байгаа нь компанийн өөрсдийн үйл ажиллагаанаас хамаардаг. Барилга бүтээн байгуулалтын салбарт төр, банк шууд утгаараа оролцож байна. Банкны зээл авах босго хэт өндөр байгаа юм шиг санагддаг.
Барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг компани өөрийн нөөц боломжид тулгуурлан шийдэх боломж бий юу?
Үндэсний хэмжээний том корпорициудад л өөрсдийн нөөц боломжид тулгуурлан шийдвэрлэх боломж бий. Бүтээн байгуулалтын ажил асар их хөрөнгө оруулалт шаарддаг. Тийм учраас компани дангаараа асуудлаа шийдвэрлэх боломжгүй. Гэхдээ цаашид зах зээлийн өрсөлдөөний зарчмаар чанартай бөгөөд хямд орон сууц, барилга байгууламж барих чадамжтай компаниудад боломж бий гэж харагддаг.
Монгол улсын барилга, бүтээн байгуулалтын салбарт өрсөлдөөн хэр шударга явагддаг гэж үздэг вэ?
Барилгын салбарт өрсөлдөөн харьцангуй шударга гэж харагддаг. Хүмүүсийн шаардлагыг хангасан, чанартай бөгөөд боломжийн үнэтэй барилга барьж чадсан нь л зах зээлийн өрсөлдөөнд тэсч үлддэг. Харин чанар муутай барилга барьж, нэг удаагийн ашгийн хойноос хөөцөлддөг ААН, хувь хүний хувьд удаан тэсэхгүй. Одоогоор зах зээлд борлуулагдаж буй орон сууцны үнэ маш хөөстэй байна гэж боддог.
Цаашид барилга бүтээн байгуулалтын салбар тогтвортой байж, эрчимтэй хөгжихөд ямар бодлого хэрэгтэй байна гэж боддог вэ?
Нэг компани гэхээс илүү барилга угсралтын үйл ажиллагаанд оролцож буй жижиг компаниудаа томоохон бүтээн байгуулалт руу оруулж, баялгийг эрх тэгш хуваарилж чадвал цаашид тогтвортой байх боломжтой. Дахин хэлэхэд барилгын салбарт чанартай бөгөөд боломжийн үнэтэй барилга, орон сууцыг зах зээлд нийлүүлэх нь чухал.
Мөн аль болох Монгол ажилчдаа ажлын байраар хангах ёстой.
Мөн аль болох Монгол ажилчдаа ажлын байраар хангах ёстой. Ингэснээр барилгын салбараас олж буй ашиг Монголдоо л үлдэнэ гэсэн үг. Барилгын салбарт сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирэх цаг нь болсон. Барилгын төсөл, төлөвлөлтийн дагуу барьж буй бүрэн цутгамал барилга гэхэд л 1 сая хоёр зуун мянгаар иргэдийн гар дээр очих боломжтой.
Улаанбаатар хот дэд бүтэц муутай гэдэг. Энэ нь салбарын хөгжилд хэр сөргөөр нөлөөлж байна?
Төрийн оролцоо яг энд л хэрэгтэй байна. Дэд бүтцийн асуудлыг шийдээд өгчихвөл л хот тэлэх боломжтой. Засаг захиргааны байгууллагуудыг хотын зах руу нүүлгэж, одоогийн Засгийн газрыг “музей” болгох хэрэгтэй юм шиг л санагддаг. Хэрэв төрөөс шийдэж өгөхгүй бол барилгын компаниуд хамтран, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх боломж бий. Мөн барилгын компаниуд аюулгүй ажиллагаандаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна. Нэг хэсэг хүссэн хүн бүр л барилга барьж, чанаргүй барилгын тоо олширсноос иргэдийн барилгын салбарт итгэх итгэл суларсан. Харин одоо чадамжтай компаниуд нь тунаж үлдсэн гэж харагддаг. Бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд байгаа хэдий ч цаашид хөгжинө гэдэгт итгэлтэй байна.