Банкууд талийгаачдаас зээлээ хүүтэй нь авч чадаж байна
МАЧХ-ны тэргүүн Г.Баасан тэтгэврийн хүүг тэглэхээр зургаан жил тэмцэж байна. Тэрээр төр хүсвэл тэтгэврийн зээлийн хүүг тэглэж болно гэж үзэж байгаа юм.
-Тэттэврийн зээлийн хүүг бууруулах шалтгаан нь юу вэ?
Одоо тэтгэвэр зарим гэр бүлийн үндсэн орлого болчихоод байна. Залууст ажил олдохгүй байна. Олоод ажилласанд нь цалин хөлс хүрэлцээгүй, бүр цалингүй ч ажиллуулах асуудал байна. Энэ тохиолдолд тэтгэврийн хэдэн төгрөг өрхийн амьжиргаа болохоос өөр гарц алга. Ийм байдлаар хүмүүсийг цаашдаа амьдар гэх нь зүйд нийцэхгүй биз дээ. Одоогийн байдлаар зүйтэй мэтээр тэтгэврийн зээлийн хүүг өндрөөр тооцож байна. Эрүүл бус энэ байдлыг олон талаас нь харж, засаж залруулах ёстой.
-Яаж?
Одоо тэтгэврийн зээлийн сарын хүү 1.5-2 хувь байна. Жилийн 18-20 хувийн хүүтэй зээлийг өндөр орлоготой том компаниуд ч авч дийлэхгүй. Гэтэл тэтгэврээс өөр ямар ч орлогогүй ахмадуудад дэлхийн банкуудын зээлийн хүүгийн бодлогын ангиллаас онцгой эрсдэлтэй, хамгийн өндөр хүүтэй зээл олгож байна.
Төр хүсвэл зээлийн хүүг бууруулах олон арга хэмжээ авч болно. Банкуудад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүүгээ бууруулж болно. Нийгмийн даатгалын хөрөнгийг төсвөөс салгаж, банкинд байршуулсан орлогоос тодорхой хэсгийг зориулах арга байж болно. Өөр олон арга бий. Хүсэхгүй байгаа болохоор түмэн шалтгаан тоочсоор байна.
-Тэтгэвэр бага байгаа шалтгаан нь юу вэ, сүүлийн үед гарсан нь арай өндөр тогтоогдоод байх шиг байна?
Социализмын үед ажиллаж байсан иргэдийн архив устсан байгаа. Ингэснээр хүмүүсийн улсад төлсөн шимтгэлүүд, ажилласан жилүүд баримтгүй болсон учраас тэгшитгээд тэтгэврийн доод хэмжээгээр тогтоож байна. Төрд өгөх ёстой шимтгэлээ ёсоор нь төлчихөөд. төр түүнийг нь хэрэглэчихээд гавьяаны амралтандаа гарах үед нь шүүхэд мэдүүлэг өгч байж боломгүй.
Ер нь байгууллагуудын архивыг зориудаар устгасан байх гэж үзэж байна. 37 жил ажилласан хүний архив олдохгүй болохоор 17 жилээр ажилласанд тооцоод хувь тэнцүүлсэн тэтгэвэр өгөөд явж байна. Тэр хүн өөрөө архиваа өвөртлөөд явж байх ёстой байсан юм уу.
Төр архиваа хамгаалаагүйн буруугаас болж иргэд хохирох ёстой юу. Хөдөлмөрийн дэвтэр дээр нь тамга тэмдэг нь байхад тэрнээс өөр ямар баримт шаардлагатай юм. Энэ бүгд залхаан цээрлүүлэх ажил болж таараад байгаа юм. Тэтгэврийг хайр, хишиг хүртээж байгаа юм шиг засаг төр ойлгоод байгаа юм. Үгүй шүү.
Тэтгэврийнхэн хэдэн арван жилийн турш төлсөн шимтгэлээсээ л оногдуулсныг нь авч байгаа асуудал шүү дээ. Тэр үеийн мөнгөний худалдан авах чадвар өнөөгийн чадварыг харьцуулаад үзвэл ямар үзүүлэлт гарахыг хүн бүр л мэдэж байгаа даа. Зээлийн хүү төлөх нь бүү хэл, мөнгөний ханшийн уналтын зөрүү гээд яривал яах вэ?
-Архив үрэгдсэнээс хэдэн хүн, ямар хэмжээгээр хохирсон тооцоо байна уу?
