С.Бямбацогт: Бүлэг байгуулах асуудлаар хуулийн төсөл өргөн барна
2012.08.10

С.Бямбацогт: Бүлэг байгуулах асуудлаар хуулийн төсөл өргөн барна

УИХ-ын гишүүн С. Бямбацогтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН-ын гишүүд чуулганд оролцохыг харахад АН-тай зөвшилцөж чадсан бололтой. Гэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийг АН-ын гишүүд хүлээж авсангүй шүү дээ?
-Ерөнхийдөө зөвшилцөх процесс тодорхой хэмжээнд явагдсан. Үндсэндээ манай намын зүгээс тавьсан шаардлагуудад тодорхой хэмжээгээр үр дүн гарлаа. Зөвшилцөж, ойлголцон хоёр талаасаа буулт хийе, асуудлаа шийдье гэсэн гарц яригдсан. Тийм ч учраас МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон. Чуулганы үеэр УИХ дахь манай намын бүлгийн асуудалтай холбогдуулаад ярьж байна. УИХ-ын даргаар томилогдсон З.Энхболд «Ойрын үед хууль эрх зүйн орчныг зохицуулах замаар, бүлгийн асуудлыг чинь шийдье. Энэ хуулийн төслөө хурдан өргөн барь» гэдэг асуудлыг чуулганы хуралдаан дээр хэллээ. Үүний дагуу МАН-аас бүлэг байгуулах асуудлаар эрх зүйн орчныг зохицуулж, хуулийн төсөл өргөн барина гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд «УИХ-д сонгогдсон намууд сонгуулийн үр дүнгээр бий болсон суудлын тоогоор бүлэгтэй байна» гэж заасан. Энэ заалтын дагуу МАН-д бүлэг байгуулах эрх нээлттэй. Ганцхан УИХ-ын дарга бүлгийг 24 цагийн дотор нийтэд зарлаж, мэдээлэх үүрэгтэй. Үүнтэй холбоотой асуудлыг зохицуулж, ойрын үед буюу анхдугаар чуулганаар асуудлыг шийдье гэсэн бодолтой байна.
-МАН-ын зүгээс УИХ-ын даргыг сонгохдоо хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цаашид ямар бодолтой байгаа вэ, бүлгээ л байгуулчихвал бусад асуудал хамаагүй хэрэг үү?
-Мэдээж МАН-ын гол тавьж байсан шаардлага бол УИХ-ын даргын асуудал. Чуулганы үеэр ч гэсэн энэ асуудлыг тавилаа. УИХ-ын даргыг томилохдоо тодорхой хэмжээнд хууль зүйн шаардлагыг зөрчсөн гэдэг үндэслэлээр МАН асуудлыг тавьсан.Эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргана. Цэцийн шийдвэр УИХ-ын даргыг хууль зөрчиж томилогдсон байна гэж үзвэл дахин томилох процесс явагдана. Хэрэв хууль зөрчөөгүй байна гэж үзэх юм бол УИХ энэ чигээрээ үйл ажиллагаагаа явуулах бололцоотой. Тийм болохоор бид цэцийн шийдвэрийг харна. Цэц тодорхой шийдвэр гаргах байх гэж бодож байна.
-Гэхдээ цэцээс хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гарвал яах вэ. Тэр цаг хугацааг хүртэл одоогийн УИХ-ын даргын гаргасан шийдвэрүүд яах болж байна?
-Мэдээж Цэц тийм шийдвэр гаргавал өнгөрсөн хугацаанд гарсан шийдвэрүүдийг эргэж харах ёстой л болно. Хууль бус гэж үзэх болов уу гэж бодож байна. УИХ-ын даргыг томилохдоо хамгийн ахмад настай гишүүн даргална гэсэн байдаг. Гэтэл хоёр дахь ахмад настан даргалаад УИХ-ын даргаа томилчихсон. УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөнө гэсэн заалт байгаа. Зөвшилцөнө гэдэг нь бичгээр саналаа тавиад, бичгээр хариугаа авна гэсэн үг. Гэтэл МАН-тай энэ процесс явагдаагүй. Эдгээр асуудлыг л хөндсөн. Үүнд цэцийн шийдвэрийг харж байна. Тиймээс эргэж харна. Үүнийгээ ч ойлголцсон. Тиймээс чуулганд оролцож байгаа. Бид төр, засгийн ажлыг гацаагаагүй.
-МАН гацаалаа гэж яриад байсан шүү дээ?
-МАН ажил гацаагаагүй. Төрийн ажлыг эхнээс нь хууль дээдэлж, зөрчихгүй ажиллана гэсэн зарчмыг баримталж байгаа. Үндсэн хуулинд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хуулиа дээдлэх. Хууль тогтоох байгууллага өөрөө хууль зөрчихгүй л байх ёстой. Хууль тогтоох байгууллагынхан өөрсдөө хуулиа зөрчөөд эхэлбэл биелүүлдэг, дагаж мөрддөг иргэн, байгууллага байхгүй болно. Тиймээс хуулиа дээдлэх зарчим баримталж байна.
-АН, МАН-ын гишүүдийн байр суурийг харж байхад хэн хэнийгээ л хууль зөрчсөн гээд байгаа шүү дээ. Хориглосон, бас зөвшөөрсөн заалтгүй болохоор л улстөрийн тоглолт хийгээд байгаа мэт харагдаж байна?
-Маш тодорхой болгохын тулд хуулийг заалтаар нь хэлье. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11.2-т «Шинээр сонгогдсон УИХ-ын ги-шүүдийн тангараг өргөх ёслол үйлдэж дуустал Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-ын насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хурал-дааныг зохион байгуулж даргална» гэсэн байдаг. Мөн Үндсэн хуулийн 1.2-т «Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн» гэж бий. 70 дугаар зүйлд «Үндсэн хуульд хууль, зарлиг, тө-рийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зо-хино» гээд цагаан дээр хараар бичсэн байгаа.

