С.Эрдэнэ: МАН-ынхаан, бадарчин баярлах болоогүй шүү
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг өнгөрсөн хаврын чуулганаар яагаад хэлэлцсэнгүй вэ. Ахмадын хүлээлт нэлээдгүй байна?
-Энэ хуулийг санаачлаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар төслийг хэлэлцэх эсэхийг нь дэмжээд ажлын хэсэг хүртэл байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахалж байна. Намрын чуулганаар анхны хэлэлцүүлгээ хийнэ.
-Намрын чуулганаар батлах болов уу?
-Батлуулах зорилготой ажиллана. Намын бүлгүүд эхлээд дэмжихгүй гэж байсан ч хуулийн ач холбогдлыг ойлгоод дэмжихээр болсон байгаа.
-Энэ хууль батлагдсанаар улсын төсвөөс хэдий хэмжээний мөнгө шаардахаар байна. Эдийн засаг хямарч, улсын төсөв алдагдалтай байгаа энэ үед дараа болох юм биш биз?
-Хамтын тэтгэврийн хууль нь өөрөө улсын төсөвт биш Нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний ачаалал үүсгэнэ. Нэг үгээр хэлбэл, тэтгэврийн даатгалын сан бие даагаад ирэхээр хуримтлагдсан хөрөнгөөс нь ахмадуудад мөнгө олгох эрх зүйн зохицуулалттай.
Яах вэ, эхний жилд бидний тооцож байгаагаар 25-30 орчим тэрбум төгрөгийн нэмэгдэл үүсвэрийг улсын төсвөөс авч таарах байх.
Ингэхдээ зөвхөн нэг л удаа авна. Улсын төсвөөс дахиж ямар ч нэмэлт хөрөнгө шаардахгүй.
Дараагийн жилүүдээс эхлээд нийгмийн даатгалын сангийн хүрээнд зохицуулагдаад явах бүрэн боломжтой. Энэ хуулийг энгийнээр тайлбарлавал гэр бүлийн аль нэг гишүүн түрүүлж бурхан болвол үлдсэн гишүүн нь өөрийнхөө амьдрах хугацаанд хань ижлийнхээ авч байсан тэтгэврийг үргэлжлүүлж авах тухай хууль.
Ингэснээр тухайн гэр бүл эдийн засаг болоод сэтгэл зүйн эрсдэл, дарамтад орохгүй. Түүнээс гадна ахмадын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилготой хууль. Хэрэв тэр хүн амьд байсан бол авах л мөнгө. Ялгаа байхгүй. Хань ижлээ бурхан болсны дараа нэг эсвэл 20 жил амьд байлаа гэхэд тэр хугацаандаа л авна.
Тэгэхээр энэ хуулиар төсөв шаардаад байгаа юм алга байгаа биз. Угаасаа ахмадуудад зориулсан төсөв нь байсан уу гэвэл байсан. Гагцхүү хуримтлалыг нь үргэлжүүлээд ханиа алдсан нөгөө буурайгийн амьдрах хугацаанд олгоё гэсэн зохицуулалттай.
-Мэдээж тэтгэврийг нь авахын тулд тодорхой шалгуур хангана?
-Албан ёсны гэр бүл болоод 10 эсвэл 15 жилээс доошгүй хугацаанд амьдарсан байх гээд цөөнгүй шалгуур бий.
-Шинэчлэлийн Засгийн газраас хүүхэд, гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулж буйгаа онцолдог. Та салбарыг нь удирдсанаар энэ тал дээр ямар ахиц гарав?
-Нэн тэргүүнд Гэр бүлийн тухай хуулиа өргөн барилаа. Гэр бүлийн тухай хууль 1999 оноос хойш өөрчлөгдөөгүй. Харин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар олон шинэ харилцааг зохицуулахаар зорьж байна.
Ер нь 1999 оноос өмнө байсан болоод байгаагүй олон харилцааг зохицуулах шаардлага бий. Өнөөдөр 1999 оноос өмнө огт байгаагүй нийгмийн шинэ харилцаанууд нэмэгдчихэж. Тухайлбал, олон соёлт гэр бүлийн асуудал байна. Тухайн үед байсан уу гэвэл байсан. Гэхдээ нийгмийн асуудал болох хэмжээнд байгаагүй.
Цөөхөн тоогоор орос эхнэртэй байсан бол одоо дэлхийн янз бүрийн улс орны ястан, үндэстэнтэй гэр бүл зохиосон иргэдийн тоо хэдэн мянгаар тоологддог боллоо. Зөвхөн солонгос хүнтэй гэр бүл болсон хүн гэхэд 2000 гаруй байна.
АНУ, Герман гээд дэлхийн өнцөг бүрт амьдарч байгаа монголчууд гэвэл дэндүү олон.
