Барилгын салбар иргэдийг хамгийн их хохироодог
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан
2015.05.05

Барилгын салбар иргэдийг хамгийн их хохироодог

Одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж нь СӨХ-ны үйл ажиллагааг зохицуулж чадахгүй байгаа учраас  тодорхой өөрчлөлт оруулж, эрх бүхий байгууллагаар  шийдүүлэх чиглэлд ажиллаж байгаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхантай ярилцлаа. 

-Та ШӨХТГ-ын удирдлагаар ажиллаад таван сар гаруй хугацаа өнгөрчээ. Өнөөдөр /баасан гаригт/  танай “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион  байгууллаа. Иргэдтэй уулзаж байхад ямар асуудлыг  голчлон  тавьж байх юм?

Манай байгууллага хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсад шударга өрсөлдөөнийг бий болгох, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд бодлого гаргаж, тодорхой үр дүнд хүрэхийн төлөө ажиллаж байна. Бидний бодлого үйл ажиллагааны гол цөм нь иргэд. Тиймээс хэрэглэгч эрхээ хэрхэн хамгаалах, хаана хандах талаар мэдлэг олгох, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагууд, зарим аж ахуй нэгжийн төлөөлөл, манайхтай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээ, санамж бичиг байгуулсан төрийн болон хувийн хэвшлийн  төлөөлөл оролцсон өдөрлөг зохион  байгууллаа. 

Хэрэглэгчийн гомдлыг  өдөр бүр хүлээн авч шийдвэрлэх нь манай гол зарчим. Амралтын өдрүүдээр СӨХ-оор явж, оршин суугчидтай уулзаж байна, ломбардуудаар явж нөхцөл байдалтай танилцаж байна. Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байнгууллагууд, аж ахуй эрхлэгчид Өрсөлдөөний тухай хуулийг зөрчих явдлыг  таслан зогсоох, хэрэглэгчдийг  хамгийн ихээр бухимдуулж, хохироодог асуудлыг шалгах, зөрчил дутагдлыг арилгах чиглэлд анхаарал тавьж  байна. Зөрчил дутагдлын шалтгаан нөхцөл нь юу вэ гэдгийг судлах,  таслан зогсоох, хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд анхаарч байгаа.

-ШӨХТГ-т ирж байгаа өргөдөл, гомдлын  60 хувийг орон сууцны метр квадраттай холбоотой гомдол, 20 хувийг СӨХ-той холбоотой гомдол эзэлж байна. Энэ бол  нэлээд  удаан хугацаанд яригдаж байгаа асуудлууд. Өнөөдөр чухам ямар  үр дүнд  хүрэв?

Ажлаа аваад өргөдөл гомдол шийдвэрлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр ачаалалтай ажиллаж байна. Гэхдээ асуудал шийдсэн гээд тооны хойноос хөөцөлдөхийг чухалчилдаггүй.  Харин хууль, эрх зөрчигдөх асуудал дахиж гаргахгүйн төлөө бодлогын арга хэмжээ авч ажиллахыг  боддог. Зах зээл дээр шударга өрсөлдөөн бий болгох, хэрэглэгч эрхээ хамгаалах нөхцлийг нь бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс хяналт  шалгалтын ажлаа ч энэ чиглэл рүү түлхүү хандуулж байна.

Барилгын салбартай  холбоотой өргөдөл гомдол  60 хувийг эзэлж байгаа нь үнэн. Иргэдэд худалдаалсан орон сууцны талбайн хэмжээ үл хөдлөх хөрөнгөд заасан, худалдах гэрээнд заасан хэмжээнээс дутах зөрчил их байна. Бас шугам сүлжээ, тохижилт, чанартай холбоотой өргөдөл олноор ирдэг. Шинээр барилга, орон сууц маш их баригдаж байгаа учраас цаашдаа энэ төрлийн гомдол нэмэгдэх хандлагатай байна. Энэ асуудлыг  араас нь шийднэ гэвэл бүтэхгүй. Тиймээс цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө ажиллах л чухал. Энэ  утгаараа Барилга хот байгуулалтын яамтай санамж бичиг байгууллаа.

