Мэндчилгээ
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2014.05.08

Мэндчилгээ

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүссэний ойн баярын өдөрт 

МЭНДЧИЛГЭЭ

Эх орны минь ирээдүй болсон Хүүхэд багачууд, тэдний төлөө оюун ухаан, сэтгэл зүрх нь цохилж байдаг хүүхдийн байгууллагын ажилтан, ахмад үеийнхэн, эрдэмтэн судлаач, зорилго нэгт төр, төрийн бус, олон улсын байгууллагын анд нартаа Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 89 жилийн ойн мэндийг хүргэе!

Өнгөрсөн болон энэ зууны хөгжил, дэвшлийн түүхийг бүтээгчдийг бэлтгэсэн бахархам замналтай Хүүхдийн байгууллага Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан билээ.

Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэж, 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиа баталснаар хүүхдийн эрхийн хууль зүйн үндсийг тавьсан бөгөөд үүнийг улам төгөлдөржүүлж батжуулах нь бидний зорилго юм.

Техник технологи, мэдээ мэдээллийн үсрэнгүй хөгжлийн нөлөөгөөр дэлхийн даяаршил хурдасч, хүүхдийн хөгжил, сонирхол, хэрэгцээ өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Тэр дундаа хүн амын 37 хувийг 19 хүртэлх насныхан эзэлж Монгол Улс хүүхэд, өсвөр үеийнхний орон болж байгаа өнөө үед тэдний талаар баримтлах бодлого, үйл ажиллагааны хэлбэрийг өөрчлөх нийгмийн бодит хэрэгцээ урган гарсаар байна. Иймд Шинэчлэлийн засгийн газар хүүхдийн асуудлыг салангид бус гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогод тулгуурлан цогцоор нь авч үзэж байна. Тодруулбал эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлага, оролцоог сайжруулах, хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжлийн асуудлыг гэр бүлийн соёл боловсролын хүрээнд шийдэх явдал юм.

Энэхүү шинэчлэлийг хэрэгжүүлэх нь хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтан та бидний хүүхдийн өмнө хүлээсэн ариун үүрэг билээ.

Хүүхдийн төлөөх гэгээн үйлс од мэт түгж                                     

Хүүхдийн ариун сэтгэл наран мэт ивээх болтугай!

Монголын үрс маш олон болох болтугай!

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ                                     ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗРЫН ДАРГА         И.НАРАНТУЯА