Т.Дуламдорж: Олон улсад эрэн хайх аврах багтай болно
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж
2014.09.22

Т.Дуламдорж: Олон улсад эрэн хайх аврах багтай болно

  Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдоржтой ярилцлаа.

-Та сонин хэвлэлд ярилцлага тэр бүр өгдөггүй. Ажлаа юунаас эхэлж байв гээд асуух асуулт ч  их байна шүү?

 -Ажлаа аваад хамгийн анх  салбарынхаа үйл ажиллагаатай  биечлэн явж танилцаж, хамт олныхоо санаа бодлыг сонссон.

Бид Засгийн газрын бодлого, хөтөлбөртэй уялдуулж,  шинэчлэлийн 7 зорилтыг дэвшүүлсэн. Чиглэж зүтгэх тодорхой тэмүүлэл, төсөөлөл, төлөвлөгөөтэй  байна гэдэг ажил амжилттай байхын түлхүүр гэж боддог. Нэг ажиглагдсан зүйл бол иргэдийг аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх талаарх ажил  дутмаг санагдсан.

Тиймээс  ч гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх  чиглэлээ болгохыг зорьсон. Үүнтэйгээ уялдуулж, бүтэц, орон тоогоо шинэчлэн Онцгой байдлын газар, хэлтсүүдэд урьдчилан сэргийлэх ажил хариуцсан 47  албан хаагчийн орон тоог шинээр нэмэгдүүлж ажиллуулж байна.

 “Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем” төслийн хүрээнд улсын төсвийн 11.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ”Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”-ийг  байгуулсан.

Ийм төвтэй болсноор газар хөдлөлт төдийгүй байгалийн гамшиг, болзошгүй аюулт үзэгдлээс урьтан иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээллийг дуу дохиолол, гар утас, FM радио, телевизээр шууд дамжуулах боломжтой болсон. Энэ нь Онцгой байдлын салбар төдийгүй Монгол Улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт.

Мөн Онцгой байдлын байгууллагад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчныг сайжруулья, гадаад харилцаагаа тэлье, аврагчдыг сургаж дадлагажуулж, ур чадварыг нь  шинэ шатанд гаргая, тоног төхөөрөмжийн  шинэчлэлийг эрчимтэй үргэжлүүлье гэсэн  зорилтуудаа ч хэрэгжүүлэхийг зорьж ажиллаж байна.

 -Та хуульч хүн. Энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар ямар ажил хийж байна вэ?

 -10 жилийн өмнө батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулинд бидний  үйл ажиллагаа,  албан хаагчдын эрх зүйн баталгааг бүхэлд нь зохицуулахад учир дутагдалтай зүйл ажиглагдаж байна. Тиймээс Онцгой байдлын албаны тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль гэж хоёр салган боловсруулсан. Гамшгаас  хамгаалах тухай хуулийн төсөлд  гамшгаас урьдчилан сэргийлэхэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага ямар үүрэг оролцоотой оролцох вэ гэдгийг тодорхой тусгаснаараа давуу талтай гэж бодож байна.  Энэ хоёр хуулийн төслийг удахгүй Засгийн газарт өргөн барина.

Гал түймэртэй тэмцэх тухай хууль 1999 онд батлагдсан, зайлшгүй шинэчлэх нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно. Галын аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд  бид гал унтраах ангийг зөвхөн төрийн өмчит байхаар тусгасныг өөрчлөн гадаадын улс орнуудын туршлага судлан сум бүрт гал унтраах сайн дурын нэгж, хувийн болон гэрээт ангитай байхаар оруулсан. Энэ хуулийн төсөл УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэнэ. 

Онцгой байдлын албаны үйл ажиллагаанд шаардлагатай эрх зүйн баримт бичиг болох 30 гаруй дүрэм, журам, стандартыг шинээр боловсруулж батлуулан мөрдөж ажиллаж байгаа. Иргэний хамгаалалтын хуучин журмаар эрэн хайх, аврах чиглэлийн стандартууд бүрхэгдүү байлаа.

