Х.Тэмүүжин конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай“ олон улсын конвенц болон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийн Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.07.08 / өргөн барив.
“Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийн гол зорилго нь хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршиж байгаа юм байна.
Энэхүү конвенц нь Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа, хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ тул Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм.
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл нь нэг зүйлтэй бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиудтай нийцсэн.
Нэмэлт Протоколд нэгдэн орсноор Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэгт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг болон Комиссын гишүүний эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлэхтэй холбогдсон бүрэн эрхийг холбогдох хуульд тусгах шаардлагатай тул Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