Төр хувийн хэвшилтэй өрсөлдөж биш хамтарч ажиллах нь л зүйтэй
Практикал даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваажавтай ярилцлаа.
Аливаа улс орны санхүүгийн зах зээлийн тулгуур гурван чулуу нь банк, даатгал, үнэт цаасны зах зээл байдаг. Энэ гурван салбар харилцан уялдаатай, бие биенээ дэмжиж, зөв хөгжих нь улс орны эдийн засгийн өсөлтөнд чухал ач холбогдолтой.
Даатгалын салбарын нийт хөрөнгө 120 тэрбум байгаа нь маш бага үзүүлэлт. Иймдээ ч нийтдээ 93 тэрбумын зах зээлийн 40%-нь гадагшаа явчихаад байна шүү дээ. Яагаад гэвэл томоохон даатгалуудыг хийх санхүүгийн чадамж манайд байхгүй байна. Энэ нь компаниудын буруу биш юм.
Манайд хөрөнгийн зах зээл өөрөө хөгжөөгүй. Түүнд оролцох, өөрийн хөрөнгөө чөлөөтэй эргүүлэх боломж даатгалын компаниудад байхгүй байна. Ийм байхад хэн даатгал руу хөрөнгө оруулах юм бэ? Нэг ёсондоо мөнгийг хадгаламжинд түгжчихээд байна шүү дээ. Иймд миний хувьд төр хөрөнгийн зах зээлийн хөгжилд илүү хүчтэй бодлого баримтлах хэрэгтэй гэж бодож байна. Түүний зэрэгцээ даатгалын салбарыг хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг эрх зүйн хувьд нээж өгөх хэрэгтэй. Тэгж байж хүмүүс даатгал руу хөрөнгө оруулах сонирхол ихсэнэ. Түүнийг дагаад Даатгалын компаниудын санхүүгийн чадавхи сайжрана. Гадагшаа гарч байгаа мөнгөний урсгал багасч, Монголдоо үлдээх боломжтой болно.
Даатгалын салбарын өсөлт сүүлийн жилүүдэд нилээд өндөр харагдаж байгаа боловч бодит хөгжил байна уу гэвэл эргэлзээтэй. Хамгийн гол нь салбарын зохицуулалтаа зөв болгох ёстой. Олон улсын жишиг рүү аль болох ойртсон, Монгол хөрсөнд буусан зохицуулалт хийх хэрэгтэй. Ялангуяа даатгалын хүртээмжид төр бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж боддог.
Даатгал өндөр хөгжсөн орнуудын зах зээлийнх нь бүтцийг харахад corporate business буюу аж ахуйн нэгж, байгууллагын даатгалаасаа илүү retail business буюу иргэд, хувь хүн рүү чиглэсэн эрүүл мэнд, эд хөрөнгийн даатгал нь маш хүчтэй хөгжсөн байдаг. Манай улс ерөнхийдөө энэ зам руу явж байгаа ч эхний ээлжинд иргэд даатгал гэдгийг ойлгох хэрэгтэй. Даатгалын хэдхэн компани чадах чинээгээрээ ажиллаж байгаа ч иргэн бүрт хүрч ойлгуулах боломжгүй учраас төр бодлогоороо, хууль эрх зүйн орчноороо анхаарах хэрэгтэй. Тухайлбал, иргэдийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх цаг нь болсон. Эхний ээлжинд төр, хувийн хэвшил хоёр хосолсон байдлаар зохицуулж болно. Иргэдийн төлсөн даатгалын мөнгөний тодорхой хэсэг төрийн сан руу, үлдсэн хэсэг өөрийнх нь сонгосон хувийн даатгалын компани руу шилжээд явна. Харин иргэд тусгай картын тусламжтайгаар хүссэн эмнэлэгтээ үзүүлээд явж болно. Мөн хувийн хэвшил оролцоод эхэлбэл урамшуулал, хөнгөлөлт гээд иргэдэд ашигтай олон зүйлийг бий болгох боломжтой.
Хариуцлагын даатгалуудыг шат дараалалтай, нэн яаралтай албан журмын болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол иргэд их хохирч байна шүү дээ. Ялангуяа барилгын салбар, эрүүл мэндийн салбар, эмчийн хариуцлагаас авахуулаад тулгамдсан асуудлууд их байна. Гол нь анхнаасаа салбарынхны үг, саналыг их анхаарч байгаасай гэж хүсч байна. Яагаад ингэж хэлэв гэвэл "Жолоочийн даатгал"-ыг албан журмын болгосноор иргэдэд болон улс нийгмийн хариуцлагын тогтолцоонд маш их ач холбогдолтой болсон нь илэрхий байна. Гэхдээ салбарынхны хүлээлтээс шал өөр, маш их зардал (дундын санд мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх, зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлөх, салбарын шаардлагыг хангах зэрэг) шаардсан зохицуулалт болсон. Одоо жолоочийн даатгал хийдэг ихэнх даатгалын компани алдагдалтай ажиллаж байгаа нь 2014 оны 1, 2-р улирлын статистикаас тодорхой харагдана. Энэ янзаараа 2, 3 жил явбал салбар тэр чигтээ ганхана. Иймд энэ хуулийн зохицуулалтыг яаралтай эргэн харах хэрэгтэй байна.
Сүүлд "Үндэсний даатгалын корпораци" байгуулах тухай нилээд яригдсан. Төрийн зүгээс аль болох ачаагаа хөнгөлж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж биш хамтарч ажиллах нь л зүйтэй болов уу. Боловсрол, эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийнхэн багагүй ачааг үүрэлцэж байгаа. Бид ч гэсэн тодорхой хэмжээний ачаануудаа үүрэлцээд иргэддээ үйлчлээд явах боломжтой.