Насны буянг байраар мялаалаа
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан
2014.12.26

Насны буянг байраар мялаалаа

Монголын ахмадын Чөлөөт холбооныхон жил бүр Монголын хамгийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Тэд гурван жилийн өмнө Дарь-Эхэд амьдардаг өндөр настан Г.Нанжид гуайнд очжээ. Ингэж амьдрал ахуйг нь мэдэж авсан гэнэ. Насаараа мал малласан буурай хотод ирээд ганц биеэр гэрт амьдардаг байжээ. Тэрээр ганц хүүтэй байсан нь өнгөрсөн хоёрдугаар сард 80 гаруй насандаа өөд болжээ.

Нанжид гуайн ганц хүү мөн л нэг хүүтэй аж. Нанжид гуайн ач хүү харааны бэрхшээлтэй гэнэ. Группын мөнгөөрөө амьдардаг байна. Монголын ахмадын чөлөөт холбооныхон өндөр настан буурайг байртай болгох талаар олон санал гаргаж, хэд хэдэн байгууллагатай уулзсан боловч олигтой үр дүн гаралгүй уджээ.

Харин саяханаас БХБЯ-нд тавьсан санал нь нааштайгаар шийдэгдэж, “Бэрэн” групп ирэх онд ашиглалтад орох орон сууцны барилгаасаа нэг өрөө байрыг өндөр настанд бэлэглэхээр болжээ. Өчигдөр 107 настай Г. Нанжидад “Бэрэн” группын ерөнхий менежер Г.Ганборгил нэг өрөө байрны батламж бичгийг гардуулав. Ийнхүү тэрээр Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хорооны “Хангай” хотхоны 504-р байрны 22 тоот нэг өрөө байранд амьдрахаар болж байна.

Өндөр настны ач хүү Д.Төмөрбаатар эмээгээ үүрч машинд хүргэх гэсэн ч буурай “Өөрөө явна” гэж зүтгэсээр хоёрдугаар Давхраас машин хүртлээ алхсан юм. Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасангийн ярьж буйгаар Монголд 100-гаас дээш настай 100 гаруй ахмад бий гэнэ. Тэдний ихэнх нь нийслэлд амьдардаг юм байна. “Хэрэв төр хүсвэл ахмадуудаа байраар хангах боломж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ганц өрөө байр өндөр настнуудад өгчих чадалтай олон компани бий” гэж Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн ярилаа.