2012.07.27

Ж.Энхбаяр: АН цөөнхөө сонсох хэрэгтэй

Шинэ УИХ бүрдсэн ч хараахан эмх цэгцэндээ орж чадахгүй л байна. МАН сонгуульд ялагдсаныхаа буруу, зөвийг шүүн тунгааж,  намаа шинэчлэх гэж хичээж суух зуур Ардчилсан нам тэргүүтэй бусад нам эвсэл УИХ-ын шинэ даргаа томилчихсон. Сүүлийн хэд хоног МАН Үндсэн хуулийн цэцэд хандана гэхээс өөр  тодорхой зүйлийг ярихгүй байгаа юм. Харин УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас хэдэн зүйл тодрууллаа.
-МАН-ын Бага хурал өндөрлөж удирдлагын бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийлээ. Одоо та бүхэн УИХ-ын чуулгандаа идэвхитэй оролцож, улс эх орноо хөгжүүлэх ажлаа хийнэ биз дээ?
-Өвөрхангайд маргаантай байгаа тойргийн асуудлыг шийдэхээс нааш УИХ-ын чуулганд оролцохгүй. Ардчилсан нам луйврын аргаар зарим тойргийг булааж авсан. Ямарваа зүйлд шударга  үнэн байх хэрэгтэй. Үүний үнэн мөнийг олохоос нааш УИХ-ын чуулганд оролцохгүй гэж хэлмээр байна.
-Та бүхэн иймэрхүү шалтгаануудаас болж УИХ-ыг гацаах хэрэг байгаа юм уу?
-Цөөнхөө сонсох хэрэгтэй. Энэ бол ардчилалын зарчим. Гэтэл Эрдэнэтийн гокын хаалгыг эвдэж ордог шиг юм яг одоо болж байна шүү дээ. Ахмад хүнийн хувьд Д.Дэмбэрэл гуай  маргааш 10 цагт чууган хуралдуулна гэж байхад яагаад хүлээж болохгүй байсан юм бэ. Бид сайхан хуралдаа оролцох л байсан. Үндсэн хуулинд  цөөнхөө сонсох хэрэгтэй гэсэн утгатай заалт байдаг. Ардчилсан нам  яагаад асуудлыг хүчээр шийдэж, хүчээр түлхээд байгаа юм бол ойлгохгүй байна.
-Танай нам Үндсэн хуулийн цэцэд хандчихсан байгаа юу?
-Үндсэн хуулийн цэцэд асуудлаа тавьсан. Өөрөөр хэлбэл улс төрийн аргаар төрийн эрхийг авлаа гэсэн асуудлыг Үндсэн хуульд тавиад байна. Үндсэн хууль хэрвээ хууль зөрчөөгүй гэсэн хариу өгвөл бид УИХ-ын чуулгандаа сууна. Хэрвээ хууль зөрчсөн гэвэл тэд асуудалд орно. МАН хурал гацаагаад байгаа асуудал огт биш. Бид чинь өөрийн санаа бодолтой, хийж бүтээх зорилготой олон мянган ард иргэдийн итгэлийг хүлээгээд УИХ-д гарсан хүмүүс шүү дээ. Бидний санаа бодлыг сонсохгүй байна гэдэг өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал юм.
Эх сурвалж
Өнөөдөр сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.