Ингэснээр Барилга хот байгуулалтын сайдын  зөвлөлд тусгай зөвшөөрөл олгох, барилга ашиглалтад хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд манай байгууллагаас төлөөлөл орж байхаар болсон. Улсын комисст багтаж ажилладаг болсноос хойш анхны орон сууцны хороолол  болох “Хүннү 2222” хотхоны  эхний есөн блокыг ашиглалтад хүлээн авлаа.  Айл болгоны метр квадратыг нэг бүрчлэн хэмжиж, гадна тохижилт, авто зогсоол, ногоон байгууламж, бусад чанар стандарт, IPTV, кабелийн телевизүүдийн холболт бүрэн хийгдсэн эсэхийг нэг бүрчлэн хянаж, хүлээн авсан.

Цаашдаа энэ жишгээр явбал барилгын салбарт  хэрэглэгчийн эрх ашиг  зөрчигдөх нь эрс буурах боломжтой. Нөгөө нэг асуудал нь Сууц өмчлөгчдийн холбоо буюу СӨХ-тэй  холбоотой маргаан, гомдол. СӨХ-ны эрхзүйн тухай хууль бий. Энэ хуулиар оршин  суугчид тодорхой эрхтэй, СӨХ ашгийн төлөөх байгууллага биш гэдгийг заасан.  СӨХ гэдэг нь жинхэнэ утгаараа  иргэд нэгдээд ашиг сонирхлынхоо дагуу мөнгөө нийлүүлж зарцуулдаг сайн санааны үндсэн дээр байгуулагдсан холбоодыг  хэлдэг.

Гэтэл  барилгын  компаниуд иргэдийн зөвшөөрөлгүйгээр өөрсдөө дур мэдэн СӨХ байгуулах, оршин суугчдын оролцоогүйгээр өндөр хэмжээний төлбөр хураамж тогтоох, зарцуулах явдал газар авсан  байна.  Нэг ёсондоо СӨХ-ны үйл ажиллагааг бизнесийн ашиг олох хэрэгсэл болгосон. Үүнийг таслан зогсоох  ажлыг  үе  шаттай явуулж байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомж нь СӨХ-ны үйл ажиллагааг зохицуулж чадахгүй байгаа учраас  тодорхой өөрчлөлт оруулж эрх бүхий байгууллагаар  шийдүүлэх чиглэлд ажиллаж байгаа.

-IPTV үйлчилгээ эрхлэгчид иргэдийн сонголт хийх эрхийг зөрчих, барилгын компаниудтай үгсэн хуйвалдаж шударга өрсөлдөөнийг  хаасан гэх гомдол ирж байгаа юм билээ. Үгсэн хуйвалдсан, хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл тогтоогдсон уу?

Барилгын салбартай  холбоотой өргөдөл гомдол  60 хувийг эзэлж байгаа нь үнэн. Иргэдэд худалдаалсан орон сууцны талбайн хэмжээ үл хөдлөх хөрөнгөд заасан, худалдах гэрээнд заасан хэмжээнээс дутах зөрчил их байна. Бас шугам сүлжээ, тохижилт, чанартай холбоотой өргөдөл олноор ирдэг.

Энэ бол бодит байдал. Энэ төрлийн гомдлын дагуу  хяналт шалгалт хийхэд тодорхой зөрчлүүд тогтоогдож байна. Хуулиар олгогдсон эрхийн дагуу захиргааны арга хэмжээ авах, өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна. IPTV үйлчилгээ эрхлэгч байгууллагууд  орон сууцанд зөвхөн өөрийн сүлжээгээ  оруулах,  энэ ажлаа хийхдээ тухайн орон сууцны СӨХ, компанитай үгсэн хуйвалдах зэргээр янз бүрийн арга хэрэглэж байна. Энэ бол бусдын өрсөлдөх эрхийг хаасан ноцтой зөрчилд тооцогдоно.

