Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, хуралдааны үеэр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Хууль зүйн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нар хамтран үзэл баримтлалыг батлах нь зүйтэй гэж үзжээ.
Монгол Улс зах зээлийн баримжаатай нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг тус тус баталж, ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо бөгөөд хэрвээ тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ий 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтэй байна.
Иймд цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлвэл ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцлийг бүрдүүлж, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж малчид, хувиараа хөдөлдөр эрхлэгчдийг тэтгэврийн орлоготой болгох боломжтой болох юм.
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төсөл нь дөрвөн хэсэгтэй бөгөөд тогтоолын төсөл батлагдсанаар даатгуулагч төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай зохистой хэмжээний тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ, тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг дунд, урт хугацаанд бууруулна, даатгалын хамрах хүрээ нэмэгдэж, ахмад настан бүр орлогын баталгаагаар хангагдаж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалтай болох, өндөр орлоготоы ажиллагсдад зориулсан хувийн хэвшлийн нэмэлт даатгалын тогтолцоо бий болох зэрэг эерэг үр дагавар гарна хэмээн тооцоолж байна.
“Хүний хөгжлийн төв цогцолбор төсөл”-ийн концессийн гэрээг “Жам Зам Инвестмент” ХХК-тай байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө
“Хүний хөгжлийн төв цогцолбор” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд залуус, иргэдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, түр байршуулан эмчлэх, соёл, спорт, сургалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг үндсэн үйлчилгээг үзүүлнэ.
Төслийг Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 17 тэрбум төгрөг байна. “Жам Зам Инвестмент” ХХК буюу концесс эзэмшигч нь концессийн гэрээ байгуулагдсанаас хойш 6 сарын хугацаанд ТЭЗҮ, барилгын зураг төслийг боловсруулан төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулж, төслийн санхүүжилтийн гэрээ болон бусад дагалдах гэрээг байгуулснаар концессийн гэрээ хүчин төгөлдөр болж, барилга угсралтын ажил эхлэх юм.
Концессийн гэрээний хугацаа нийт 30 жил байх бөгөөд концесс эзэмшигч нь “Хүний хөгжлийн төв цогцолбор”-ыг 2 жилийн хугацаанд барьж, удаах 28 жил ашигласны дараа төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ.
Газрын тосны хайгуулын “Борзон-VII” талбай дээр Газрын тосны газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “М СИ ЭС Петро лимитед” ХХК-ийн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр гэрээлэгчийн үүрэг хүлээсэн эрх, үүргийг “Импайргаз монголиа” ХХК-нд бүхэлд нь шилжүүлэхийг зөвшөөрлөө.
“Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулга батлагдан гарснаар тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж хайгуул, олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд “М Си Эс Петро Лимитед” ХХК нь Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “Импайргаз монголиа” ХХК-тай “Борзон-VII” талбайд байгуулсан Бүтээгдхүүн хуваах гэрээний эрх, үүргийг бүхэлд нь шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна.
Газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд шаардагдах техник-технологи, санхүүжилтийг БНХАУ-ын талын хувь эзэмшигч “Өвөрмонголын Чинхуа Групп” ХХК хариуцах, Австралийн “JORK” стандартын дагуу нөөцийг тогтоох, эдийн засгийн хувьд үр ашигтай нөөц тогтоогдсон тохиолдолд хувь нийлүүдэгчид Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулах үйлдвэр барихаар нэгдсэн шийдвэрт хүрсэн байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ-гийн Монгол Улсад хийх албан ёсны айлчлалын үеэр монголын талаас баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар 2014 оны 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлалын зорилго нь Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоход оршино.
Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийнэ.
Яриа хэлэлцээний үеэр иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх, БНСУ-ын виз мэдүүлэхэд Монгол Улсын иргэдээс авдаг барьцааг болиулах, БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулахад цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг солонгосын талд хүсэлт болгоно.
Түүнчлэн Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор байгуулагдаж буй Засгийн газар хоорондын хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн өнөөгийн байдлын талаарх Монгол Улсын байр суурийг нотолж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ хийх санаачлагын хүрээнд БНСУ-тай хамтран ажиллах, Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох зорилтыг хэрэгжүүлэхэд БНСУ-ын дэмжлэгийг авч хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцох юм.
Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнгийн тухай Гадаад харилцааны сайд Л.Болд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд 2014 оны 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Сайд Ж.Бэйрд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт бараалхжээ.
Албан ёсны уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Канадын хоёр талын харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар талууд санал солилцож, цаашид хоёр улсын харилцааны түвшинг ахиулах, хамтын ажиллагааг уул уурхай төдийгүй батлан хамгаалах, хууль эрх зүйн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, барилга зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар тодорхой тохиролцоонд хүрчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Товч мэдээ
- ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донскойн 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад ажлын айлчлалын дүнгийн тухай Монгол Улсын шадар сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан уг айлчлалын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгав.
- Засгийн газрын үйл ажиллагааны талаарх 2014 оны 7 дугаар сарын хураангуй мэдээллийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайхан билэг танилцуулав.
- 2014 оны 7 дугаар ард Засгийн газрын 5 удаагийн хуралдаан болж, 101 асуудал хэлэлцэн, 26 асуудалтай танилцаж, Засгийн газрын тогтоол 28, тэмдэглэл 72, Ерөнхий сайдын захирамж 1 гарчээ.