Ж.Батзориг: Хангалттай төсөвгүй бол чанартай боловсролыг бий болгоход хэцүү
Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзоригтой ярилцлаа.
- Монголын үйлдвэрчний эвлэлээс одоо хийгдэж буй боловсролын шинэчлэлийн талаар ямар байр суурьтай байна вэ?
Яамнаас хэрэгжүүлж буй бодлогыг бид дэмждэг. Гэхдээ хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал хамгийн ихээр тулгамдаад байна. Учир нь хангалттай санхүүжилтгүйгээр чанартай боловсрол байх боломжгүй. Дэлхийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд гурван үндсэн үзүүлэлтэд тулгуурлаж боловсролын чанартай эсэхийг тодруулдаг.
Нэгдүгээрт сайн бэлтгэгдсэн чадвартай багш нар байх асуудал. Монгол энэ тал дээр хангалтгүй. Хоёрдугаарт сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах асуудал. Өөрөөр хэлбэл материаллаг бааз. Өнөөдөр олонхи дунд сургуулийн химийн кабинетад ороход хоосон өрөө л байдаг. Гуравдугаарт орчин. Үүнд анги дүүргэлт, сургуулийн барилгын стандарт гэх мэтийн асуудал орно. Манайд спорт заалгүй, олон ээлжээр хичээллэдэг сургууль олон. Энэ гурван хэмжүүрээр аваад үзэхээр манай боловсролын тогтолцоо унадаг.
Чанартай боловсролын гурван тулгуур багана
Сүүлийн үед чанартай боловсролын талаар их ярих боллоо. Гэхдээ энэ бол зөвхөн Боловсрол, ШУ-ын яамны хийх ажил биш. Төр засаг нь бодлогын хувьд дэмжиж, нөгөө талаас эцэг, эхчүүд идэвхтэй оролцох хэрэгтэй. Төр Үндсэн хуулинд заасны дагуу чанартай бүрэн дунд боловсролыг үнэгүй олгох ёстой. Энэ ч үүднээс боловсролын салбарын төсвийг батлахдаа дээр хэлсэн гурван үзүүлэлтийг анхаарах учиртай. Гэтэл 2012 оноос хойш нэг хүүхдэд ноогдох урсгал зардлыг огт нэмээгүй. Ийм учраас боловсролын салбарт томоохон ажил хийхэд хэцүү болж байна.
Түүнээс гадна манайд сургууль барьдаг сонин практик бий. Эхлээд Мэргэжлийн хяналтаас аль нэг сургуулийг буулга гэсэн шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг хэрэгжүүлж байна гээд нэг жил болдог. Улсын төсөвт тусгахдаа бас нэг жил өнгөрнө. Буулгахдаа дахиад нэг жил болдог. Барихдаа нэгээс хоёр жил болдог. Ингээд үндсэндээ 4-5 жилийн хугацаа алддаг. Энэ хооронд тэр сургуульд сурах ёстой хүүхдүүд хохирдог. Тэднийг хүлээж авч сургаж буй сургуулийн ачаалал эрс нэмэгддэг. Ийм нөхцөлд яамнаас “Авьяас”, “Ном” гэх мэт чанарт чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд улам л хүнд болдог. Олонхи сургууль хичээлээс гадуур хүүхдүүдийг хөгжүүлэх боломжоор хомс.
Нэг ичгүүртэй зүйл гэвэл 1996 оноос хойш Улаанбаатарт шинээр баригдсан сургуулиудын ихэнх нь гадны хөрөнгө оруулалтаар баригдсан. Жишээ нь Японы Жайкагийн хөрөнгөөр. Харин улсын төсвийн хөрөнгөөр бараг баригдаагүйтэй адил.
Энэ жил бид Дэлхийн багш нарын өдрийг чадварлаг ирээдүй хойчоо бэлдэхийн тулд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэсэн уриатай тэмдэглэж өнгөрүүлсэн. Ерөнхийдөө бид төр засгаас боловсролын салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх ёстой гэсэн байр суурийг барьдаг.
