УИХ-ын гишүүд Монголч эрдэмтдийн хуралд оролцлоо
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Р.Гончигдорж нар хурлын үеэр
2015.04.21

УИХ-ын гишүүд Монголч эрдэмтдийн хуралд оролцлоо

Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 ойг тохиолдуулан “Монголын бурханы шашин: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Унгар улсын Өтвош Лорандын их сургуулийн дэргэдэх Европын Монгол судлалын төв, Монгол ба Төв Ази Судлалын тэнхимтэй хамтран зохион байгууллаа.

Хуралд 16 орны 50 гаруй монголч эрдэмтэд чуулж, илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэхүү хуралд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар болон БНУУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Ганди нар оролцлоо.

Хурлын үеэр олон орны эрдэмтэн, судлаачид Өндөр гэгээн Занабазарын шашин, соёлын бүтээлийн онцлог, сүүлийн үеийн түүхийн болон архелогийн эх сурвалж судлалын шинэ баримт, судалгааны дүнг танилцуулж, Занабазар судлал төдийгүй монгол судлалд дорвитой хувь нэмэр оруулсан хурал боллоо. Энэхүү хурлыг зохион байгуулж байгаа Унгарын ЭЛТЭ их сургуулийн Төв Ази судлалын тэнхим нь 1930 оны сүүлээс дорно дахин судлаач, алдарт эрдэмтэн Лагос Лигэтигээс уламжлан нэрт Монголч Хар Доржоор улбаалан одоо  Монгол, Ойрад, Халимагийн түүх соёл, хэл угсаатны зүй, бөө мөргөл, буддизм, үндэстний цөөнх, нүүдлийн соёл иргэншил, судлалаар Европт төдийгүй дэлхийд нэр хүндтэй судалгааны төв ажээ.

Дашрамд дурдахад, Унгар улсын парламентын дэд дарга Тамас Шнейдер УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нарыг хүлээн авч уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр Унгар Улс ирэх тавдугаар сард багтаан Монгол Улсад суух Элчин сайдны яамаа сэргээхээр болсноо дуулгаж, цаашдын парламентын хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа.