БНБУ-тай хөдөө аж ахуйн салбарт хамтарна
Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
2015.03.06

БНБУ-тай хөдөө аж ахуйн салбарт хамтарна

Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар улсаас Монгол улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Иван Стаматофтийг  хүлээн  авч  уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Р.Бурмаа “Хуучин тогтолцооны үеэс Болгар улс олон салбарт техник, технологиор тэргүүлдэг байсан, ялангуяа 1970–аад онд хотын хүн амын хүнсний хангамжийг сайжруулахад зориулан барьж өгсөн хүлэмжийн аж ахуй, арьс ширний боловсруулах үйлдвэрүүд өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Мөн Болгарын эмийн бүтээгдэхүүн, жимс, ногооны чанарыг Монголын хэрэглэгчид өндрөөр үнэлдэг”  хэмээгээд цаашдаа Монгол Улс нь БНБУлстай хөдөө аж ахуйн салбар дахь уламжлалт хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хөгжил  шинэ шатанд гарах боломжтой гэдгийг онцолжээ.

Талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарт хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Хүлэмж барих техник туслалцааны хөтөлбөр”-ийн  “Хэрэгжилтийн хэлэлцээр”-ийн нөхцөлийг ойрын хугацаанд тохиролцсон байна. Мөн БНБУ-ын Ерөнхийлөгчийн ирэх тавдугаар сард Монгол Улсад хийх айлчлалын үеэр гарын үсэг зуран, хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаар болсон байна.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Болгараас хүлэмжийн мэргэжилтэнг эх орондоо урьж ажиллуулах, хүлэмжийн өндөр ургацтай, чанартай болгар үр сортыг Монголд нутагшуулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болсон талаар тус яамнаас мэдээллээ.