Олны хэл ам дагуулдаг Сэлэнгийн эх, хүүгийн ослоос авахуулаад эрэн хайх, аврах бүлгийн аврагч уснаас аврах ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулах арга зүйн зөвлөмж байгаагүй. Нийтлэг тохиолддог 8 төрлийн аюул, осолд бид хэрхэн ажиллах, аврагч ямар  норм, дүрэм, стандарт баримтлах вэ гэдгийг тодорхой болгосон.

 -Таныг  мэргэжлийн бус   гээд шүүмжилдэг, эмзэглэдэг үү?

 - Мэргэжлийн бус гэсэн шүүмжлэл гарч л байдаг. Түүнд эмзэглэх шаардлагагүй. Энэ албыг удирдаад яв гэсэн Засгийн газраас өгсөн даалгавар шүү дээ. Байгууллагыг удирдахад мэргэжлийн бус гэхээсээ   илүү сайн менежер хэрэгтэй гэж боддог.

 -Онцгойгийнхны  иргэдийн  амь нас, эд хөрөнгийг аварсан тоог  харахаар үнэхээр бахархмаар байдаг. Энэ онд гамшиг ослоос  хичнээн хүнийг аварсан бэ?

 -Жил болгон ажлаа дүгнээд үзэхэд 2013 онд л гэхэд 4400-гаад аюулт үзэгдэл, ослын дуудлагын дагуу  ажиллаж  2032  хүний амь нас, 25.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.  Энэ онд гэхэд   3093 дуудлагаар ажиллаж, 759 хүний амь нас, 13 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.  Гэхдээ нэг зүйлийг онцолж, бас анхааруулж хэлмээр байна.

  Зөвхөн усны ослоор жишээ авахад л өнгөрсөн жил гол усанд  190 хүн осолдсон. Бид урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж  байгаа ч иргэд архи, согтууруулах ундааг  хэтрүүлэн хэрэглэх, аялж зугаалж явахдаа хайхрамжгүй, болгоомжгүй хандаж эсвэл  хүүхдээ  хараа хяналтгүй  орхисноос энэ төрлийн осол буурахгүй байна. Гамшгаас хамгаалах нь Засгийн газар, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүч чармайлтаас гадна  ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн тэгш оролцоо, үүрэг, хариуцлага чухал байна. 

            -ОБЕГ-ыг хүн төвтэй болгоно гэж хэлж байсан санагдах юм, энэ зорилтдоо хүрч чадаж байна уу?

 -Ийм болгохын төлөө л зүтгэж байна. Ний нуугүй хэлэхэд, намайг ажил авахад иргэний хамгаалалт, галынхан гээд тус тусдаа амбицлах хандлагатай хүмүүс олон байсан.  Яагаад гэвэл  Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг анх байгуулахдаа Зэвсэгт хүчнээс Иргэний хамгаалалт, Цагдаагийн байгууллагаас Гал түймэртэй тэмцэх, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас Улсын нөөцийн салбарыг нэгтгэсэн юм. 

 Нэг туг, нэг тангараг,  нэг жагсаалын  дор нэгдсэн учраас чиний, миний гэхгүйгээр  нэгдмэл байна гэсэн хатуу байр суурьтай байдаг. Түүнийхээ хүрээнд энэ байгууллагыг  хүн төвтэй болгохын төлөө баг хамт олноос гаргасан санаачлагыг ажил хэрэг болгох,  албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, сургах, чадавхижуулахад анхаарч байгаа ажил бишгүй л байна.  Үе, үеийн дарга нарын хийж бүтээсэн, босгосон үйл хэргийг үргэлжлүүлж, энэ албыг улам бэхжүүлж, чадавхижуулахыг зорьдог.

 Анхны дарга Даш генерал л гэхэд  гурван том салбарыг нэгтгэн байгуулж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, бэхжүүлэхэд  олон зүйлийг хийсэн.  Амгаланбаяр даргын хувьд  албаны хэмжээнд  сахилга, хариуцлага, дэг журмыг тогтооход бодитой алхмууд хийсэн байдаг. Миний хувьд энэ албыг  шат шатанд  нь хариуцлагажуулах,  боловсон хүчнийг чадавхижуулахын  төлөө ажиллаж байна.

