“Иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай ИТХ-ыг төлөвшүүлэх арга зам” сэдэвт сургалт боллоо
УИХ-ын гишүүн Я.Содбаатарын санаачлага, дэмжлэгтэйгээр Монголын Нутгийн Удирдлагын Холбоотой хамтран “Иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөвшүүлэх арга зам” сэдэвт хөтөлбөрт сургалтыг 5 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд УБ хотод Нутгийн Удирдлагын Холбоон дээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Иргэдийн Хурлын төлөөлөгчид, Иргэдийн Хурлын нарийн бичгийн дарга, багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга нарт зохион байгууллаа.
Хөтөлбөрт сургалтыг Монголын Нутгийн Удирдлагын Холбоо, УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хороо, Удирдлагын Академи, Сангийн яамны сургагч багш нар удирдан явуулж, “Ардчилал иргэний нийгэмд Нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх үүрэг”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох арга зам”, “Нутгийн удирдлага-иргэний оролцоо”, “ИТХ-ын Төлөөлөгч хэрхэн ажиллах вэ?”, “Нутгийн удирдлага-орон нутгийн өмч”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын менежмент”, “Орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэл”, “Нутгийн өөрөө удирдах байгууллага-ил тод байдлыг хангаж ажиллах нь” зэрэг багц сэдвүүдээр хоёр өдрийн турш сургалт явагдаж байна.
Нэн түрүүн сургалтанд хамрагдаж буй төлөөлөгчид хөтөлбөрт сургалтанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, чадавхжуулах сургалтыг санаачилж, дэмжсэн УИХ-ын гишүүн Я.Содбаатарт талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Мөн хөтөлбөрт сургалтын үеэр Төлөөлөгчдийг Төрийн ордонтой танилцуулж, төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар, Нийгмийн хамгааллын дэд сайд асан С.Чинзориг нартай хамт дурсгалын зураг татуулах арга хэмжээ боллоо.
Мөн хөтөлбөрт сургалтын төгсгөлд МНУХ-ноос сургалтанд хамрагдсан төлөөлөгчдөд сертификат олгох юм.
Сургалтын хаалтын арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар сумын ИХ-ын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцан улс орны нийгэм, эдийн засгийн байдлын тухай мэдээлэл хийж, УИХ-ын үйл ажиллагааны талаар танилцуулга хийх юм.
Есөнзүйл сумын Иргэдийн хурлын төлөөлөгчид хөтөлбөрт сургалтын төгсгөлд Мөрөөдлийн театрын тоглолтыг үзэж сонирхсоноор 2 өдрийн сургалтын үйл ажиллагаа өндөрлөх юм.