Ард түмэн ч гэсэн мэдэх ёстой. Хуулиас харахад хэн нь худлаа, хэн нь үнэн ярьж байгаа нь тодорхой мэдэгдэнэ, ойлгогдоно. Хуулийг хүн бүрт бичигдсэнээр нь тайлбарлаж, иргэд ч нэг мөр ойлгох хэрэгтэй.
-Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж байх үеэр өнгөрсөн хугацаанд хамтарч засаг барьж байсан АН, МАН хоёр бие биенийхээ алдааг хэлэлцэж байсан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-1990 оноос хойш 22 жилийн хугацаанд нэг Бага хурал, зургаан Их Хурлын хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, долоон удаа Засгийн газар байгуулагдсан. Тэгэхэд МАН хоёр удаа дангаараа Засгийн газрыг байгуулж ажилласан. АН нэг удаа дангаар Засгийн эрх барьж байсан. Бусад тохиолдолд байнга хамтарч ирсэн. Тиймээс өнгөрсөн 22 жилийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдрал яах аргагүй өнөөгийн эрх барьж буй улстөрийн хүчнүүдтэй холбоотой. Биенийхээ дээр гарах гэж хэн нэгнийгээ буруутгах байдлаар амжилт олохгүй. Тиймээс цааш цаашдаа гэж байгаа АН болонэвсэжбайгаа эвсэл үүндээ анхаарч, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралыг цаашид хэрхэн сайжруулах вэ, ард түмний эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ зэрэгт анхаарч ажиллах ёстой.Өөрөөр хэлбэл, өнгөрсөн үеэ хараар будах гэж бус ирээдүйгээ бодож, урагшаа харж ажиллах хэрэгтэй. Харин бидний зүгээс зөөлөндөө зөөлөн, хурцдаа хурц байна. Мэдээж дэмжих зүйлээ дэмжиж, алдаа дутагдал байвал шүүмшилнэ.
-Чуулганы үеэр зарим гишүүн МАН дангаараа засгийн эрхэнд байхдаа Монгол Улсыг өрөнд оруулчихсан мэтээр ярьж байсан. Үнэхээр төсвийн байдал хүнд байгаа юм уу?
-Монгол Улсын Хөгжлийн банканд 500 сая доллар бий. Энэ мөнгө хуулиараа улсын ирээдүй, хөгжил, дэвшил, дэд бүтцийн асуудалд зарцуулагдах ёстой. Засгийн газар ажлаа хийхэд хамгийн том, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх мөнгө нь бэлэн байгаа.Монгол Улсын мал сүрэг 50 сая боллоо. Түүхэнд байгаагүй их хэмжээний ургацыг энэ жил хурааж авах төлөвлөгөөтэй байна. Эдийн засгийн өсөлт 17 хувьтай, энэ оны хүлээгдэж буй ажил 20 орчим хувьтай гарах тооцоо хийгдсэн. Өөрөөр хэлбэл, маш их боломжтой, эдийн засгийн өсөлттэй Засгийн газрыг АН болон хамтарч буй улстөрийн намууд нь хүлээж авах гэж байна. Тиймээс болохгүй, бүтэхгүй гэхийн оронд болж, бүтэж байгааг унагаачихгүйгээр цааш нь үргэлжлүүлээд, улам өсгөөд улсаа хөгжүүлэхийн төлөө л ажиллах ёстой.

Нийтлэлч
Ж.Нарангэрэл
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.