Тиймээс бид  бусадкабелийн телевизүүд зах зээлд шударгаар өрсөлдөх  нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Гол нь тухайн байрыг хүлээн авч байгаа улсын комисст хяналт тавьдаг байдал цаашдаа стандарт болж тогтох ёстой. Улсын комисст багтаж байгаа байгууллагууд чанар, стандарт, аюулгүй байдал зэргийг шалгадаг боловч  ч яг хэрэглэгчийн эрх ашгийг хөндсөн асуудал  орхигдож ирсэн. Үүнээс болоод таны асуусан  кабелийн телевизүүдтэй холбоотой асуудал гараад байгаа юм.

“Банкууд мэдээллээ гаргаж өгөхөөс татгалзаж байна”
-Тодорхой хугацаанд яригдаж, хууль шүүхийн байгууллага хүртлээ явсан хэд хэдэн асуудал бий. Нефть импортлогчид үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн, банкууд  нэг хувийн шимтгэл авч байгаа  гэх маргаан.  Одоо ямар ахицтай явж байна вэ?

Яах аргагүй эдгээр асуудал олон нийтийн анхаарлын төвд байдаг, зөрчил дутагдал ихтэй  гэдгээрээ  онцлог. Өмнө нь энэ байгууллагын даргаар ажиллаж байсан Д.Мандах даргыг зөвлөхөөрөө ажиллуулж, энэ  ажлыг эхлүүлж байсных нь  хувьд хамтарч ажиллаж байна. Түүний хувьд 2010 онд Өрсөлдөөний тухай хуулийг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн, нефть импортлогчдын 17 тэрбумын асуудлыг хөндөж, гаргасан хүн. Мөн банкны шимтгэлийн зөрчлийн асуудал тэр үеэс эхлээд миний өмнөх даргын үед хяналт шалгалтын ажил нь хийгдсэн. Намайг ажил авснаас хойш шүүхийн процессууд нь явж байна. Банкууд  нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэсэн улсын байцаагчийн дүгнэлтийг нэр бүхий банкууд хүлээн зөвшөөрөхгүй гээд шүүхэд хандсан.

Өнөөдрийн байдлаар  хоёр шатны шүүхийн  шийдвэр “Улсын байцаагчийн   дүгнэлт хууль зөрчөөгүй, банкууд энэ алдаагаа засч залруулах ёстой” гэж  гарсан. Одоо хяналтын шатны шүүх  хурлын товыг  хүлээж байна. Харин шатахуун импортлогчдын үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн гэх  асуудал  шүүхээр шийдэгдээд  дууссан.Харин одоо олон улсын зах зээл дээр шатахууны үнэ буураад байхад манайд буурахгүй байна гэдэг  гомдол  ирж байна. Манай байгууллага үнэ бүрдэж байгаа асуудалд  судалгаа тооцоо хийсэн.

Тухайлбал улсаас тонн тутамд 252-265  мянган төгрөгийн онцгой татвар, гаалийн  татвар 1 хувь байсныг  5 хувь болгосон.  Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тодорхой зохицуулалт хийх эрхийнхээ дагуу арга хэмжээ авсан. Засгийн газраас авсан арга хэмжээг  Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй. Нөгөө талаас валютын ханш ихээр өссөн нь  шатахуун импортлогчид нөлөөлж байна. Энэ мэт шалтгааны улмаас  үнэ өсөх хандлагатай байна. Тиймээс цаашдаа нефтийн үнийг дэлхийн  зах зээлийн үнэтэй уялдаж өсч буурах тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй гэж Ерөнхий сайд мэдэгдсэн.  Энэ цаг үед төрөөс  тодорхой зохицуулалт хийгээд явж байна.

-ШӨХТГ үнэ  тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд  хяналт шалгалт хийхэд компаниуд төсвөө  өөр зүйлд зарцуулсан зөрчил илэрсэн гэсэн. Үүнд ямар арга хэмжээ авсан бэ?

