Шадар сайд Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байна
Дэлхийн эдийн засгийн чуулган (ДЭЗЧ)-ын “Зуны Давос”-ын уулзалт БНХАУ-ын Тянжин хотноо энэ сарын 10-ноос 12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва оролцож үг хэллээ.
Тэрээр “Дэлхийн Банкны судалгаанд дурьдсанаар Монгол Улс нь социалист нийгмийн байгууллаас эдийн засгийн өндөр өсөлттэй, олон намын ардчилсан хэлбэрт тогтолцоонд шилжин ороод байгаа орон юм.
Сүүлийн жилүүдэд олборлох салбарын хөгжил хурдсаж, өнөөдрийн байдлаар ДНБ-ний 20 хувийг бүрдүүлэх болсон нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад даруй 2 дахин их үзүүлэлт болж байна.
2013-2017 онд үргэлжлүүлэн давхар оронтой тоогоор өсөх тооцоотой байна.
Эдийн засгийн өсөлт мөн 2010 онд 6,4 хувь байсан бол 2013 онд 12,5 хувь болон өсч, 2013-2017 онд үргэлжлүүлэн давхар оронтой тоогоор өсөх тооцоотой байна. Монгол Улсын хүн амын боловсрол, ядуурал, төсвийн орлого зарлага зэрэг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт эерэг хандлагатай гарч байна.
Хэдийгээр Монгол Улсын өнөөгийн эдийн засаг нь хөдөө аж ахуйн салбарт тулгуурласан хэвээр байгаа ч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл, уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байна.
Хөдөө аж ахуй, уул уурхай, харилцаа холбоо зэрэг эдийн засгийн салбарын төрөлжүүлсэн хөгжил Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн сайн хөрс суурь болж өгөх учиртайн зэрэгцээ, урт хугацаанд энэхүү хөгжлийн хурдаа хадгалах, илүү их баялаг дотроо бүтээх, олон тулгуурт эдийн засаг хөгжүүлэн бий болгоход Монгол Улс гол анхаарлаа хандуулж байна.
Хэдийгээр 2014 он бидний хувьд сорилт ихтэй жил болж байгаа ч манай эдийн засаг давхар оронтой өсөлтөө хадгалж 11 хувиар өсөх урьдчилсан дүр зураг байгаагийн зэрэгцээ эдийн засагчид манай орныг хамгийн өндөр хурдаар өсч буй эдийн засгийн нэг гэж үзэж байна. Мөн Монгол Улсын бизнес хийх таатай орчны үзүүлэлт дөрвөн байраар, Авлигын индекс 11 байраар сайжирсан үзүүлэлт байгаа ч бид илүү томоохон зорилго өмнөө тавьж байна” гэсэн байна.