Оюутолгойн хэрүүл 300 сая ам.долларын өрөнд унагасан
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.05.26

Оюутолгойн хэрүүл 300 сая ам.долларын өрөнд унагасан

Маш их өртөгтэй хэрүүл. Улстөрчдийн энэ хэрүүл ард түмний нуруун дээр өр буулгасан. Өөрөөр хэлбэл, улстөрчид томоохон төсөл рүү орж хэрүүл өдөхөд маш их өртөг хүлээдэг юм гэдгийг дээрх тоо харуулж байгаа

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ энэ долоо хоногт /өнгөрсөн долоо хоног/ Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг дэмжих боломжгүй гэх үндэслэлээр долоо хоног хойшиллоо. Хойш­луулах шалтгаан нь юу байсан юм бол. Хоёрдугаарт энэ хууль нь Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслөөс юугаараа ялгаатай юм?

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар ямар боломжийг олгох вэ гэхээр урьд өмнө татвараас нуусан орлогоо ил болгох юм. Бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө байгаа бол түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж, нэг удаа хариуцлагаас чөлөөлөгдөнө. Нэг ёсны Авлигатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнуудад /АТГ-аас 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахдаа 244 албан тушаалтны мэдүүлэг гаргажээ/ хамаарах болж байгаа.

Эдийн засгийн өршөөлийн хуулийн хүрээнд татварын маргаан нь эрүүгийн гэмт хэрэг болсон тохиолдолд хамаарахаар заасан нь дээрх хуулийн төслийн адил үйлчлэл нь маш явцуу хүрээг хамаарч байгаа юм. Хууль хүн бүрт тэгш, шударга үйлчлэх ёстой. Хувь хүн аж ахуйн нэгжээ бага, том гэлгүй хамруулах ёстой. Гэтэл УИХ-д өргөн баригдсан дээрх төслүүд нь тодорхой тооны хүмүүсийг хамаарахуйц агуулгатай болсон нь бүлгийн хувьд дэмжих боломжгүй байсан.

-Одоо яах вэ, ийм хууль батлах шаардлагагүй гэсэн үг үү. Уг нь танай бүлэгт Татварын өршөөлийн хуу­лийг яаралтай УИХ-аар хэлэл­цүүлээч ээ гэдэг байр суурь­тай гишүүн цөөнгүй байсан. Тэдний нэг нь та?

Эдийн засаг хүнд байгаа үед энэ хуулийг батлах зайлшгүй шаардлага бий.Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг 1.2 сая иргэний 80-90 хувь нь хувийн хэвшлийн салбарт ажиллаж байна. Гэтэл маш олон аж ахуйн нэгж татварт өртэй, нийгмийн даатгалд өртэй байна. Сүүлийн гурван жил 11 мянган аж ахуйн нэгж цагдаад шалгагдсан байна. Улсад тогтмол татвараа төлдөг 24 мянга орчим аж ахуйн нэгж бий, гэтэл 50 хувьтай нь тэнцэх шахам буюу хоёр аж ахуйн нэгжийн нэг нь цагдаа, хүчний байгууллагад шалгагдаж.... Энэ бол аймшигтай тоо.

Татварын ерөнхий газрын даргын мэдээллээр жил бүр 10 мянган аж ахуйн нэгжийг татварын тодорхой шалгалтад хамруулдаг. Өөрөөр хэлбэл, төр нь баялаг бүтээгчдээ дэмжих бус дарамталж байна гэж ойлгож болохоор байгаа. Тийм учраас УИХ дээрх хуулиудыг батлах ёстой.

Батлахдаа эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслөө Татварын өршөөлийн хууль гэж нэрлээд бүх аж ахуйн нэгж, иргэн хамрагдах боломжтойгоор батлах. Мөн УИХ цаг алдалгүй, ирэх зургадугаар сард багтаагаад Хяналтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Татварын шинэчлэлийн хуулиудыг баталж чадвал баялаг бүтээгчиддээ боломж олгоод зөв тохироо болно гэсэн байр суурьтай байна.

-Засгийн газар хуулийн төслийг боловсруулахдаа улс­төрч­дөд илүү хамааралтай байхаар заасан нь бизне­сийнх­нээсээ илүү улстөрчид нь баян болсныг нь хүлээн зөвшөөрч, зориулж хууль батлуулахаар оруулсан нь энэ юм болов уу?

Энэ хууль ямар ч тохиолдолд улстөрчдийн нуусан орлогыг ил болгох зорилгоор батлагдаж болох­гүй. Ийм увайгүй юм гэж хаа байсан юм.

-Улстөрчидийн нуусан орло­гыг ил болгохгүй гэхээр далд эдийн засаг ил болохгүй юм биш үү?

