Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг
Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх болсон. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь, нас эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр байнга шахуу гарах болсон юм. Тэгвэл хүүхдийн эрхийг хамгаалах эрх бүхий байгууллага болох “Хүүхдийн төлөө үндэсний газар” хэрхэн ажиллаж байгаа талаар тус газрын мэргэжилтнээс тодрууллаа.
-Хүүхдийн төлөө Үндэсний газрын хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас хэр ачаалалтай ажилладаг вэ?
Өдөр бүр янз бүр л байдаг даа. 108 дугаарын утсыг 2014 оны зургадугаар сарын 1-нээс ажиллуулж эхэлсэн. 24 цагаар тогтмол дуудлага хүлээж авдаг бөгөөд өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг.
-108 дугаарт ихэвчлэн ямар насныхан ханддаг вэ?
Насны хувьд нарийн ангилсан тоо байхгүй л дээ. Ер нь бол хүүхдүүд их хандаж сэтгэл зүйн зөвлөгөө авдаг. Операторууд бүгдээрээ нийгмийн ажилтан , сэтгэл зүйч мэргэжилтэй бөгөөд хүүхдүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг.Хагас жил гаруй ажиллаж байгаа операторууд маань холбогдсон хүмүүсийн дуу хоолойны өнгөөр ямар нөхцөл байдалд байгааг нь тодорхойлдог болоод байна.Ингээд ярилцсаны үндсэн дээр цагдаагийн байгууллага руу холбох уу, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үү гэдгээ шийддэг.
-108 дугаарт хандан тусламж хүссэн хүүхдүүдийг эргээд хэрхэн хянадаг вэ?
Манай операторууд зөвлөгөө өгөхийгөө өгөөд цаг хугацаа, байршлыг нь тогтоогоод харьяа аймаг, дүүрэг рүү нь шилжүүлдэг. Ингээд тухайн аймаг дүүрэг нэг дуудлагад хэрхэн ажилласнаа эргээд бидэнд мэдэгддэг. Өөрөөр хэлбэл хянах самбар дээр гараад ирдэг.
-Хорооны нийгмийн ажилтнуудтай хэрхэн хамтран ажилладаг вэ?
Манайх дүүргийн хөгжлийн газраараа дамжуулж нийгмийн ажилтнуудтайгаа хамтран ажилладаг.
-Сүүлийн үед гарч буй олныг цочирдуулсан хүүхдүүдийн хэрэг дээр танайх хэрхэн ажилласан бэ? Хяналт тавьж байгаа юу?
Мэдээж хөндлөнгөөс хяналт тавин, ажиглаж байгаа. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
-Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөх асуудал мэр сэр байдаг үүн дээр хэрхэн хяналт тавьж ажилладаг вэ?
Манай байгууллага сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран ажилладаг. Сургуулийн орчинд хүүхдүүдийн эрхийг хамгаалах ёстой гол хүн нь мэдээж нийгмийн ажилтнууд байдаг учир боловсролын байгууллагаар дамжуулан хамтран ажилладаг
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалтай хүүхдүүдийн судалгаа гэж гаргадаг уу? эргээд яаж хяналт тавьдаг вэ?
Мэдээж гаргана. Уг судалгааг дүүрэг хорооны ажилчидтай хамтран хийдэг. Эргээд хорооны ажилтнууд байнгын хяналт тавьдаг.
-Орон нутаг дахь хүүхдүүдэд хэрхэн анхаарал хандуулдаг вэ?
Тухайн аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраар дамжуулан үүрэг чиглэл, зөвлөмж өгч ажилладаг
-Унаач хүүхдүүдийн асуудалд ямар байр суурьтай байдаг вэ? Өвлийн уралдааныг болиулах тал дээр танайхаас асуудал тавьж болдоггүй юм уу?
Манайх яг энэ асуудалд сүүлийн хэдэн жил анхаарал хандуулан, Засгийн газарт бичиг хүргүүлдэг. Хаврын уралдаан нэрийн дор өвөл уралдаан зохион байгуулж байгааг болиулахаар ажиллаж байна. Сүүлд Засгийн газраас 16-гаас дээш насны хүүхдээр хурдан морь унуулж байх журам гарсан.
-Гадаадад үрчлэгдэж буй хүүхдүүдэд хяналт тавьдаг уу?
Энэ яг манайд харьяалагддаггүй асуудал. Яам болон ГИХХЭГ-т харъяалагддаг.Бидний хувьд дотоодын асрамжийн байгууллагуудын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьдаг. Гэхдээ гадаадад үрчлэгдэж буй хүүхдүүдийн тухайд манайхан гадны хүүхдийн байгууллагатай хамтран ажиллаж хүүхдээ эргэж тойрох ажлыг хийдэг. Тухайн улсын хүүхдийн байгууллагаар дамжуулан хяналт тавьдаг.