2009.09.17

Л.Гантөмөр: Монголын ардчилал хангалттай урагшилсан

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ардчиллын талаар ийн ярилаа.

-Хүмүүс ардчиллыг нэг намын өмч мэтээр ойлгодог. Энэ бодлоосоо ангижирч чадахгүй байх шиг санагддаг?

-Ер нь ардчилал Монголд ирээд, суурьшиж, төлөвшөөд 20 жил болж байна. Энэ нь өөрөө урсаж ирсэн, урсгалаар ирсэн зүйл биш. Аль ч нийгэмд улс орныг эзэмших хүсэл бүхий тодорхой бүлэглэл байдаг. Энэ төлөөллийг ардчилсан засаглал гэдэг. Ард түмний хүсэн хүлээсэн хүмүүсээс бүрдсэн эрх баригчдыг сонгодог төлөвшил шүү дээ. Тэрийг эхлүүлсэн хүмүүсийг үгүйсгэх ямар ч арга байхгүй. Тухайн үеийн удирдагч нар хатуу байр суурин дээр зогсож байсан байх аа гэж боддог. Үзэл бодлоо өөрчлөөд, үнэхээр ард түмнээ сонсдог болъё, сонгуулиар засгийн газраа байгуулдаг болъё гэсэн тэр хандлага руу аваачсан хүмүүсийг бид хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Тэр хүмүүсийн байгуулсан нам нь Ардчилсан нам. Тэр утгаараа ардчилсан намын тодорхой гишүүд бид энэ ардчиллыг байгуулсан, авчирсан гэж ярьдаг болов уу. Гэхдээ бусад улс төрийн хүчнүүдийг ардчиллын эсрэг шүү гэж хэлээгүй байх гэж бодож байна. Хэлэх ч ёсгүй. Ер нь монголчууд бидний эрх байдаг. Монголын ардчиллын зарчмыг цаашид хадгалахын төлөө, ялангуяа залуучууд хичээж ажиллах байх аа.

-Ардчиллын өнөөдрийн түвшний талаар ямар бодолтой явна вэ?

-Хүний насаар бодвол 20 жил богинохон хугацаа. Хүн төрөлхтөний явж ирсэн замналыг харахад 20 жилд асар бага хугацаа шүү дээ. Энэ хугацаанд олсон ололт асар их байгаа. Мэдээж хийж чадахгүй, алдсан алдаа маш их байгаа. Гэхдээ хангалттай урагшаа явж чадсан гэж би хувьдаа бодож байгаа. Ялангуяа хамгийн сүүлд болсон Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар хуучин ерөнхийлөгч ялагдчихаад, тамгаа ёслол төгөлдөр шинэ Ерөнхийлөгчдөө гардуулан өгснийг үнэхээр ард түмэн өөрөө төрөө сонгодог, байгуулж чаддаг болжээ гэж би хувьдаа харж байсан. Бид өнөөдөр парламентаа байгуулж, Ерөнхийлөгчөө сонгож сурсан. Энэ бүхнийг бусад оронд чадахгүй байна шүү дээ. Жишээ нь, манай ойрын хөршүүд хүртэл үүнийг хийж чадахгүй байгаа. Тиймээс бид энэ чаддаг болсон зүйлээ унагаж биш, баяжуулах тухай бодох ёстой. Миний хувьд, өнөөдрийн хүрсэн түвшин асар үнэ цэнтэй байсан. Үүнийг цааш нь бэхжүүлэх, болохгүйг нь арилгаж, болж буйг нь урагшаа авч явахын төлөө ажиллах нь зүйтэй гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.