Энэ бол эдийн засгийн өршөөл биш татварын өршөөл гэж би харж байгаа. Татвартай харьцдаг хувь хүн, татвартай харьцдаг аж ахуйн нэгжүүд бүгдээрээ хамрагдаад өнөөдөр үүсчихээд байгаа торгууль, шийтгэл, актууд энэ бүхэн нь цуцлагдаж, мөн 2007 онд баталсан Татварын өршөөлийн хуульд хамрагдаж чадаагүйгээс өнөөг хүртэл хоёр баланстай явж байгаа аж ахуйн нэгж нь нэг удаагийн өршөөлд хамрагдчихвал далд эдийн засаг ил болж, цаашдаа дотоодынхоо эдийн засгийг дэмжээд явах бололцоо нь бүрдэх юм. Ийм л хууль батлуулах бодолтой байна.

-Зарим улстөрч татварын өршөөлийн хуулийн давтамж нь ойрхон байна. Дэлхийн бусад орнууд Монгол шиг 7-8 жилийн дараа татварын өршөөлийн хууль баталдаггүй гэх юм?

Уг нь буруу жишиг. Гэхдээ Монголын хувьд зах зээлийн нийгэмд шилжээд дөнгөж 25 жил болж байгаа учраас зайлшгүйгээр татварын өршөөлийг зарлах бодитой нөхцөл байдал үүссэн. Нийгэмд хүлээлт, эрэлт, хэрэгцээ шаардлага бий болсон.

-Үндэсний компаниуд гадаа­дын хөрөнгө оруулагчтай нийлж хамтарч компани байгуулсан тохиолдол олон. Энэ тохиолдолд татварын өр­шөө­лийн хуульд хамруулах уу?

Монгол Улсад бүртгэгдсэн аж ахуйн нэгж бол Монголын л аж ахуйн нэгж. Тэдгээрийг дотоодын хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай, хамтарсан гэж ялгаж болохгүй. Гадаадынх байсан ч Монголд үйл ажиллагаа эрхлээд монгол хүмүүсийг ажиллуулаад, Монголд тодорхой хөрөнгө оруулалт хийгээд, ноу хау бий болгоод, шинэ технологи оруулж ирээд ажиллаж байгаа. Ялгаж зааглаж болохгүй.

Ер нь хууль батлагдсан нөхцөлд эдийн засгийг ил тод болгоно. Далд хэлбэрээр 3-5 их наяд төгрөгтэй тэнцэх хөрөнгө татвараас гадна эргэж байна гэж ярьдаг. Энэ нь ил болоод тодорхой хэмжээний татварын орлого бүрдүүлэх бололцоог олгоно. Гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах болчихсон ийм үед дотоодын боломжоо ашиглах ёстой.

УИХ-аас 2007 онд Татварын өршөөлийн хуулийг зарласны дараа 2008 онд татварын орлого 26 хувиар өсч, 1.5 их наяд төгрөгөөс 1.8 их наяд төгрөг болсон байдаг. Аж ахуйн нэгжийн тоо 24 мянгаас 40 мянга гаруй болж үндсэндээ хоёр дахин шахам нэмэгдсэн.

Үр дүнд нь эдийн засаг тодорхой хэмжээгээр тэлсэн, мөн ДНБ тэлсэн.

“МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН ТОГЛООМЫН ДҮРЭМ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ”
-УИХ өнөөдрийн /өнгөрсөн баасан гаригт/ Засгийн газрын цагаар Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Оюутолгойн далд уул уурхай санхүүжилтийг шийдсэнээр Монголд 6-8 тэрбум ам.доллар орж ирэх боломж нээгдсэн гэж байгаа ч С.Ганбаатар гишүүн “Монголыг 8.1 тэрбум ам.дол­ларын өрөнд унагасан гэрээ” гэх. Эдийн засгийн үр өгөөжийг нь хэрхэн харж байна вэ?

Оюутолгойн далд уурхайг хөдөлгөх ёстой. Энэ бол том алхам. Далд уурхайг ашиглахад шаардагдаж байсан 4.2 тэрбум ам.долларын эх үүсвэрийг шийдэж чадсан байгаа. Гол нь 4.2 тэрбум ам.долларыг жил бүхэн зориулалтаар нь авч чадаж байна уу, үгүй юу гэдэгт анхаарах ёстой, бас тодорхой болгох нь чухал.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан цагаас Монгол Улс жил бүр менежмэнтийн гэрээгээр 60-70 сая ам.долларыг хөрөнгө оруулагч талд төлж ирснийг 10 сая ам. доллараар буулгасан. Энэ бол тодорхой үр дүн юм.