Тэтгэврийнхний 74 хувь нь тэтгэврийн хамгийн доод хэмжээг авч байна. 2004 онд бол бүр аюултай. дийлэнх нь 20.000 төгрөгийн тэтгэвэртэй байсан шүү. Маш хэцүү болгосон асуудлыг зөв гольдролд нь оруулах гэж бид зүтгээд байгаа юм. Энэ нь зээл авахад хүргэж байгаа юм. Авах үедээ авч төр хэрэглэчихээд одоо болсон хойно өөрсдөө өгч байгаа мэт авирлаж байгааг юу гэж тайлбарлах вэ.
Үнэн бодит амьдрал дээр тэтгэврийн зээлийн 60 гаруй хувь нь үр хүүхэд, ач, зээ нарынхаа оюутны төлбөрт өгч байна. Ажилгүй хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг тэжээж байна. Тэр бүү хэл ‘Настнууд бурхан болсон ч зээлээ хүүтэйгээ төлдөг" гэсэн үг гарсан.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
Зээлээ төлж дуусаагүй бурхан болсон хөгшний зээлийг ар гэрийнхэн нь төлж барагдуулна. Батлан даагч гээд нэг хүнтэй гэрээ байгуулна. Батлан даагч нь хөгшний тэтгэврээр амьдарч байгаа хүн чинь өрийг нь төлнө гэхээр бүр хэцүүднэ биз дээ.
-Тэтгэврийн зээлийн хүүгийн эргэн тололтийн хүү жилд хэд болж байна?
46.9 тэрбум төгрөг болж байна. 340 мянган иргэн тэтгэвэр, тэтгэмж авч байна. Тэдний 80 хувь нь зээл авна. Төсвийн 25 шахам хувьтай тэнцэх энэ мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг өрх нэмэгдэж байна. Зээл нэмэх бололцоогүй гэчихээд усан бассейн, хуримын ордонд болохоор ямар их хайр зарлаж байна аа.
Эмээгийнхээ тэтгэврээр амьдарч байгаа хүүхдүүдээс Та нарт усан бассейн, хуримын ордон хэрэгтэй юу" гээд асуугаад үзээч. Тэд Эмээд эмний мөнгө л хэрэгтэй" гэж хэлнэ. 46,9 тэрбум төгрөгөөр хэдэн эмээ сүү, эм авч чадахыг тооцсод үзэх хүн байна уу. Монголын төр хөгшчүүддээ дэндүү харгис хандаад байна шүү дээ.
-Хүүхдүүд нь харж үзэх ёстой биз дээ?
Бидний үеийнхэн тэгж амьдарсан. Угаасаа монголчуудын амьдралын хэв маяг тийм зарчимтай. Гэтэл өнөөдөр ажилгүй хүмүүсийг ээжийн тэтгэвэрт шургаж байна гэж буруутгаж болохгүй байна. Олон хөгшчүүл "Энэ маань уг нь ажил хийх санаа байгаа юм. Даанч ашиг олох нь бүү хэл, ажил нь эхлээгүй байхад төрийн нэртэй моншнууд нь айлгаж, ичээгээд байдаг гэж байна" гээд ярьж байна.
-Өрөө төлөлгүй нас барсан хүний тоо байна уу?
Банкууд нууц гээд өгдөггүй юм. Монголбанк харин өгдөг.
-Тэтгэвэр нэмэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар олон жил ярьсны эцэст зарим УИХ-ын гишүүд ч ярьж эхэлж байна уу?
Би үүнийг сонгуулийн РК гэж харж байна. Яагаад гэвэл бид тэтгэврийн зээлийн асуудлаар УИХ-ын бүх гишүүдэд тэтгэврийн зээлийн судалгаа бодит байдлыг харуулсан тусгай илтгэл хавсаргаад 2014.10.10-нд хүргүүлсэн. Маш цөөхөн гишүүн санал бодлоо ирүүлсэн. Ямар ч хариу ирүүлээгүй зарим нөхөд гэнэт цоороод тэтгэврийнхэнд анхаарлаа хандуулна гэж байхгүй л дээ.
Эрх мэдэл, эд хөрөнгөтэй ч тэтгэврээр улс төр хийж болохгүй л дээ. Эрдэнэ сайдаас өөр хэн ч ярьж байгаагүй.биднийг 10.000 шахам ахмадуудын өргөдөл хүлээлгэж өгснөес хойш УИХ- ын Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга О.Баасанхүү гишүүн ярьж эхэллээ.
-Хоёр ахмадын холбоо мөнгө булаацалдаад байгаа юм шиг харагдаад байна.
Уг нь бол энэ байгууллагууд ахмадуудын эрх ашгийн төлөө ажилдаг байгууллага. МАЧХ (Монголын ахмадын чөлөөт холбоо) сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж байгуулсан, есөн жил улсаас нэг ч мөнгө авахгүй үйл ажиллагаагаа явуулсан. Намын гишүүнчлэл харгалздаггүй байгууллага. Өмнө нь байгуулагдсан МАХ (Монголын ахмадын холбоо) ажлаа хийдэг байсан бол ийм байгууллага шинээр үүсэхгүй байсан.