-Онцгой салбарын албан хаагчид “онцгой” чадвартай байх ёстой,  Албан хаагчдын ур чадварыг  дээшлүүлэхэд хэр анхаарч байна вэ?

- Зөвхөн тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийг сайжруулснаар чадавхи дээшилчихнэ гэж байхгүй. Аврагч хүн бусдыг аварч, хамгаалах үүрэг хүлээсэн болохоор өөрсдөө мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Тэгж байж өөрсдөө эрсдэхгүй өрөөлийг аварч чадна.

Албан хаагчдаа мэргэшүүлэх, мэдлэг чадварыг дээшлүүлэх, давтан сургах, шинээр боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.  Хууль сахиулах их сургуулийн Онцгой  байдлын сургуульд 8 мэргэжлээр 320 гаруй бакалавр зэрэгтэй боловсон хүчнийг бэлтгэж байгаа. Өнгөрсөн жилээс эхлэн анх удаа   доктор  болон магистрын  сургалтад  48 албан хаагчийг  суралцуулж байна.  Энэтхэг, Хятад, Тайландад анх удаа магистрт 5 албан хаагч энэ оноос сурч байгаа.

Аврагч, гал сөнөөгч болон гал унтраах  автомашины жолоочийг мэргэшүүлж томилдоггүй байсанд дүгнэлт хийж, онцгой байдлын албанд орж ажиллах хүсэлтэй залуусыг 1-3 сарын сургалтад хамруулан мэргэжил эзэмшүүлж, өнгөрсөн хугацаанд  380 орчим аврагч, гал сөнөөгч, гал унтраах автомашины жолоочийг бэлтгэн ажилд авлаа. Гал сөнөөгчөөр олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж,  их, дээд сургууль төгссөн ахлагч бүрэлдэхүүнээс  салааны захирагчийн  түргэвчилсэн сургалтад хамруулж, офицер болголоо.

Гадаадын урт болон богино хугацааны сургалтад 400-гаад ахлагч, офицер бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулсан. ОХУ-д томилолтоор ажиллахдаа тус улсын Иргэний хамгаалалтын академи, Гал эсэргүүцэх албаны академитай хэлцэл хийж,  суралцагчдын тоог  нэмэгдүүлсэн.

  -Олон улсад эрэн хайх, аврах багтай болно гэсэн мэдээлэл сонссон. Энэ үнэн үү?

  -Олон улсад эрэн хайх, аврах багтай болно. Удахгүй олон улсын шинжээчийн  баг ирнэ. Энэ баг ирээд манай байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын бэлтгэл бэлэн байдал, техник хэрэгсэл, боловсон хүчний  чадавхитай танилцаад, дүн шинжилгээ хийж, зөвлөмж өгнө. Тэр зөвлөмжийн дагуу сургалт явуулна. Ингэснээр манай аврагчид олон улсын түвшинд эрэн хайх,  аврах үйл ажиллагаа явуулах чадамжтай, эрхтэй  болно гэсэн үг. 

-Аюулын өөдөөс гар нүцгэн сөрдөг гэсэн шүүмжлэл байдаг. Тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах асуудал нэг үеэ бодвол эрх биш сайжирсан биз дээ?

-Манай аврагч, гал сөнөөгчид хаана ч гологдохгүй. Үүний баталгаа бол 2013 онд болсон гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аваргын  тэмцээнд нэг албан хаагч маань хувийн дүнгээрээ 4 дүгээр, багаараа 7 дугаар байранд орсон.

Японд болсон цунамигийн үеэр манайхнаас аврагчид явж үүрэг гүйцэтгэхдээ үнэхээр чадварлаг гэдгээ харуулсан шүү дээ. Сүүлийн гурван жилд  100 гаруй албан хаагч НҮБ-ын энхийг сахиулах  үйл ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нь  ур чадварын түвшинд дэлхийд үнэлэгдсэний томоохон жишээ. 

НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төсөв жил ирэх тусам өсч байгаа. 2013 онд 7.3  тэрбум, 2014 онд 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж байна.

