Х.Тэмүүжин ХСИС-ийн тугийг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 229 дугаар тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын 149-р тушаалаар Цагдаагийн академи буюу Дотоодын цэргийн 804-р анги, Хилийн цэргийн дээд сургууль буюу Хилийн 0345-р ангиудыг нэгтгэн Дотоод хэргийн их сургуулийг байгуулж, 2012 оны Монгол Улсын Засгийн газрын 87 дугаар тогтоолоор Хууль сахиулахын их сургуулийг шинэчлэн байгуулснаар байлдааны хоёр тугтайгаар үйл ажиллагаа явуулж байсан.
2014 онд "Дотоодын цэргийн тухай” хууль хүчингүй болсонтой холбогдуулан Дотоодын цэргийн 804 дүгээр ангийн
"Байлдааны туг"-ийг Хууль сахиулахын их сургуулийн музейд шилжүүлэн хадгалуулжээ
Сайдын тушаалаар “Их сургуулийн туг”-тай болж, туг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр Хууль сахиулахын их сургууль дээр боллоо. Энэхүү арга хэмжээнд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын дарга Н.Амарзаяа, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингис болон Захирлын зөвлөлийн гишүүд, багш, албан хаагч, сонсогчид оролцов.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хууль сахиулахын их сургуулийн туг, үнэмлэхийг Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Р.Чингист хүлээлгэн өглөө.
Хууль сахиулахын их сургуулийн энэхүү туг нь тус сургуулийн баялаг түүх, дайчин уламжлал, үе үеийн төгсөгчид, багш, алба хаагч, сонсогчдын алдар гавьяаны илэрхийлэл, бахархан дээдлэх, эрхэмлэн хүндлэх үнэт зүйл билээ.