Энэ байгууллага МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1988 оны 58 тоот тогтоолоор намын дэргэд байгуулагдсан улс төрийн байгууллага. Бид 2008 онд МАХ-той хамтарч ажиллах хүсэлт тавиад бүтээгүй. Нэгэнт ганц ахмадын холбоо нь улс төрийн хүчний гар хөл болж хувирахаар ахмадууд нь хаягдана биз дээ.
-Танай холбоо чинь АН, нөгөөдөх нь МАН-ынх биз дээ?
Тийм яриа байна уу.
-Хүмүүс яриад байна.
Хэдэн хүн тэгж ярьж байгааг гадарлаж байна, Цуурхал аа. Бид ахмадуудын төлөө хэнтэй ч ажиллахад бэлэн. МАХ-ны удирдлага 2004 онд нийт ахмадуудыг хамарсан үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж мэдэгдсэн. Тиймээс бид нийт ахмадуудыг хамарсан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2013 онд 148 сая төгрөгийн төсөвтэй, долоон мянган ахмадтай Дарханы МАХ-ны дарга бүх ахмадаа хамруулсан ажиллагаа явуулах албагүй гэж мэдэгдсэн.
-МАХ-д өөр намын гишүүд бий юу?
Байхгүй байх ч боломжгүй. Харин манай холбооны идэвхтэнүүдийн 74 хувь нь МАН-ын гишүүд байдаг.
-Та аль намын гишүүн бэ?
Нам бус. МАХ сүүлийн арван жилд 800 шахам сая төгрөг төрөөс авсан. МАЧХ 2013 онд Засгийн газартай гэрээ байгуулаад 113 сая төгрег авсан.
-Тэр мөнгөөрөө юу хийсэн бэ?
2005 онд батлагдсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг тэтгэврийнхэн бүү хэл арваад жил ахмадын байгууллагад удирдах ажил хийж байсан хүн мэддэггүй юм. байна. 21 аймгаар хоөр тойрч, 90 гаруй мянган ахмадтай уулзалт хийсэн. Улсын хэмжээнд бүх ахмадуудын гар дээр хуулийг хэвлээд тараасан. Хэлэлцүүлэг явуулж байна. Саналаа ирүүлж байна. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хуулийг боловсронгуй болгох ажлын хэсгийг байгуулаад амжилттай ажиллаж байна. Ахмадын төлөө зарах ёстой мөнгийг тэдэнд л зарах ёстой.
-Өөр зүйлд зарцуулсан тохиолдол байгаа юу?
Байсан л учраас ахмадууд ийм байдалд амьдарч байна. МАХ-ны дарга Ц.Сүхбаатар Нийгмийн даатгалын дарга байхдаа 300 сая төгрөгийг Зоос банкинд шилжүүлсэн гэх боловч "Алтжин" компанид шилжүүлсэн, НДС-ын мөнгийг банкуудад харилцан адилгүй хүүгээр байршуулсан, зарим банкнаас хүү тооцогдоогүй байсан зэрэг нь шалгалтаар тогтоогдож эрүүгийн хэрэг үүсч байсан боловч хэрэг нь хэрэгсэхгүй болсон.
-Яагаад?
Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн. Хүмүүсийн даатгалаас луйвардаж байсан гэмт хэрэгтэн ял завшчихаад бас тэтгэврийн зээлийн хүүд санаа нь зовж байна гэнэ. 2000-2010 онуудад тэтгэврийн зээлийн хүү 2.5% - 2% байсан. Эрх мэдэлтэй байхдаа асуудлыг шийдэхгүй яав? Ийм хуурамч байж болдог л юм байна. Дээрх байдлаас харахад тэтгэврийн зээлийн хүүг зохистой харилцаанд оруулж болох нь харагдаж байна.
-Нөгөө банкуудаа л ярьж байна уу?
Би зөвхөн банкуудыг тэтгэврийн зээлийн хүүг бууруул гээд байгаа юм биш. Энэ зээлэнд дарамт болж байгаа 46.9 тэрбумыг л ямар нэгэн аргаар хөнгөлөх тухай ярьж байна.
-Өөр арга байгаа юм уу?
Олон арга бий. Наад зах нь гэхэд бүх банкууд тэтгэвэр олгох эрхтэй болбол өрсөлдөөнөөр зээлийн хүү буурна. Сэтгэл дутаад байна. Тэтгэврийн хөгшчүүдээсээ хүү тооцоод байх хүртлээ Монгол Улс ядраагүй. ядрах ч үгүй шүү дээ.