Д.Ганхуяг:Орлогын тайлан гаргах хэрэгтэй
2009.08.17

Д.Ганхуяг:Орлогын тайлан гаргах хэрэгтэй

-Тэгэхгүй бол "Эрдэнэт”-ээс хангамж, импортоос тэрбумтан төрдөг гэдэг хэвээрээ байх болно-


УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай улс төрийн хүрээн дэх цаг үеийн сэдвээр хөөрөлдсөн юм.

-Ерөнхий сайд С.Баяр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах саналтай байгаагаа УИХ-д өргөн барьж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээрийн явцын талаар УИХ-д мэдээлэл хийх болсон. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-УИХ-ын гишүүд гэрээний төслийг хэзээ ч хэлэлцэхэд бэлэн. Учир нь энэ гэрээ манай улсын хөгжилд чухал ач холбогдолтой. Гагцхүү УИХ-аар хэлэлцэгдэх гэрээ, эдийн засгийн тооцооны гол үзүүлэлтүүд хэнд ч ойлгомжтойгоор сайн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Ялангуяа ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл тодорхой байх ёстой.

Гэрээний төслийг УИХ хэд хэдэн удаа хэлэлцлээ. Сүүлдээ УИХ, хөрөнгө оруулагч талын зуучлагч нь Засгийн газар болоод байгаа юм шиг ойлгогдож магадгүй болсон байна. Тиймээс захиа занаа болоод байх шиг. Түүнчлэн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцсэний хүчинд үр дүн гарч байна. Тухайлбал, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн уул уурхайн өндөр үнэтэй тоног төхөөрөмжийн НӨАТ, гаалийн татварыг бүрэн чөлөөлж, буцаан олгодог байсныг өөрчилж 50 орчим хувиар бууруулах хуулийг УИХ баталсан. Зөвхөн энэ төслөөс Монгол Улсад орох орлого доод тал нь 500 сая ам.доллараар нэмэгдэх байх. Мөн хөрөнгө оруулагч Монгол Улсад одоогоор хүчинтэй, мөрдөгдөж байгаа 68 хувийн татвараас бусад бүх татварыг төлөхөөр болж байх шиг байна. Ордыг ашиглахад шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум ам.доллараар буурч байгаа сурагтай. Энэ хэмжээгээр манай талын ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь энэ хөрөнгө оруулалт болон хайгуулын зардалд аудит хийлгэх хэрэгтэй. Гэхдээ хайгуулын зардлыг ордыг ашиглах хөрөнгө оруулалтын зардалд тооцдоггүй. Тиймээс л 66 хувийн эзэн болж байна гэсэн үг.

-Та "УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл" гэдэг үгээ дэлгэрүүлж тайлбарлана уу?

-Ухаантай нь алдаанаас суралцаж тэнэг нь алдаагаа давтдаг гэдэг. Тиймээс "Бороо гоулд", “Гашуун сухайт" болон бусад тогтвортой байдлын гэрээ байгуулсан стратегийн ордуудын гэрээнийхээ алдааг давтах учиргүй.

Тэгээд ч эдгээр гэрээ нь бараг эдийн засгийн тооцоо байхгүй, ямар хугацаанд ашиглах, ийм тийм татвараас чөлөөлнө гэсэн агуулгатай бичиг байсан. Эцэст нь ямар үр дүн гарсныг бид мэднэ. Тиймээс Оюутолгойн гэрээний төслийн эдийн засгийн тооцоо нь шийдвэр гаргагч, олон нийт ч зэрвэс хараад ойлгохоор ганц хоёр хуудсанд багтсан тооцоо байх ёстой. Жил бүр УИХ-ын төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-д эзлэх төсвийн орлого, зарлага, инфляцийн түвшин гээд 10 гаруй үзүүлэлттэй хуулийг баталдаг. Яг үүнтэй адилхан Оюутолгойн төслийн орлогын хураангуй тайлангийн төсөл байхад хангалттай. Энэ тайланд нийт ашигт малтмалын нөөц, агууламж, борлуулах ойролцоо үнэ, нийт борлуулалт, нийт зардал, нэгж бүтээгдэхүүний өртөг, татвар төлөхийн өмнөх ашиг, татвараар улсын төсөвт орох орлого, үлдэх ашиг, энэ ашгаас хөрөнгө оруулагч болон Монголын төр ямар хэмжээний ногдол ашиг авах зэрэг л тодорхой болсон байхад хангалттай.

