ХБНГУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа
2014.07.07

ХБНГУ-ын гадаад хэргийн сайдын айлчлал эхэллээ

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер манай улсад  албан ёсны айлчлал хийж байна.

Хоёр орны гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, ХБНГУ-тай  хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, ашигт малтмал, худалдаа, эдийн засгийн салбарын харилцааг түлхүү хөгжүүлэх, зам тээвэр, дэд бүтэц, барилга, боловсролын салбарт германы стандартаар дамжуулан европын стандартыг Монголд нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс 2015 онд Берлин хотноо болох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “ITB-2015”-д түнш орноор оролцох болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Албан ёсны хэлэлцээний дараа Гадаад хэргийн сайд нар хэвлэлийн бага хурал хийж, сайд Л.Болд манай хоёр орны харилцаа хоёр талын ашиг сонирхол, олон улсын харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан иж бүрэн түншлэлийн хүрээнд улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж байгаа бөгөөд Монгол, Германы ард түмний уламжлалт, найрсаг харилцааны түүхийг баяжуулан, хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх, харилцааны түвшинг ахиулахад энэхүү айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Сайд Ф.В.Штаймайер мэдэгдэлдээ ХБНГУ-ын Засгийн газар Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагааг эдийн засгийн салбарт улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотолж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг дурдаад ялангуяа соёл, шинжлэх ухаан, археологийн салбарт эрчимтэй өргөжин тэлж буйг онцлов.

ХБНГУ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид тус улсын энхийг сахиулагчидтай мөр зэрэгцэн Афганистанд олон улсын ажиллагаанд оролцож буйд талархалтай байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид эдийн засаг, ашигт малтмал, байгаль хамгаалал, байгаль орчинд ээлтэй технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хөгжүүлэхээр хоёр тал тохиролцоонд хүрснийг дурдлаа.

ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцоно. Мөн Монгол Улсын Шадар сайд, Монгол, Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагватай уулзан, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар дугуй ширээний уулзалт зохион байгуулна.