Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.
Ерөнхий сайдыг огцруулах саналд та гарын үсэг зурсан гэв үү?
Тэгсэн.
-Ямар үндэслэлээр Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж үзэж байгаа вэ. Үүнийгээ намынхаа бүлэгтэй зөвлөлдсөн үү?
Яагаад огцруулах санал гаргасан нь ойлгомжтой. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийж эхэлсэн цагаас эхлэн бид шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Оюутолгойн гэрээг сайжруулахаар гаргасан УИХ-ын 57 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлнэ, Оюутолгойн гэрээг сайжруулна гэж ярьж байсан нөхөд эрх мэдэлд хүрээд байр сууриа өөрчилсөн.
Гэхдээ ард түмний хүсэл хэвээрээ гэж ойлгож байна. Та бүхэн өөр дээрээ жишээ аваад бодоод үз. Байр юм уу автомашин худалдан авахаар тохирсон анхны үнэ нь дөрөв дахин нэмэгдчихвэл тэр наймааг хүн хийх үү. Яг үүнтэй ижил, Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтыг 2.7 тэрбум ам.доллар гэж байсан. Сүүлдээ 5.1 болж нэмэгдээд, одоо 8.3 тэрбум ам.доллар боллоо.
Дахиад зургаан тэрбумыг нэмж зээлэх тухай баримтад гарын үсэг зурлаа Монголын тал Оюутолгойн ордын 34 хувийг эзэмшиж байгаа. Тэгэхээр нийт зээлийн ийм хэмжээний хэсгийг төлж таарна. Зээлийн хүүг төлөлцөж, ачааг үүрэлцэнэ. Ийм хэмжээний ачааг ард түмний нуруун дээр үүрүүлчихээд амжилттай ажиллалаа гэх юм. Тиймээс ийм гэрээнд гарын үсэг зурсан Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой.
Уг нь Засгийн газраас гурван сайд нь ажлын хэсэгт орж хоёр жил шахуу ажиллаад хоёр тэрбумын зардлын хэтрэлт байна. Энэ нь үндэслэлгүй, баримтаар нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргачихсан байдаг. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлтийг огт хэлэлцэхгүй байна. Төрийн ажил ингэж явах ёсгүй.
-Ерөнхий сайдыг огцруулахаар өөр ямар гишүүд гарын үсгээ зурсан бэ?
Би сайн мэдэхгүй байна. Г.Уянга, .Даваасүрэн, Х.Болорчулуун бид дөрөв анх зурсан. Дээр нь нэмэгдэж байгаа гэсэн.
-Засгийн газар нэг тэрбум ам.долларын бонд босгохоор болсон. Үүнийг та дэмжиж байна уу?
Монгол Улсын зээл хяналтгүй болчихлоо. Зээл улсын аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрлээ гэж бүгд ярьж байгаа. Гэхдээ Засгийн газарт хамтарсан нэрээр энэ байр сууринаасаа ухарч, дундаа орлоо. Засгийн газрын өрийг тусад нь тооцоод бусдыг нь улсын өрд тооцохгүй гэнэ. Эцсийн дүндээ компанийнх байна уу хаанах байна тэр өрийг Монгол Улс л төлнө. Үр хойчдоо их хэмжээний өр үлдээчихээд юугаар төлөх юм. Газар нутгаа өгөх юм уу. Гэтэл Оюутолгойн өр бидэнд хамаагүй гэж ярьж байна. Бид л төлөх нь ойлгомжтой биз дээ.