Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Швабтай уулзлаа
БНХАУ-ын Далянь хотод зуны Давосын чуулга уулзалтад оролцож буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Швабтай ажил хэргийн уулзалт хийлээ.
Уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа болон албаны бусад төлөөлөгчид, бизнесийн төлөөлөл оролцлоо.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь Монгол Улстай нягт харилцаа, хамтын ажиллагаатай байсаар ирсэн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч өвлийн Давосын чуулга уулзалтад олон жил хүндэт зочноор оролцсон. Монгол Улс эдийн засгийн хөгжлийн гарцыг судлах, эдийн засгийн хөгжлийн тодорхой загваруудыг боловсруулахад Давосын чуулган чухал үүрэгтэй байдаг гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон юм.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Шваб 2007 оноос зохион байгуулагдаж ирсэн зуны Давосын чуулга уулзалтад Монгол Улсаас оролцож буй анхны Ерөнхий сайд нь ноён Сайханбилэг та болж байна гэдгийг онцлоод Монголын эдийн засгийн цаашдын төлөв байдалд анхаарч, ач холбогдол өгч байгаагаа хэллээ. Зуны Давосын чуулга уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайдын хэмжээнд оролцож байгаад Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг үндэслэгч, гүйцэтгэх захирал Клаус Шваб талархлаа илэрхийллээ.
Зуны Давосын чуулга уулзалт 2007 оноос БНХАУ-ын Далянь, Таньжин хотуудад ээлжлэн зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтад 90 гаруй орны Засгийн газар, бизнес, судалгаа шинжилгээ болон хэвлэл мэдээллийн 1500 гаруй төлөөлөгч оролцохоор иржээ.
“Өсөлтийн шинэ чимэглэлийг зураглах нь” ерөнхий сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, мэдээллийн технологийн хөгжил, түүнээс эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлж буй нөлөөлөл, дэлхийн эдийн засгийн байдал, байгалийн нөөцийн хомсдол болон Хятадын эдийн засгийн тэлэлт зэрэг чиглэлээр 160 орчим хуралдаан болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.