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авсан байгууллагууд гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд хяналт хийсэн. Хяналт шалгалтаар барилгын материалын үнийг тогтворжуулахад цемент, арматур үйлдвэрлэгч  компаниуд гэрээгээ зөрчсөн тохиолдол  гарсан. Тодруулбал нэр бүхий компаниуд гэрээнийхээ 44.9 тэрбум төгрөгийн зээлийг өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдсон. Цемент арматурыг үйлдвэрлэгчээс бус нийлүүлэгчээс авсан, огт өөр зүйлд зарцуулсан,  өөрсдийнхөө охин компанид зарцуулсан зэрэг зөрчил илэрсэн.  Ийм зөрчил гаргасан компаниудын долоон хувийн хүүтэй авсан  хөнгөлөлттэй   зээлийг  зах зээлийн үнээр  буюу 17-18 хувийн хүүгээр тооцож эргэн  төлүүлэх, эдгээр компанийг Сангийн яамны хар жагсаалтад бүртгэх зэрэг хариуцлага тооцох саналуудаа Барилга хот  байгуулалтын яаманд өгөөд байна. Сүүлийн үед эрх бүхий байгууллагаас хөнгөлөлттэй зээл олгох эрх өгсөөр байхад  банкууд зээл өгөхөөс татгалзаж өндөр хүүтэй зээлд энэ мөнгийг эргэлдүүлж байна гэсэн гомдол ирэх болсон.

Энэ гомдлоор хяналт  шалгалт хийхэд банкууд зээлийн талаарх мэдээллээ хуулийн байгууллагад л гаргаж өгнө, ШӨХТГ-т гаргаж өгөхгүй гэх байдлаар хандаж байна. Өрсөлдөөний тухай хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгчид шаардсан мэдээллийг саад тотгоргүй, үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Тиймээс бид баримт нотолгоог шаардах, захиргааны арга хэмжээ авахаас аргагүй. Шаардлагатай бол хяналт шалгалтад саад болох, зөрчлөө нуун дарагдуулах, хаацайлах байдал гаргаж байгаа аж ахуй нэгжийг хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхээс аргагүй нөхцөл байдалд  хүрээд байна.

“Дугуй түгжих үйл ажиллагаа бүхэлдээ хууль бус”
-Энэ ярилцлагаар  уншигчдад хэрэгтэй мэдээлэл  хүргэх нь чухал. Тиймээс таниас дугуй  түгжигч, машин ачигчид  хууль зөрчсөн эсэхийг асууя.  Нөгөө талаас болохоор хуулийн дагуу ажиллаж байгаа гээд байдаг. Хууль эрхзүйн талаасаа яг ямар гаргалгаа  байгаа юм бэ?

Дугуй түгжих үйл ажиллагаа бол бүхэлдээ хууль бус гэдгийг манай байгууллага хяналт  шалгалтаар тогтоосон. Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу НИТХ-ын тэргүүлэгчид  хуульд тодорхой зохицуулсан асуудлыг өөрсдөө журам гаргаж өөрөөршийдвэрлэсэн нь  хууль зөрчсөн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний  аюулгүй байдлын тухай хуульд дүрэм зөрчиж, нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг зөөж шилжүүлнэ гэж заасан.  Гэтэл журам гаргаж дугуй түгжин, үүнийхээ төлөө торгууль авсан нь хууль зөрчсөн үйлдэл  болсон.

НИТХ-ын тэргүүлэгчид Үндсэн хуулийн дагуу хуулиар зохицуулаагүй асуудлыг журам гаргаж зохицуулах эрхтэй  гэж тайлбарладаг. Гэхдээ хуульд шилжүүлж байршуулна буюу тухайн автомашиныг ачна гэсэн заасан байхад  журам гаргаж дугуй түгжсэн нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, иргэдийг хохироосон  үйлдэл болсон. Тиймээс бид зөрчлийн тогтоосонулсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлсэн нь албан  ёсоор хүчин төгөлдөр болсон. Нийслэлийн Засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага тооцсон. Манай Хэрэглэгчийн эрхийн хэлтсийн дарга өмнө нь саналаа өгсөн гээд байгаа.