Албаны хэмжээнд нийтдээ 530-аад техник  хэрэгсэлтэй. Үүний 50 гаруй хувь нь аймаг,  орон нутагт хэрэглэгдэж байгаа төдийгүй  дийлэнх  нь хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэгдсэн, 40-45 жил ашиглагдсан, техник хэрэгсэл байдаг.  Үүнийг бүгдийг шинэчлэх, эрэн хайх, аврах ажиллагааны  тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.

Аймаг, нийслэлийн засаг дарга нар хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд  өөрийн нөөц хөрөнгөнөөс тухайн орон нутгийнхаа онцгой байдлын албанд  машин тоног төхөөрөмж худалдан авч өгч, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой туслалцаа үзүүлж  байгаад талархаж явдаг. 

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төсөв жил ирэх тусам өсч байгаа. 2013 онд 7.3  тэрбум, 2014 онд 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэж байна.

ОХУ, БНХАУ, Японд үйлдвэрлэсэн галын үндсэн албаны автомашин, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой автомашин, квош, анх удаа аль ч улиралд, байгаль, цаг агаарын ямар ч  нөхцөлд үүрэг гүйцэтгэх онцлогтой  газар уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завьтай болсон. Манай салбарт техник хэрэгслээ шинэчлэх, албаа бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт маш их шаардлагатай.

Энэ бүгдийг ганцхан улсын төсвийн хөрөнгөөр шийднэ гэвэл бололцоо тун тааруухан. Тиймээс гадаад харилцаагаа тэлж, улс орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тусламж дэмжлэгийг  татахад анхаарч ажиллаж байна.  

Одоогоор 20 гаруй улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна. 2013 онд Япон Улсын  Засгийн газрын буцалтгүй тусламжаар 14.2 тэрбумын  өртөгтэй  22 ширхэг галын автомашинаар хангаснаар нийслэлийн 14 гал унтраах ангид техник хэрэгслийн  дорвитой  шинэчлэл болсон. Мөн Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр  5 сая еврогийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх гэж байна.   

-Аврагчийн хувцас шаардлага хангадаггүй, нэг түймэрт яваад л  гутал нь ханзарч урагддаг, шатчихдаг гэсэн шүүмжлэл байдаг. Хувцасны шинэчлэл хийж байна уу?

-Энэ байдал эрс өөрчлөгдөж байгаа шүү. 2013 онд гэхэд хувцасны шинэчлэлд 5.7 тэрбум төгрөг төсөвлөсөн.  Ингэснээр  нийт албан хаагчдын өдөр тутмын болон тусгай зориулалт, хөдөлмөр хамгааллын  хувцсыг иж бүрэн шинэчиллээ. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр албан хаагчдын дүрэмт хувцасны загвар батлах тухай зарлиг гарч, Шадар сайдаар   хувцас өмсөх журмаа батлууллаа.  Энэ журмыг   ирэх 10 дугаар сараас  мөрдөж эхэлнэ.

-Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх, дэмжлэг үзүүлэх, орон сууцтай болгох боломж хэр байдаг юм бэ?

- Манай байгууллагын  бие бүрэлдэхүүний  гуравны хоёр нь аврагч, гал сөнөөгчид.  Тэдэнд мэргэжлийн зэргийн урамшуулал олгох талаар Засгийн газарт  уламжлаад байна. Сүүлийн жишээг татвал, энэ жил 72 албан хаагчийг орон сууцтай болголоо. Мөн улсын хэмжээнд аврах, гал унтраах 14 ангийн барилгыг шинээр барьж байна. Эдгээр ангиудын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор албаны орон сууцны хамт баригдаж, 140 гаруй албан хаагч орон сууцаар хангагдаж байна.

 - Үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон албан хаагчид олон байдаг. Тэдэнтэй болон  ар гэрийнхэнтэй  нь уулзахад   хэцүү байдаг уу?

  -Тийм ээ.  Онцгой байдлын албаны албан хаагчид ард түмэн, улс орныхоо төлөө эрүүл мэнд, амиа хайрлахгүй зүтгэнэ гэсэн тангараг өргөж ажилладаг.  Бололцоотой бүх техник тоног төхөөрөмж, аюулгүй ажил­лагааг нь хангах талаар өөрсдөөсөө хамааралтай арга хэмжээг авч байгаа ч заримдаа байгалийн гам­шиг, давагдашгүй хүчин зүйлийг  дий­лэхэд амаргүй зүйл тохиолдох юм.