Хөрөнгө оруулагчийн авах ногдол ашиг улмаар хөрөнгө оруулалтаа ямар хугацаанд нөхөж, дараа нь хэд нугалж авах нь тодорхой болсон байх ёстой. Энэ хамгийн чухал. үзүүлэлт. Уг нь энэ түвшний ордын тухайд зэсийн үнэ өсөхөөс өмнө бол 10 орчим жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж байсан гэсэн мэдээлэл бий. Тэгээд энэ орлогын тайлангаа гэрээний албан ёсны хавсралт болгоод, гэрээнд энэ тайлангийн дээрх гол хэдэн үзүүлэлт 15 ч юм уу, хувиас давж хэлбэлзсэн тохиолдолд заавал дүгнэж, холбогдох арга хэмжээ авч байхаар заалтыг оруулах нь зүйтэй. Ийм хавсралт, заалт байхгүй бол "Эрдэнэт"-ээс хангамж, импортоос тэрбумтан төрдөг гэдэг хэвээрээ байх болно. Өөрөөр хэлбэл, ийм хавсралт бүхий гэрээ хийснээр л иргэдийн хяналттай ил тод хариуцлагатай уул уурхай хөгжих боломж бүрдэнэ. Ийм товч тооцоо байхгүй тохиолдолд хэн ч гар өргөхөд хэцүү л байх. УИХ-ын аливаа шийдвэр хэрэгжүүлэгч олон нийтэд ойлгомжтой байх ёстой. УИХ хариуцлага хүлээнэ гэдэг бол боломжгүй зүйл.

-Таны 68 хувийн талаарх байр суурь?

-68 хувийн татвар Монголд үр дүнгээ өгсөн. Уг нь тэр үедээ бол гэнэтийн ашгийн татвар байсан. Гэхдээ энэ татвар гэнэтийн биш байнгын ашгийн татвар болох хандлага гарчихлаа. Учир нь хямралын үед ч нэг их зэсийн үнэ унасангүй. Хүн ам нь зэсийн хэрэглээ ихтэй орнууд хурдацтай хөгжих нь тодорхой. Тэгээд ч манай улс бага татвартай орон. Дэлхийн зах зээлийн зэсийн 40 орчим хувийг дангаараа нийлүүлдэг Чили улсын хамгийн том үйлдвэр нь 100 хувь төрийн өмчийнх. Тиймээс тухайн үед гэнэтийн ашгийн татвар тавих шаардлагагүй байсан. Өнөөдөр ч тн зэс үйлдвэрлэхэд, үсрээд хоёр мянган ам.долларын зардал гарч байна шүү дээ. Тэгэхээр борлуулах үнийг барагцаагаар таван мянган ам.доллар гэвэл 2.5 дахин, зургаан мянган ам.доллар гэвэл гурав дахин ашигтай байгаа биз. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 4600 ам.доллароос дээш тогтвортой байх тохиолдолд 68 хувийн хэлбэрийн татварыг гэнэтийн биш байнгын татвар гэж үзэх болно.

Гэхдээ энэ том ордыг дурын нэг компани хөрөнгө босгоод байгальд ээлтэй тэргүүний технологиор ашиглачихдаг эд биш байх. Тиймд хөрөнгө оруулагчдаа хүндэтгэлтэй хандах нь зүй ёсны хэрэг. Энэ татварын бас нэг чухал бодлого нь Монгол Улс ашигт малтмалын түүхий эд бэлтгэлийн орон байх ёстой юу, үгүй юу гэдэг асуулт. Гэхдээ энэ татварыг шаталсан нөөцийн татвар хэлбэрээр өөрчлөх боломж байгаа. Мөн босгыг ч нэмэгдүүлж болох л байх. Тэр тооцоо хувилбаруудыг Засгийн газар оруулж ирэх нь зүйтэй. Өнөөдөр баялаг багатай Солонгос, Япончууд оюунаараа амьдарч байна. Хүний хөгжлийн түлхүүр болсон технологийн хөгжилд суурилсан боловсруулах үйлдвэрийн хөгжил. Ийм хөгжлийг хэн ч яаж чадахгүй ээ. Хятад улс яг энэ замаар явж байна. 68 хувь ийм ач холбогдолтой татвар. Эцэст нь хэлэхэд, стратегийн ордуудын тухайд "Эрдэнийн хувь", "Эх орны хишиг" агуулсан бөгөөд Монгол Улсын эрх ашиг ямар ч ялгаагүйг хүн бүхэн ойлгох нь чухал.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.