Тэр хүн хэрэглэгчийн эрх талаасаа санал өгсөн байж болно. Гэвч Өрсөлдөөний болон бусад хэлтсийн өмнөөс, ялангуяа Агентлагийн байр суурийг илэрхийлэх эрхгүй. Манай байгууллагыг энэхүү мэдээллийг  олон нийтэд мэдээллээ гэж буруутгасан нь бидний хуульд заасан аливаа этгээдээсхараат бусаар ажиллах эрхэд халдсан явдал юм. Бидхяналт  шалгалтын ажлаа хийж байхдаа мэдээлэл өгдөггүй, харин улсын байцаагчийн дүгнэлтээр  хууль зөрчсөн нь тогтоогдсон үед мэдээлэл өгдөг.

Иргэдийн дугуй түгжиж, торгууль авч байгаа нь хууль бус учраас иргэд үүнийгээ шаардах бүрэн эрхтэй. Харин машин ачих  үйл ажиллагаа тодорхой хугацаанд  мөн л хууль бус байсан. Өөрөөр хэлбэл  машин ачсаныхаа төлөө төлөх торгуулийн  хэмжээг хуулиараа Цагдаагийн ерөнхий газар тогтоох ёстой. Гэтэл 2013-2014 онд Хотын дарга Э.Бат-Үүлийн шийдвэрээр 70-80 мянган төгрөгөөр иргэдийг торгосон.  Өнөөдөр ЦЕГ 55 мянган төгрөгийн торгууль төлнө  гэдгийг хуулийнхаа дагуу  тогтоогоод явж байна.

-Тэгэхээр өмнө нь торгуулиа төлчихсөн хүмүүсийн хохирлыг барагдуулах асуудал яригдана. Хохирлыг барагдуулах боломжтой юу?

Ойрын хугацаанд иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагатай хамтарч  энэ асуудлаар шүүхэд хандана. Нийслэлийн Засаг даргын энэхүү хууль бус  захирамжаас  2013-2014 онд зөвхөн 9230 тээврийн хэрэгслийг хууль бусаар ачиж 647.7 сая төгрөгийн хохирол учруулсан.  2015 оны эхний гурван сарын байдлаар 11 мянга 746 тээврийн хэрэгслийн дугуйг  түгжиж 234.9 сая төгрөгөөр жолооч  иргэдийг хохироосон нь  тогтоогдсон.

647 сая гэдэг бол мөсөн уулын зөвхөн орой  хэсэг нь. Үүний цаана  хувийн компаниуд  дураараа  иргэдийн автомашиныг ачсан тохиолдол маш их гарсан.  Одоогоор энэ хууль бус үйлдлийн нийт хохирлыг тогтооход бэрхшээлтэй байгаа тулингэж хохирсон иргэд баримт нотолгоогоо авчраад бидэнтэй хамтран ажиллаж хохирлоо барагдуулах боломжтой.

-Та бүхний мөрдлөг болгодог хуулиуд цаг үеийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна уу. Нөгөө талаас танай байгууллагыг эрх хэмжээгээ хэтрүүллээ гэж шүүмжилдэг шүү дээ?

Бид Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай, Орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудын тодорхой заалтуудыг хангаж ажиллах чиг үүрэгтэй. Энэ хуулиуд өөрөө өргөн хүрээнд  үйлчилдэг учраас энэ хэрээр бид өргөн хүрээнд ажилладаг. Магадгүй энэ нь зарим хүнд эрх хэмжээгээ хэтрүүлж байгаа мэт ойлголт төрүүлдэг байх.