Харин бид Оюутолгойг тойрч гурван жил маргасны дүнд зээлийн хүүгийн өрөнд 300 сая ам.долларыг төлсөн. Маш их өртөгтэй хэрүүл. Энэ хэрүүл ард түмний нуруун дээр өр болон бууж байгаа. Өөрөөр хэлбэл, улстөрчид томоохон төсөл рүү орж хэрүүл өдөхөд маш их өртөг хүлээдэг юм гэдгийг дээрх тоо харуулж байгаа. Одоо ажлаа бодох ёстой. Маргасаар суутал бид юу ч бүтээж чадалгүй олон зүйлээс хоцрогдлоо.

-Цаашдаа юун дээр анхаа­рах ёстой вэ, тэгвэл?

Оюутолгой аж ахуйн төсөл, эдийн засгийн төсөл, цэвэр бизнесийн төсөл. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ хуралдаад тухайн онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ, хэдий хэмжээний худалдан авалт хийх вэ, ямар хэмжээний хувьцааны ашиг хуваарилах вэ гэдгийг шийддэг. Энэнд УИХ, Монголын Засгийн газар оролцдоггүй, түүний нэгэн адилаар Оюутолгойн ТУЗ нь энэ бүхнийг шийдээд явж байх хэрэгтэй. Одоо бол Оюутолгойн ТУЗ-руу Засгийн газар оролцоод, УИХ оролцоод, 76 гишүүн нь ТУЗ-ийн гишүүд шиг аж ахуйн бизнесийн ажил руу орох нь орох шахам байна шүү дээ.

Хоёрдугаарт, “Рио Тинто” бол дэлхийд нэр хүндтэй маш том компани. Дэлхийн Хөрөнгийн бирж дээр нээлттэй компани. Оюутолгойд 4.2 тэрбум ам долларын зээл өгөх компаниуд бол дэлхийн хамгийн том бодлогын банк. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Японы хөрөнгө оруулалтын сан энэ мэтчлэнгээр Германы, Английн бодлогын банкууд учраас энэхүү хөрөнгийг зарцуулалтынх нь дагуу зарцуулах уу, хөрөнгө оруулалт нь ихсэх үү, буурах уу, энэ компанийн засаглал нь нээлттэй байна уу, хаалттай байна уу гэдэгт бүгд хяналтаа хангалттай тавиад явна.

Нэгэнтээ бид үндэстэн дамнасан компанитай түнш болоод хамтарсан хөрөнгө оруулагч болж байгаа бол дэлхий ертөнцийн тоглодог хуулиар л явах ёстой. Монголчуудад зориул­сан тоглоомын дүрэм гэж дэлхийд байхгүй.

Дэлхийн хөрөнгийн биржийн дүрэм журам ямар байдаг юм, нээлттэй компанийн дүрэм журам ямар байдаг юм, нээлттэй компанитай хамтарч бизнес хийвэл бид ямар хариуцлага хүлээх ёстой юм гэдэг хариуцлагыг ухамсарлах ёстой. Хөмөрсөн тогоонд байгаа юм шиг өөрсөддөө зориулсан тоглоомын дүрэм зохиогоод байж болохгүй.

Энэ бол дэлхийн хөрөнгийн биржийн өөрийнх нь дүрэм, гадны хөрөнгө оруулагчдыг татдаг өөрсдийнх нь дүрэм, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээдэг дүрэм, хууль эрх зүйн орчноороо бизнесийн орчноороо бусадтай өрсөлдөж байгаа гэдгээ сайн ойлгох ёстой. Монгол цорын ганц сонголт биш. Зэстэй, нүүрстэй, төмрийн хүдэртэй орон олон байна.

Энэ улс орнуудаас хөрөнгө оруулагчид юуг хардаг вэ гэхээр засаглал нь ил тод байдаг уу, улс төр нь тогтвортой юу, татварын орчин нь тогтвортой юу, хууль эрх зүйн орчин хэр зэрэг өрсөлдөх чадвартай вэ гэсэн 4-5 гол үзүүлэлтийг харж, итгэж хөрөнгө оруулдаг.

Дэлхийн улс орнууд компаниуд ямар дүрмээр тоглож байна, түүгээр тоглож сурах ёстой. Өөрсдөө бид шинэ шатанд гарч, дэлхийн томоохон компаниудын, дэлхийн бодлогын банкуудын, дэлхийн хөрөнгийн биржүүдийн жишигт хүрэхүйц тийм хэмжээнд хүрэх ёстой болж байна.

Бид дэлхийн интеграцид орсон нэг хэсэг болсон, дэлхийгээс тусдаа өөрийн дүрмээр явах аргагүй.

-Ер нь Монгол Оюутолгойгүй бол яах вэ?