Энэ утгаараа олон соёлт гэр бүлийн харилцааг зохицуулах, тэднээс төрсөн хүүхдийн харъяаллын асуудлыг шийдэх шаардлага тулгарч байгаа юм.
Үүнээс гадна хүүхдийн эрхийг хангах нь нийгмийн зорилго учраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл болоод Хууль зүйн яамтай хамтраад Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийг өргөн барьж байна.
-Хүн амын хөгжлийн цогц бодлогоо хүртэл өргөн барьсан байх аа?
-Энэ бодлого батлагдвал 10 гаруй хуульд өөрчлөлт орох учиртай. Манай салбарын хуулиуд нь 1990 оноос өмнөх социалист харилцаагаа халахын тулд түр зуурын зохицуулалт хийсэн байдаг. Зах зээл, хүн эрх, амьдарч байгаа цаг үетэйгээ нийцсэн эрх зүйн зохицуулалтыг хийж амжаагүй байсан юм. Одоо бид түүнийг хийж байна. Түр засвар хийсэн хуулиар аргацаагаад явж болохгүй гэдэг нь харагдлаа.
-Тантай салбарын ажлаас илүүтэй АН-ын дотоод зөрчлийн талаар ярилцмаар байна. Танай намынхан засаг барьж байгаа ч дотоод зөрчил их байх шиг. Х.Баттулгын араас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг нь явууллаа. Б.Батзаяа ч намын даргаа хойд эх гэж нэрлэсэн байна лээ?
-Манай намын байгаа нь энэ шүү дээ. МАН-ынхантай адилхан хумсаа нуугаад байдаггүй. Намын доторх шийдвэр, үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод байдаг учраас зөрчилтэй мэт харагддаг. Тэгвэл хүмүүст битгий тэгж хараач гэж хэлмээр байна.
Энэ бол зөрчил биш. Улс төрийн нам гэдэг өөрөө амьд байх ёстой. Амьд харилцаа дотор л өрсөлдөөн, зөрчилдөөн байдаг байхгүй юу. Нийгэм хүртэл тийм л байдаг биз дээ. Тэгэхгүй хэн нэгэн хүний дохио зангаагаар хөдөлдөг байвал дарангуйллын нийгэм болно.
Эцсийн эцэст манай намын дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлдэг, үзэл бодлоо хэнээс ч эмээлгүй хэлчихдэгийг нь зөрчилтэй юм байна гэж ойлгож байгаад харамсах юм. Тэгээд ч болохгүй хэмжээнд хүрчихээд байгаа зөрчлийг би лав олж харахгүй байна.
Өнөөдөр АН-д олон фракц байдаг нь үнэн. Манайх МАН-ынхан шиг фракциа нуудаггүй, ил тод зарлачихдаг. Би ч өөрөө “Шонхор” фракцийн хүн. Нуугаад байх юм алга. МҮДН, Алтангадас, МоАХ гээд олон фракц байгааг нуухгүй. Фракц болсноороо намаасаа урваад байгаа юм бас байхгүй. Зөвхөн намын үйл ажиллагааг ямар тактик, бодлогоор явуулбал оновчтой бол гэдэгт санал нийлсэн хүмүүс дотроо хэсэг бүлэг болоод байгаа нь энэ.
-Танай намын фракциуд албан тушаалаа ч гэсэн хувааж авдаг?
-Бодлогоо хэрэгжүүлэхийн тулд фракциуд эрх мэдлийн төлөө явдаг нь үнэн. Гэхдээ үүнийг хувааж авдаг гэж хэлж болохгүй. Аль хүчтэй нь олон суудлыг л авдаг. Хүчний харьцаагаар хуваарилалт хийдэг. Улс төрчид ч гэсэн тэгдэг биз дээ.
УИХ-д аль нам олонхи болсон нь олон суудал аваад бодлогоо тодорхойлдог. Нам болоод фракциудын хувьд ч ялгаагүй. Хэдэн суудалд хүнээ тавьж чадна тэр фракц л бодлогоо тодорхойлно.
Энэ бол эрүүл үзэгдэл. Нөгөө фракциуд цөөнх болсон бол олонхи болсонтойгоо хамтраад ажиллана. Болохгүй зүйлд нь шүүмжлэлтэй хандана. Фракц нь өөрөө том улс төрийг багасгаад нам дотроо авчирсан хувилбар гэсэн үг.
Үүнийг эвэртэй туулай харсан мэтээр гайхаад завхарсан юмнууд гэж яриад байх шаардлагагүй. Угаасаа МАН-ынхан ч гэсэн хэдэн арван фракцитай. М.Энхболдын фракциас эхлээд тоочвол олон байна. Яагаад МАН-ынхан фракциа нууснаараа цэвэр ариун, эв нэгдэлтэй мэт харагдаж, АН-ынхан ил тод зарладагаараа буруудах ёстой гэж. Тийм байж таарахгүй шүү. Тэгээд ч ард түмэн АН-ыг ил тод нам гэдгийг мэднэ дээ.
-АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах цаг хугацаа нь болсон шүү дээ. Яагаад хуралддаггүй юм бэ. Жирийн дэмжигч гишүүд хуралдахыг нь шаардаж байгаа гэсэн үү?
-Шаардаад байгаа юм алга. Намын дүрмийн дагуу намын удирдах Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдах цаг нь болсон. Үүнийг намын удирдлагад байгаа хүмүүс мэдэж байгаа байлгүй. Нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой намын ҮЗХ хуралдах шаардлага бол бий.
Удахгүй хуралдах байлгүй. Гэхдээ намын ҮЗХ нь хэн нэгэн гишүүн гэнэт зарлаад хуралдуулаад байдаг асуудал биш. Хуралдуулахын тулд бэлтгэл хангаж, судалгаа хийх хэрэгтэй. Юу хэлэлцэхээ бэлдэж байж хуралдуулах ёстой. Түүнээс биш нэг нь хуралдуулсан, нөгөө хэд нь хуралдсан нэр зүүгээд хэрэггүй.
-Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн хямрал, валютын савалгаанаас болж ганхаад эхэлж байгаа гэх юм. Кабинетийн гишүүний хувьд үүнд ямар байр суурьтай байна. МАН болоод парламентаас гаднах намууд огцрохыг шаардсан байсан?
-Улс төрийн намуудыг хийх ёстой ажлаа хийж байна гэж ойлгож байна. Сөрөг хүчний намууд эрх баригчдыг гоочлох, шүүмжлэх болж өгвөл огцруулах зорилготой байдаг шүү дээ. Ялангуяа, Монголын улс төрийн намуудын гол зорилго нь тэр. Сайн байсан ч муулна.
Муу байсан ч муулна. Болж өгвөл огцруулна гэнэ. МАН-ыг эрх барихад муулдаг л байсан. АН-ын эрх барихаар муулж л байна. Ийм процесс явж байна. Үүнийг гайхаад байх юм алга. Харин нэг зүйлд инээд хүрээд байх юм.
-Юунд тэр вэ?
-Юу гэхээр МАН-ынхан “2016 оны ялалт манай талд болчихлоо” гээд хэт их баярлаж хөөрч байгаа юм шиг байна. Тэдэнд ганцхан зүйлийг хэлмээр байгаа юм. Бадарчин баярлах болоогүй ээ. Битгий хөөрч баярла. Та нарын хийсэн балаг, тарьсан гай уршиг арилаагүй байгаа шүү.
Өнөөдөр энхийн цагаан тагтаа байсан юм шиг асуудалд хандахаа боль. Харин эрх баригч нартай тарьсан балгаа арилгахын төлөө хамтарч ажиллавал улс оронд хэрэгтэй. Ирээдүйд нь хэрэгтэй.
-Эдийн засгийн хямрал МАН-аас үүдэлтэй гэж үү?
-Эдийн засгийн хямрал, валютын савалгааны эх үүсвэрийг МАН засаг барьж байх үедээ л хийсэн биз дээ. “Эрдэнэт”-ийн борлогдоогүй зэсийн мөнгийг аваад нийгэмд тараачихсан. “Эрдэнэс-Тавантолгой”-н борлогдоогүй байсан нүүрсний мөнгийг хүртэл урьдчилж аваад тараачихсан.
Яриад байвал түмэн юм байна. Миний хувьд энэ яамыг хүлээж аваад хамгийн түрүүнд 21 мянган төгрөгөө дутуу авсан иргэдийн мөнгийг нөхөж олгосон. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгоогүй байсан 300 гаруй мянган төгрөгийг ч гэсэн нөхөж олгосон.
Үүнээс л ажлаа эхэлсэн. Би шинэ ажил эхлээгүй л байхгүй юу. Ажил авангуутаа түрүүчийн Засгийн газрын дутуу хийсэн ажлыг гүйцээж, тавьсан өрийг нь дарахаас эхэлсэн шүү дээ. Хэрэв шинэ өнцгөөс ажлаа эхэлсэн бол илүү ихийг хийх байлаа.
Өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жилийн ойтойгоо золгож байна. Энэ сарын 17-нд ойн өдөр болно. Хоёр жил гэдэг ямар хугацаа билээ. 80-90 жил гэдэг ямар хугацаа вэ. Улс орныг 90 жил удирдсан нам аль нь билээ.
МАН-ынханд бүтээсэн нь ч бий, нураасан нь ч бий. Шинэчлэлийн Засгийн газарт ч гэсэн ялгаагүй. Хамгийн гол нь Шинэчлэлийн Засгийн газар өөрчилж шинэчилж болдог юм байна гэдгийг улс оронд харуулж чадсан нь хамгийн том амжилт юм.