Эдгээр хуулийн үйлчлэлд хамрах этгээдүүд төрийн бүх байгууллагууд, бүх шатны засаг дарга нар, бүх шатны иргэдийн хурал, Монгол Улсын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй  нэгжүүд хамаардаг. Эдгээр байгууллагын гаргасан шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг бид хянах үүрэгтэй. Бодит амьдрал дээр хууль үр дүнтэй хэрэгжиж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Жишээ нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах  тухай хууль бизнесийн үйл ажиллагааны шинэ хэлбэр, харилцааг зохицуулж чадахгүй байгаа талтай. Ийм ч учраас хэрэглэгчийн эрх ашиг өдрөөс өдөрт зөрчигдөж, өргөдөл гомдлын тоо нэмэгдэж,  хэрэглэгчийн эрх ашиг хохирсон шинэ шинэ хэлбэрүүд үүсч байна. Тиймээс Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуульд тодорхой өөрчлөлт оруулах  асуудлыг судлаад  УИХ-аар шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна. Нөгөө талаас хууль зөрчсөн этгээдэд оногдуулах захиргааны хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай.

-ШӨХТГ нэлээд олон байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа гэж мэдээлсэн. Санамж бичиг байгуулна гэдэг  их нийтлэг,  бодит амьдралд  үр дүн  муутай  юм шиг санагддаг. Та бүхэн санамж бичгийн хүрээнд ямар бодитой ажил хийж байна вэ?

Санамж бичиг  байгуулах нь ёслолын ажил төдий байх ёсгүй гэж би үздэг.  Бодлогын ач  холбогдолтой, үүсээд байгаа тодорхой асуудлыг шийдвэрлэхэд хүн хүчээ, бодлогоо нийлүүлэхэд чиглэх учиртай. Энэ утгаараа Барилга хот байгуулалтын сайдтай санамж бичиг  байгуулж,  одоо гараад байгаа зөрчлийг таслан зогсоох, харилцаа холбооны зохицуулах хороотой санамж бичиг байгуулж зах зээл дээрх шударга өрсөлдөөнийг бий болгох, зах зээлийн судалгаа хамтарч хийх, хэрэглэгчдэд  хандсан  тодорхой ажил зохион байгуулах, хуулийнхаа дагуу  монополь болон давамгай эрхтэй аж ахуй нэгжүүдийг тогтоох, хяналт  тавих  байдлаар ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хөдөлмөрчдийг бараа бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс хамгаалах, ажлын байрны нөхцлийг сайжруулах, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлээд явж байна.

-Сүүлийн асуулт. Та өмнө нь МАН-ын Шинэчлэлийн хороог  удирдаж  байсан. ШӨХТГ-ыг  өмнө  нь удирдаж байсан О.Магнай иргэний хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг. Эндээс ШӨХТГ-ын даргын томилгоонд улстөрийн өнгө аяс байна гэж дүгнэх хэсэг бий. Та  санал нийлэх үү?

МАН-ын Шинэчлэлийн хороо  улстөрийн намуудыг шинэчлэх, төрийг эрүүлжүүлэх, нийгмээ хөгжүүлэх зорилготой ажилладаг. Үүнийхээ төлөө тодорхой шаардлага тавьж, түүнийгээ хэрэгжүүлж ажилладаг. Одоо ч гэсэн энэ зарчмаа баримтлаад ажиллаж байгаа. Энэ утгаараа миний хувьд одоогийнхоо ажилд ч төрийг эрүүлжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө энэ зарчмаар хандахыг хичээдэг.

Намууд сонгуульд хэрхэн оролцсон, Засгийн газраа ямар харьцаагаар байгуулсан зэрэг нь томилгоонд  тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Надад энэ  ажлын саналыг тавихдаа өмнө хийж байсан  ажил, баримталж байгаа зарчим зэргийг харгалзаж үзсэн гэж ойлгож байгаа. Шадар сайдын зүгээс  хуулиа  баримталж ажилла, олон нийтийн ихээр бухимдаж байгаа асуудлыг шийд, зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө үр дүнтэй ажилла гэдэг зарчмын    шаардлага  тавьдаг. Түүнээс миний ажилд улстөрийн өнгө аясаар хандах, нөлөөлөх, саад бэрхшээл  тавих асуудал байхгүй.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.