Монгол Оюутолгойгүй бол амьдарч чадахгүй болсон. Төсвийн орлого нь тасардаг, гадаадын хөрөнгө оруулалт нь хасах заадаг болсон байна. Оюутолгойгоос зөвхөн ашиг хараад байж болохгүй, эдийн засгийн өгөөж гэж бий. Жил тутамд 1-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг маш том тоо. Олон зуун мянган ажлын байр бий болно, нөгөө талаасаа татварууд төлөгдөнө. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, байгалийн баялаг ашигласны татвар гээд бүх төрлийн татвараар төсвийн эх үүсвэр бүрдэнэ.

Цаашдаа Оюутолгой хөдлөхөөр Монголын эзэмшлийн 34 хувь үнэд цэнэ орно. Далд уурхайн санхүүжилт шийдэгдэхэд “Рио Тинто”-гийн хувьцааны үнэ өсч байгаатай адил бусад гадаадын хөрөнгийн бирж дээр гаргасан Монголын уул уурхайн компаниудын хувьцааны үнэ өсч байна, энэ бол Монголд итгэх итгэл сэргэж байна гэсэн үг. Зөвхөн Оюутолгойг хүлээгээд хөрөнгө оруулалтаа барьчихсан 200 гаруй том компани байна гэж ярьж байна.

-“Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулж үзвэл Оюутолгойгоос ирэх ашиг ямар байгаа бол. Оюутолгойд Монгол “Эрдэнэт” үйлдвэрийн нэгэн адил 51 хувь эзэмшсэн бол ирэх ашиг нь өндөр байх байсан гэх нь бий?

“Эрдэнэт” үйлдвэр нь 2006-2013 оны хооронд Роялти болон татвар хураамжаар 87 хувийн, ногдол ашгаар 13 хувийн ашиг өгсөн. Харин Оюутолгойн хувьд орж ирсэн 1 ам.доллар болгон нь 3 ам.доллар болж өссөн. Энэ юуг харуулж байна вэ гэхээр аливаа уул уурхайгаас хүртэх ашиг төрийн эзэмшлийн хувь хэмжээнээс илүүтэй татвараа л сайн авч чадах нь чухал юм.

-Цаашдаа Монголын талын 34 хувийг үнэ цэнэтэй болгох ямар боломж байгаа вэ?

Оюутолгойн 34 хувь, Эрдэнэтийн 51 хувийг нийлүүлээд олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах боломж байна гэж би харж байгаа. “Эрдэнэс МГЛ” компани энэ ажлыг хийх боломжтой. “Эрдэнэт” өнөөдөр ямар үнэ цэнэтэй компани болохыг бид мэдэхгүй. Харин Оюутолгой өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын балансын үнэлгээтэй компани болсон.

Түүний 34 хувийг Монгол эзэмшдэг гэхээр 3.4 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгийг бий болгочихсон. Нэг талдаа зээл авч байгаа ч нөгөө талдаа ийм үнэ цэнэ бий болгосон. “Эрдэнэт”-ийн 51 хувийг үнэлээд Оюутолгойтой нийлүүлээд хөрөнгийн бирж дээр гаргах юм бол ард иргэдэд ирэх ашиг, ард иргэдэд ирэх хувьцаа үнэ орно.

Ер нь ард түмэнд зөвхөн Эрдэнэс­таван­толгойн хувьцааг эзэмшүүлэх бус “Эрдэнэс МГЛ” компани дээр байгаа “Эрдэнэт”-ийн 51 хувь, Оюутолгойн 34 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, жинхэнэ утгаар нь үнэ цэнэ хүргэж, ард иргэдэд хувьцааных нь үр шимийг хүртээх цаг болсон.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэлэлцэж байхад жил бүр Оюутолгой компани 100 сая ам.доллартай тэнцэхүйц эрчим хүчийг урд хөршөөс импортолж байна гэсэн. Хэзээ Монгол Оюутолгойг эрчим хүчээр хангадаг болох юм бол?

Уг нь хэрүүл хийхгүйгээр өнгөрсөн гурван жилд Тавантолгойн цахилгаан станцыг барьсан бол жил бүр Оюутолгойгоос 100 сая ам.долларын цахилгааны орлого авах байсан. Нөгөө талдаа Оюутолгой энэ мэтчлэн манай эдийн засагт том нөлөө үзүүлдэг төсөл болсон байна.

Оюутолгой төслийн нэг, хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт нь 11 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа, энэ бол дэлхийн хэмжээний мега төсөл гэдгийг харуулж байгаа юм. Одоо энэ төслийг хэрэгжүүлэхэд улстөрчид маань мэдлэг, мэдээлэл, боловсрол энэ бүхнээ дээшлүүлэх ёстой. Түрүүн би хэлсэн, гурван жилийн хэрүүлээс болж 300 сая ам.долларын зээлийн хүүг ард түмэнд үүрүүлсэн гэж... Энэ бүхнийг улстөрчид маань ойлгож ярих ёстой.