УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2014.08.19

Л.Болд: Айлчлалын үеэр хөнгөлөлттэй зээлийн асуудал яригдах нь гарцаагүй

БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ сарын 21-22-ны өдрүүдэд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сарын 3-нд Монгол улсад Төрийн айлчлал хийх гэж байгаа билээ.

Хугацааны хувьд ойролцоо цаг үед хийж буй эдгээр айлчлалыг дэлхий дахин ч сонирхож суугаа. Хоёр хөршийн дараалсан айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа. 

 -БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалыг хэрхэн харж байгаа вэ?

-Ирж буй айлчлалаар бүхий л хүрээний асуудлыг хөндөж харилцааг шинэ түвшинд гаргах чиглэлээр ажиллана. Тодруулбал, харилцааны шинэ түвшинг илтгэсэн хамтарсан тунхаглал гаргахаар бэлдэж байна.

Бид түүхээрээ, соёлоороо, эдийн засгаараа, ирээдүйгээрээ холбогдсон хөрш орнуудын хувьд стратегийн түншлэлийн харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхээр ажиллаж байна.

Мэдээж хэрэг айлчлалаар олон гэрээ, хэлэлцээр Засгийн газар болоод хувийн хэвшлийн түвшинд хийгдэхээр болж байгаа. 

-Эдийн засгийн хүрээнд яригдаж байгаа томоохон төслүүдээс танилцуулахгүй юу. Транзит тээврийн асуудал яригдах нь тодорхой болж байх шиг байна.  

-Төрийн дээд хэмжээний айлчлал учраас аль болохоор нийт улс, эдийн засгийг хамруулсан том зорилтуудыг багтаахыг эрмэлзэж байна.

Худалдаа, эдийн засгийн олон томоохон гэрээ, хэлэлцээр байгуулагдана. Үүн дотор хамгийн түрүүнд олон жилийн турш хүлээгдэж, яриа хэлэлцээ болж байсан дамжин өнгөрөх тээврийн асуудал дээр тодорхой гэрээ байгуулагдахаар бид эцэслээд явж байна. 

-БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл авах тухай хэвлэлүүдээр бичиж байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ? 

-Тус асуудлаар эцсийн мэдээллийг айлчлалын үеэр өгнө. Энэ талаар мэдээж хэрэг яригдаж байгаа. Гэхдээ асуудлыг эцэслээгүй байна. 

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар ямар асуудлууд яригдах вэ? 

-ОХУ-тай мөн эдийн засаг, харилцааны бүхий л асуудлаа ярина. Харилцаагаа шинэ түвшинд хүргэх хамтарсан тунхаглалын асуудлаа ярина.

Хамгийн гол нь олон жилийн хугацаанд хүлээгдэж байгаа иргэд харилцан визгүй зорчих асуудал.

Энэ бол түүхэн шийдвэр байх болов уу.

-Ази, Европыг холбон Монголын нутгаар дайруулан газрын тос, байгалийн хий, эрчим хүч, төмөр зам, авто зам гэсэн шугамуудаар холбох 5 шугам төслийн талаар энэ айлчлалуудаар яригдах болов уу? 

-Хоёр хөршийг хооронд нь холбосон транзит орон болох зорилт байгаа. Транзит гэдэг маань харилцан хийх тохиролцоо юм. Бид ч транзит болно. Тэд ч транзит болно. Энэ асуудлыг нээлттэй хэлэлцэнэ. 

-БНХАУ-ын Коммунист намын ээлжит Их хурал болж Нээлттэй бодлогын гүнзгийрэлт гэдэг бодлогын шинэчлэл хийж байгаагаа хөрш орнууддаа зарласан. БНХАУ-ын бодлого нээлттэй болох нь манай улсад үзүүлэх нөлөөлөл ямар байх вэ? 

-Хятадын энэ бодлогын шинэчлэл бидэнд маш их ач холбогдолтой. Яагаад гэхээр үүнээс өмнөх буюу XX зууны түүх өөрөө их олон нугачаатай. Улс орнуудыг хооронд нь хөндийрүүлсэн, хаагдмал, боогдмол, бие биедээ үл итгэх нөхцлүүдийг бий болгосон.

Одоо Хятадын шинэ бодлого хөрш орнуудтайгаа хамтарч нээлттэй хөгжих, аль болох харилцан дэмжих, ил тод, ирээдүйг харсан бодлого гаргаж байгаа нь бидэнд маш их хэрэгтэй. Чухамдаа манай хөршүүд ийм л бодлого өнөөдөр явуулж эв найрамдалтай байх нь хэн хэндээ хэрэгтэй шүү дээ. 

-Нүүрснээс хий гаргах Хятадын  Синопек компанитай хамтарсан төсөлд БНХАУ-ын талаас өндөр дүнтэй хөрөнгө оруулалт хийгдэх тухай яригдаж байна. Айлчлалаар энэ төслийг эхлүүлэх асуудал яригдах уу? 

-Энэ бол манайд хэрэгжих хамгийн бодитой томоохон төсөл. Ямар ч байсан хоёр, гурван тэрбум ам.доллараар томоохон төсөл эхлэх тухай яригдаж байна. Энэ нь Оюу Толгой шиг том төсөл биш. Гэхдээ байгаль, экологи, эдийн засгийн үр ашиг талаасаа маш чухал төсөл. Үүнийг эхлүүлэх гол тохиролцоонууд хийгдэнэ. 

-Зарим судлаач нэг асуудалд шүүмжлэлтэй байдаг. Хөрш орнуудтайгаа тохиролцоо хийгээд, нэгдсэн шийдвэрт хүрсний дараа УИХ түүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй тохиолдол гардаг. Жишээ нь хөнгөлөлттэй зээлийн асуудалд ийм хүндрэл үүсэх болов уу гэсэн таамаглал бий. 

-Монгол улс ардчилсан төртэй. Төрийн дээд эрх мэдэл парламентдаа байдаг улс. Тэнд л шийднэ. Тиймээс энэ асуудал дээр би ч төлөөлж чадахгүй. Парламент л асуудлаа шийднэ шүү дээ. 

-Транзит тээврийн тарифийн асуудал дээр хэлэлцээний явцад БНХАУ-ын талаас бидэнд нааштай хариу үзүүлж байгаа юу? 

-Транзит тээврийн хувьд хугацаа, хэмжээ, хөнгөлөлт зэрэг эдийн засгийн хөшүүргийн асуудлууд байгаа. Тус асуудлаар маш нааштай мэдээлэлтэй байгаа. Яриа, хэлэлцээ эцэслэгдэж байна. Энэ нь түүхэн чухал арга хэмжээ болно гэж найдаж байгаа.