Тухайлбал, Дорнод аймгийн Баяндун сумын нутагт гарсан түймрийг унтраахаар  ажиллаж байсан  аврагчид  харамсалтайгаар амь нас эрсэдсэн. Түймрээс амьд гарсан аврагч А.Болорсүхэд Онцгой  байдлын ерөнхий газраас дэмжлэг үзүүлж, орон сууцтай болгосон.

  А.Болорсүх шиг үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртсэн хөвгүүдээ, энх цагийн баатруудаа бид мартах учиргүй. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан албан хаагчдад цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу холбогдох тэтгэмж олгогддог.

Онцгой байдлын ерөнхий газраас Дорнодод гарсан түймрийн улмаас амь эрсэдсэн  албан хаагчдын нэг  Багабишид төрийн одон медалиар нөхөн шагнуулах хүсэлтийг явуулсан  байгаа. Талийгаач А.Болорсүхийг тэвэрч, доороо оруулж хэвтээд  амь насыг  нь аварсан шүү дээ. Та яагаад А.Болорсүхийг аварсан юм бэ гэж асуухад надаас залуухан, хэдэн жил амьдраасай гэж  хариулсан гэдэг. Ийм л эгэлгүй сэтгэлтэй хүмүүс манай албанд зүтгэдэг юм шүү дээ.   

2013 онд болсон гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аваргын  тэмцээнд нэг албан хаагч маань хувийн дүнгээрээ 4 дүгээр, багаараа 7 дугаар байранд орсон.    

  2007 оны  Ми 8-ын осолд өртсөн аврагчдыгаа бид бүхэн албаны хэмжээнд жил бүрийн 6 дугаар сарын 14 -нд алдар гавьяаг нь дуурсч хүндэтгэл үзүүлдэг.  Удирдлагын зүгээс ар гэрийнхнийг нь хүлээж авч уулзаж санал хүсэлтийг сонсч, тодорхой хэмжээгээр тусламж, дэмжлэг үзүүлэхийг хичээдэг. 

            - “Нарны жим”  кино хүмүүст нэгийг бодогдуулсан байх. Бидний хайхрамжгүй үйлдэл, буруу зуршлаас болж аюул нүүрлэж, иргэд өөрсдөө ч  хохирдог гэдгийг   бага  ч атугай ухааруулсан болов уу?

-Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 4000 гаруй албан хаагчийн сэтгэл шингэсэн уран бүтээл. Ирэх 10 дугаар сараас  МҮОНРТ-ээр дахиж нэвтрүүлэхээр болоод байгаа.  Аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийг  соён гэгээрүүлэх чиглэлээр хийсэн, Онцгой байдлын албаны нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойдоо барьсан том  бэлэг. Ойн хүрээндээ албаны хэмжээнд бүтээлч олон ажлыг хийж хэрэгжүүлсэн.

              -Цаашид урьдчилан сэргийлэх талаар ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг иргэдэд олгох, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газарт “Аврагч студийг” шинээр  байгуулсан. 14 хоног  тутамд “Онцгой байдлын цаг” гэсэн нэвтрүүлэг хүргэж  байна.

Засгийн газраас гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг 2020 он хүртэл хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байна. ОБЕГ-аас энэ жил аймаг, орон нутгуудад сургалт, сурталчилгаанд нь  тусгайлан тус бүр 5 сая  төгрөгийг баталж өгсөн байгаа. Өмнө нь ийм ажил хийгдэж байгаагүй.

Урьдчилан сэргийлэх ажилд энэ салбарт ажиллаж байсан ахмад буурлуудаа татан оролцуулж, ахмадын холбоотой хамтарч ажиллах болсон. Ахмадууд маш дуртай хүлээн авч идэвхи зүтгэлтэй ажиллаж байна. Тэдний   сургааль үнэтэй, туршлага нь хэрэгтэй.  Одоо ажиллаж байгаа залуучуудаа ирлэж, сургаж, дадлагажуулахад туслаасай гэж боддог. 