- Одоогоор боловсролын салбарт хэдий хэмжээний төсөв зарцуулж байна вэ ?
Боловсролын тухай хуулинд улсын төсвийн 20-оос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулах ёстой гэсэн заалт байсныг хасчихсан. Одоогоор 17-18 хувийг зарцуулдаг. Улсын төсвийн орлого нэмэгдсэн ч боловсролын төсөв нэмэгдээгүй. Гэхдээ мэдээж шинээр баригдсан сургууль, цэцэрлэгт зардлыг нь хувиарласан.
Дэлхийн жишгээр бол нэг сурагчид 7000-8000 доллар зарцуулдаг. Гэтэл манайд зөвхөн 200-300 доллар л байна.
Цалинд тал хувь нь зарцуулагддаг. Цаана нь цахилгаан, дулаан зэрэг тогтмол зардалд багагүй хэсгийг зориулдаг. Түүнээс гадна цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цай, оюутны тэтгэлэг гээд том зардлууд бий. Ингээд л хувиарласан зардал нь дуусчихдаг. Гэтэл цаана нь бидний хүсээд буй сургалтын чанарыг сайжруулах ажилд маш бага мөнгө хувиарладаг. Жилдээ нэг хүүхдэд 13 орчим мянган төгрөгний хичээл, практикийн зардал тавьж өгдөг. Заримдаа энэ мөнгийг өөр зүйлд зардаг.
Дэлхийн жишгээр бол нэг сурагчид 7000-8000 доллар зарцуулдаг. Гэтэл манайд зөвхөн 200-300 доллар л байна. Байдал ийм байхад боловсролыг чанаржуулах тун хэцүү. Хэрэв одооноос чанаржуулж эхлэхгүй бол ирээдүйн нийгэмд үзүүлэх нөлөө маш хортой. Үүнийг эцэг, эхчүүд ч бас ойлгох хэрэгтэй. Зарим цэцэрлэгт нэг ангид 60-70 хүүхэд сурч байна. Багш, туслах багш хоёр тэднийг зөвхөн унаж гэмтэхгүй байлгах хэмжээнд л хүмүүжүүлж байна.
- Цэцэрлэг, бага ангийн багш нар хамгийн чухал ажлыг хийж байгаа мөртөө бага цалинтай, их ачаалалтай ажилладаг. Энэ тал дээр Үйлдвэрчний эвлэл ямар байр суурьтай ажиллаж байна вэ?
Цэцэрлэгийн багш нар хүүхдийг сургуульд бэлдэж өгдөг. Харин бага ангийн багш нар тэр хүүхэд цаашдаа ямар хүн болохыг шийдэж өгдөг. Гэтэл 1990-иэд оноос хойш бага цалинтай, нийгмийн хамгаалал муу гэдэг нэрийдлээр бага ангийн багшаар ажилладаг хүний тоо багассан. Тэгэхээр тэр хүмүүст арай илүү цалин хөлс олгож байж энэ байдлыг засна. Бага ангийн багшийн нэр хүнд социализмын үеийнх шиг өндөр байх ёстой.
- Боловсролын тогтолцоог зах зээлийн эрэлт хэрэгцээтэй хэрхэн нийцүүлэх хэрэгтэй вэ?
Боловсрол маань гурван үндсэн тулгуур баганатай. Нэгдүгээрт мэдлэг өгөхөд боловсрол чиглэнэ. Хоёрдугаарт суралцагч ямар нэг зүйл хийж сурах хэрэгтэй. Гуравдугаарт нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий бие хүн болж төлөвших. Эдгээрийг эзэмшсэн хүнийг боловсролтой хүн гэнэ. Гэтэл манай боловсролын тогтолцоо хүнийг юм хийж сургах чиглэлд маш муу. Тиймээс ч “Авьяас” хөтөлбөр гарч ирсэн. Үүнийг би дэмждэг.