            - Танай алба нисдэг тэрэгтэй болох  асуудал юу болсон бэ?

  -Томоохон эрэн хайх ажиллагаа явуулах онцгой нөхцөл үүссэн үед  нисдэг тэрэг гаргах асуудлыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэдэг. ОБЕГ өөрийн аврах ажиллагааны нисдэг тэрэгтэй больё гэдэг хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилж байгаа.

Нэг нисдэг тэргийг 10-аад тэрбум төгрөгөөр худалдан авна. Байнгын үйл ажиллагаатай байлгахын тулд хяналтын төв, байгууламж бий болгох, үйлчилгээний зардлыг давхар шийдэх хэрэгтэй болно. Хэдийгээр зардал өндөр ч гэлээ цаашид  томоохон эрэн хайх,  аврах ажиллагааг явуулахад   нисдэг тэрэгтэй болох зайлшгүй шаардлагатай.

            -Дархан-Уул аймгийн улсын нөөцийн  агуулахад гал гарч хүний амь эрсэдсэн тухай мэдээллийг  таныг нуун дарагдуулсан гэх юм?

  -Мэдээллийг  нуун дарагдуулсан зүйл байхгүй. Намайг нуу гэхээр нуугаад, ил гарга гэхээр гаргаж байдаг зүйл гэж юу байхав дээ.

Дархан-Уул аймгийн нөөцийн салбарт албаны шалгалт оруулж, дүгнээд  зарим албан тушаалтанд хариуцлага тооцож ажлаас чөлөөлсөн. Энэ бол  Т.Дуламдорж гэдэг хүн өөрийгөө хаацайлж, хариуцлагаас мултрахын тулд  гаргасан шийдвэр биш ээ. Ер нь ажилдаа эзэн болох, сахилга хариуцлагатай байх,  энэ албаны төлөө гэсэн чин сэтгэл албан хаагч бүрт байх ёстой.

            -Сүүлийн үед  таны талаар сайтуудаар сөрөг мэдээлэл их цацагдаж боллоо. Үүнд ямар тайлбар хийх вэ?

- Бодитой, ажлын төлөө   шүүмжлэлийг бол хүлээж авна.  Алдаа оноо байж болно. Түүнийгээ засч, давтахгүй байхыг хичээдэг, хэрэгжүүлдэг байх ёстой. Харин хүнийг санаатайгаар  гутаан доромжлох, харлуулах, хийснийг үгүйсгэх, гүтгэх  бол өөр асуудал. Би сайтуудаар бичүүлж  байгаа мэдээлэлд  удаан хугацаанд  тэвчээртэй, хүлээцтэй хандсан.

Замд хуцсан нохой болгон руу чулуу шидээд байвал зорьсон газартаа хэзээ ч хүрэхгүй гэсэн үг байдаг биз дээ. Анхандаа  тоодоггүй байлаа. Одоо бүр дэндэж байна. Хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг гэдэг.  Санаатай, захиалгаар   мэдээлэл бичүүлээд, сайтуудад төлбөр төлж  гаргаад  байгаа хүмүүс хэн бэ гэдгийг мэдэж  байгаа.

  Яасан ч завтай хүмүүс байдгийн.  Миний нэр дурдагдсан мэдээлэл болгоны доор хэдэн арван хуудсаар гүтгэн, гутаасан мэдээ, материал  бичээд түүнийгээ  copy paste хийгээд сууж байхын.  Энэ хүмүүст хэлэхэд  одоо өмнөх шигээ дуугүй хараад суухгүй ээ.

Ер нь зөвхөн намайг ч биш өмнөх үеийн удирдлагуудыг  ч иймэрхүү явган, аар саархан асуудлаар дайрч давшилж, нэр хүндийг нь гутаадаг  байсан юм билээ.  Ажилд авсангүй, дарга болгосонгүй гээд шантаажилж, намайг буулгаж авна гэж бодож байвал эндүүрэл.   Хууль хяналтын байгууллагад нь хандаж, нэр хүндээ сэргээлгэнэ гэж бодож байгаа.